Монгол Улс хил дамнасан хоёр өвөө ЮНЕСКО-д бүртгүүлжээ

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нин Бин хотод “Тогтвортой хөгжилд чиглэсэн Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хадгалж хамгаалахад Үндэсний комиссуудын үүрэг оролцоо” сэдэвт олон улсын семинар болжээ. Тус хурлыг Вьетнамын ЮНЕСКО-ийн Үндэсний комиссоос Ханой дахь ЮНЕСКО-ийн төлөөлөгчийн газар, Нин Бин дүүргийн захиргаатай хамтран зохион байгуулж Дэлхийн өвийн конвенцыг хэрэгжүүлэхэд хамтран ажилладаг 50 гаруй төлөөлөгчдийг оролцуулсан байна.

Семинарын хүрээнд Вьетнамын үндэсний комиссоос ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгүүлсэн 8 газар нутаг, үүнд байгалийн ангиллаар 2, соёлын ангиллаар 5, хосолмол ангиллаар 1 өвийг бүртгүүлсэн бөгөөд тэдгээрийн хадгалалт хамгаалалтыг удирдан чиглүүлж буй байгууллага, олон нийт, хувийн хэвшлийн танилцуулгуудыг сонсохоос гадна Солонгосын үндэсний комисс болон Монголын үндэсний комиссуудын өвийн талаар авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай танилцжээ.

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга “Өвийн талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх замаар байгалийн болон соёлын өвийг хамгаалахад оруулж буй Монголын үндэсний комиссын хувь нэмэр” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна. Монгол Улсын хувьд хил дамнасан хоёр өвийг бүртгүүлж, түүний хадгалалт хамгаалалтыг хэрхэн хийж байгаа талаар асууж энэ талаар дэлгэрэнгүй судлах сонирхлоо семинарт оролцогчдын зүгээс илэрхийлэв. Учир нь улс дамнасан болон хил дамнасан өвийн хадгалалт хамгаалалтын асуудал ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн конвенцын хэрэгжилтэд чухал байр суурь эзэлдэг бөгөөд улс орнуудын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, харилцан туршлага судалж хамтран ажиллахад онцгой үүрэгтэй юм.

Монгол Улсын хувьд байгалийн болон соёлын ангиллаар Дэлхийн өвийн жагсаалтад өвөө бүртгүүлсэн бөгөөд холимог ангиллаар одоохондоо өв бүртгүүлээгүй байгаа тул холимог ангиллаар бүртгүүлсэн тохиолдолд хэрхэн менежментийг нь зохион байгуулж хамтран ажилладаг болохыг судлах хэрэгтэй байгаа ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)