Олон улсын нислэгийг дамжин өнгөрүүлсний орлогоос Монгол Улс 165 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

Ирэх онд нийт татварын бус орлогыг өнгөрсөн оноос 51 тэрбум төгрөгөөр буюу хувиар нэмэгдүүлэн улсын төсөвт тооцжээ. Ингэснээр 2020 онд татварын бус орлогоос 1.1 их наяд төгрөг төвлөрүүлэх юм. Тус  орлогын дийлэнхийг газрын тосны болон навигацийн орлого бүрдүүлдэг.

Ирэх онд Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орж, орон нутаг болон олон улсын нислэгийн тоо хэмжээг нэмэгдүүлснээр Монгол Улсын агаарын зайд үйлдэгдэх нислэгийн тоо 136 мянгад хүрнэ гэж тооцоолжээ. Ингэснээр өнгөрөлт, буулт хөөрөлтөд үзүүлэх навигацийн орлогоор төсөвт 165 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Өөрөөр хэлбэл, нислэгийн аюулгүй байдлыг хангаж агаарын зайг ашиглан олон улсын нислэгийг дамжин өнгөрүүлсний үйлчилгээний орлогоос дээрх мөнгийг олох юм байна.

Тэгвэл газрын тосны орлогын тухайд Монгол Улсын Засгийн газраас нийт 25 талбайд 21 гэрээлэгч аж ахуйн нэгжтэй бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан, газрын тосны хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа. Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдээс “Петрочайна дачин тамсаг” ХХК “Тосон-Уул 19”, “Тамсаг 21” талбайд, “Доншен газрын тос” ХХК, “Зүүнбаян 97” талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа юм.  Газрын тосны нийт экспортын 95 гаруй хувийг “Петрочайна дачин тамсаг” ХХК, 5 орчим хувийг “Доншен газрын тос” ХХК хийж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)