Овоот ордоос жилд дунджаар дөрвөн сая тонн нүүрс олборлон, баяжуулна

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр майнинг лимитэд” компани Монгол Улсын хойд хэсэгт байрлах Овоотын ордыг эзэмшдэг. Одоогоор төсөл эхний шатандаа яваа бөгөөд төмөр зам болон авто замууд, нүүрс, угаах баяжуулах үйлдвэр, гүүр гэх мэтийг бүтээн байгуулахаар төлөвлөж буй. Энэ дагуу төслийн эхний хөрөнгө оруулалт 694 тэрбум төгрөг байх талаар тус компаниас мэдээллээ. Ингэснээр мөн эхний ээлжинд жилд дунджаар дөрвөн сая тонн нүүрс олборлон баяжуулах хүчин чадлыг суурилуулах гэнэ.

Овоот ордын төсөл хэрэгжсэнээр эхний 10 жилд 2.3 их наяд төгрөгийг татвар хураамж, төлбөр хэлбэрээр  Монгол Улсад  төвлөрүүлэх урьдчилсан тооцоо гаргажээ.

Төслийн талаар өнгөрсөн онд “Coal Mongolia” чуулганы үеэр танилцуулахдаа тус ордоос жилд 10 сая тонн угаасан коксжих нүүрсийг боловсруулах хүчин чадалтай. Жорк  стандартаар 247 сая тонн нөөцтэй гэж тогтоосон. Тэд уурхайгаас олборлосон нүүрсээ төмөр замаар Эрдэнэт рүү тээвэрлэхээр зорьж байгаа. Овоот төслийн гол хэрэглэгч нь Орос, Зүүн хойд Азийн бүсийн нутгууд байна хэмээн тэд тооцоолсон тухай хэлж байв. Түүнчлэн энэхүү төсөл монголын хойд бүсэд нүүрсний салбарыг хөгжүүлэх ач холбогдолтой. Коксжих нүүрсийг шууд экспортлохоос гадна технологийн дэвшилттэй хослуулан чанарыг сайжруулахаар төлөвлөсөн. Монгол Улсын экспортын 20-30 хувийг энэ төслөөс бүрдүүлэх боломжтой байгааг ч “Аспайр майнинг лимитэд" компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Дэвид Полл онцолж байсан юм. Тэрбээр, “Монголд тээврийн нөхцөл сайжирвал нүүрсийг экспортод гаргах боломж бий. Тээвэрлэлтийг авто зам болон төмөр замаар хийх боломжтой. Мэдээж хэрэг төмөр замын тээвэр үнийн хувьд өрсөлдөх чадвартай. Тиймээс Монголын хойд бүсэд төмөр зам барих, төмөр замын коридор үүсгэх ажилд хамтрагч болохоор сонирхож байгаа компаниуд бий. Хар далай хүртэл төмөр замаар тээвэрлэх боломжтой гэж харж байгаа. Манай компани одоогийн байдлаар 60 сая ам.долларын хөрөнгө татсан. Цаашид хөрөнгийн хэмжээ нэмэгдэх болно. Учир нь бид том түншүүдтэй, бас манайхыг сонирхож байгаа олон хөрөнгө оруулагч бий” хэмээсэн юм.

Дашрамд дурдахад, “Aspire Mining” компанийн хувьцааны 51 хувийг Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг эзэмшдэг болсон. Энэ шийдвэр өнгөрсөн долоон хоногт эцэслэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, 51 хувийн хувьцааг худалдан авах 3,3.5 сая ам.долларын санхүүжилт тэр үед шийдвэрлэгдсэн гэсэн үг.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ovoot erdenetiin tumur zam barigdval mongoliin tumur zam ondor hogjih ehlel bolno

    0 0 Хариу бичих