Денис Беринчик: Кабацкийн дайчин гэдэг чинь би шүү дээ

“Лондон 2012”-т энэ нөхөр хэд хэдэн удаа танхимд байсан үзэгчдийн цөсийг хөөргөөд авсан. Үзэгчид түүний зэрлэгээр зодолдохыг харахаас гадна тулаан дуусгаад хийдэг өвөрмөц бүжгийг үзэхээр ирдэг гэхэд хилсдэхгүй. Тэр ч байтугай шигшээ тоглолтод ялагдсан нь ч түүний сэтгэлийг гонсойлгож чадаагүй гээд бод. Тэрбээр Кубын Иглесиас Сотолонгод ялагдчихаад бүжиглэж үзэгчдийг гайхашруулсан билээ. Монголчууд бол түүнийг мөнгөн медалийн төлөө тоглолтод У.Мөнх-Эрдэнэ гавьяатыг хожсоноор нь илүү сайн мэддэг. Эдүгээ мэргэжлийн боксичн болсон түүний Лондоны олимпийн дараахан өгсөн нэгэн ярилцлагыг хүргэж байна. 

-Денис, та олимп, дэлхийн аваргын финалд тоглож үзлээ. Их үйл бүтээлээ гэсэн мэдрэмж төрж байх юм уу?

-Бага зэрэг л. Гэртээ, төрөл төрөгсөдтөйгөө байхад өнгөрсөн бүхэн эргэж санагддаг л юм. Нуулгүй хэлэхэд, би мөнгөн медальдаа сэтгэл хангалуун байгаа. Бүх зүйл бүрхны хүслээр болдог гэж ярьдаг шүү дээ.

-Шигшээ тоглолт нэг хоног ч болтугай хойшоо товлогдсон бол гэж ч бодогдохгүй байна гэж үү?

-Харамсалтай нь би хагас шигшээ тоглолтын дараа сэргэж амжсангүй. Баруун гарын хоёр толгойт булчингийн гэмтэлтэй, маш их ядарсан хүн олимпийн аваргын төлөө тулалдахаар дэвжээнд гарсан. Гэхдээ үүргээ гүйцэтгэсээн. Заримдаа мөнгөн медаль алтаас ч үнэтэй байдаг юм.

-Та нэг удаа сэргэлт авах хамгийн сайн арга бол унтах гэж хэлсэн байсан. Монголын Уранчимэгтэй тоглосны дараа хангалттай нойр авч чадсан уу?

-Чадсан. Хагас шигшээ тоглолт болдог өдөр бид олимпийн тосгонд шөнийн 02.00 цаг болж байхад ирсэн. Саша Гвоздикийн тоглолтын дараа манайхан эсэргүүцэл бичиж, хариу хүлээгээд тэгж оройтсон хэрэг. Үургаан цаг унтаад өглөө 08.00 болж байхад сэрсэн. Өдрийн хоол болтол бас хоёр цаг орчим амарсан. Тэгээд автобусанд суугаад Эксел Аренад очин очтолоо унтсан гэж байгаа.

-Сотолонго эхний тойрогт дэлхийн аварга дос Сантостой тоглохыг та “амьдаар” нь үзэж харагдсан. Яг шигшээ тоглолтод арга барил нь өөрчлөгдсөн байна уу?

-Сотолонго мэтийн өндөр зэрэглэлийн тамирчид өрсөлдөгч болгонтойгоо өөр, өөр арга барилаар тоглож чадна. Тэгэхээр надтай тоглохын өмнө тоглолтоо зохицуулсан л байж таарна.

-Дэлхийн аварга Сотолонго олимпийн чансаанд байгаагүй гэхээр сонин юм аа тийм ээ?

-Энэ тухайд бол надад баярлалаа гэж хэлэх хэрэгтэй болох нь дээ. Ноднингийн ДАШТ-ий эхний тойрогт би түүнийг ялсан юм. Сая олимпийн наадамд түүний гарыг өргөсний дараа би “Ялалтын харьцаа 1:1 болллоо шүү” гэж хэлсэн. Дэлхийн аваргын ялагдлыг нь сануулсан хэрэг.

-ДАШТ-ий үеэр тэр танд амархан ялагдсан уу?

