З.Энхболд: Э.Оюунболд допинг хэрэглэсэн нь тогтоогдсон гэсэн бичиг ирээгүй

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2020 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсөвт хэсэгчлэн, Ирээдүй өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан билээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсөвт тавьсан хоригийг хүлээж авахыг дэмжсэн юм. Харин 2020 оны улсын төсөв болон Ирээдүй өв сантай холбоотой хуульд тавьсан хоригийг хүлээж авахыг дэмжсэнгүй.

Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Байнгын хорооны хуралдаанаар нийт дөрвөн асуудлаар санал хураах байсан. Харин Нийгмийн даатгалын шимтгэлийг орлого, зарлагаар нь хувааж таван санал хураалт явуулсан. Байнгын хороо Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагыг хасахтай санал нэгдсэн. Ингэснээр Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн хуульд орлого, зарлагаас 172.2 тэрбум төгрөгийг хасч, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих байсан хоёр хувийн шимтгэлийг болиулж байгаа юм. Харин бусад асуудлаар тавьсан хоригийг хүлээж авсангүй. 2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын арга хэмжээнд яагаад хориг тавьсныг хэлье. Төсөвт 2020 оноос эхлээд 2021, 2022 онд дамжин хэрэгжих нэг их наяд 424 тэрбум 277.3 сая төгрөгийн өртөгтэй 386 төсөл арга хэмжээ байсан. 2020  оны сүүлийн хагас, 2021, 2022 оны төсвийг энэ УИХ зарцуулчихаад явах гэж байгааг буруу гэж үзсэн. Харин Байнгын хорооны хурлаар зөв гэж үзэж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байхаар шийдвэрлэлээ. Ирээдүй өв санг төрөөс ангид, тэр дундаа Сангийн яамнаас тусдаа байхаар хуульчилсан байдаг. Гэвч корпорац байгуулахгүйгээр Сангийн яаманд өгч байгаа нь энэ хууль байхгүйтэй адил зүйл болно. Сангийн яам энэ мөнгийг төсөвтэй холихгүй байх нь чухал. Мөн төсөл арга хэмжээнд хоёр театрын ажил байна. Драмын театрын барилгыг шинэчлэх ажилд 52 тэрбум, ирэх жил хоёр тэрбум, Дуурь бүжгийн эрдмийн театрын барилгыг шинэчлэхэд 54 тэрбум төгрөг төлөвлөснөөс ирэх онд хоёр тэрбум төгрөг тавьсан. Бодвол зураг зурах юм байх.  Драмын театр, ДБЭТ-ыг Байгалын түүхийн музей шиг нураалгахгүйн үүднээс хориг тавьсан юм. Шинээр бүрдэх УИХ олон жил хэрэгжүүлэх ажлуудаа үргэлжлүүлсэн нь дээр” гэв.

Түүнээс Э.Оюунболд аваргын допингийн асуудалтай холбогдуулан цолыг нь хураах эсэхийг тодруулахад “Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон гэдэг албан бичиг ирээгүй. Э.Оюунболд өөрөө АТГ-т гомдол гаргаж, шээс шинжилдэг хүмүүсийг нь шалгаж байгаа юм биш үү. Шүүхээр явж байгаа учраас бид шийдвэрлэж болохгүй байна” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Huuli bus yum hiideg humuusiig olj shiitgeh heregtei luivarchin zi guai

    0 0 Хариу бичих
  2. Хариуцлагатай эх оронч Энхболд даргадаа амжилт хүсье

    0 0 Хариу бичих