-Тийм ээ. Бидний тулаан түүний хувьд анхны тоглолт нь байсан бол миний хоёр дахь тоглолт байсан. Тийм ч учраас олигтой эсэргүүцэл үзүүлж чадаагүй. Шүүгч 19:19-өөр тэнцүүлээд “бохир цохилт”-ын тоогоор надад ялалт өгсөн.

-Эхний үеийн төгсгөлд тэр таны ар дагз руу цохиж унагасан...?

-Эхлээд би тийм ч хүчтэй цохилт биш байна гэж бодсон. Гэхдээ унаад босч ирснийхээ дараа Сотолонго зүгээр ч нэг цохиогүйг ойлгосон л доо. Онцгүй байсан. Надад энэ цохилт таалагдаагүй.

-Түүнийг бохир тоглолттой гэж дүгнэж болох уу?

-Үгүй ээ. Хангалттай цэвэрхэн тоглолттой. Нэг удаа доогуур цохисон, гэхдээ зүгээр.

-Олимпийн шинэ аварга өндөр нуруутай, солгой өрөлттэй. Танд ийм хүмүүс эвгүй байдаг уу?

-Яалаа гэж дээ. Зохицоод л тоглоно шүү дээ. Бэлтгэл дээр би солгой өрөлттэй бас нэг агуу боксчин Васил Ломаченкотой байнга тулж ажилладаг. Тэр бас надаас яльгүй өндөр шүү дээ. Төгс хамтрагч гэж хэлж болно.

-Үзэгчдийг хамгийн их хөгжөөсөн гэдэг шагнал өгдөг бол танд очих байсан байх?

-Энэ албан ёсны биш шагналыг би өнгөрсөн жилийн ДАШТ-ий үеэр олж авсан гэж бодож байна.

-Хэрвээ хүнтэй дахиж зодолдохоор болбол өөр арга барилаар үзнэ биз?

-Үнэнийг хэлэхэд, би Лондонд түүнтэй зодолдоогүй шүү дээ. Гар маань маш их өвдөж байсан ураас. Шагнал гардуулах ёслолын үеэр гараа арай гэж л өргөж байсан.

-Таныг Украины Артуро Гатти гэж нэрлэдэг болсон байна лээ, мэдсэн үү?

-Боксынхон надад аль хэдийнэ нэр хоч өгөөд эхэлчихсэн шүү дээ. Украины танк, Кабацкийн дайчингээд л. Бас Артуро Гатти. Надад энэ бүхэн таалагддаг. “Кабацкийн дайчин” гэдэг чинь би шүү дээ.

-Финалын дараа найз бүсгүй Екатеринатайгаа утсаар ярьсан гэсэн. Тэр юу гэсэн бэ?

-Тайвшруулсан. Харж байна уу би уйлахгүй байгааг. Бүх зүйл сайхан болно гэсэн.

-Танд манай сониноор дамжуулан Катягаасаа гэрлэх зөвшөөрөл хүсэх боломж олгож байна.

-Тэгвэл яриа нэг иймэрхүү болно. “Екатерина чи зөвшөөрч байна уу”, “Мэдээж, тийм”. “Өө гайхалтай. Баярлалаа”. /Инээв/


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. У.Мөнхэрдэнэ минь Монгол орныхоо нэрийг олон жил авч явсан даа ард түмэн мэднэ

    0 0 Хариу бичих
  2. Лондонгийн олимпод мөнгөн медалийн төлөө манай Борхүү чинь энэ нөхрөөс эхний 2 раундад оноогоор илүү явсан ш даа. Гэтэл, 3 дахь раунд дээр энэ нөхөр ёстой машиндаж өгсөн дөө. Тэгээд манай хүн эхний 2 раундад цуглуулсан бүх оноогоо алдаад дээр нь нэмээд нэг хоёр ч оноо алдлуу даа, ингээд хожигдсон юм. Энэ Бэринчук үнэхээр мундаг л юм билээ. Гэхдээ, манай Уранчимэг бол 3 дахь раунд дээр аргалаад эвтэйхэн тоглож болох л байсан байх. Миний бодлоор дасгалжуулагч байдлыг хажуугаас нь ажаад сайн хэлж өгөх ёстой байсан болов уу.

    1 0 Хариу бичих