Уур амьсгалын алармистуудын 2019 оны дайралт нь улстөрийн зорилготой

Эдийн засагч мэргэжилтэй Вацлав Клаус 2003-2013 онд Бүгд Найрамдах Чех Улсын ерөнхийлөгчөөр ажилласан. Тэрбээр дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь хүний үйл ажиллагаатай холбоотой гэдэг үзэл санааг эрс эсэргүүцдэг улстөрчдийн нэг юм. 2019 оны наймдугаар сарын 20-нд Италийн Эриче хотод зохион байгуулагдсан Дэлхийн Эрдэмтдийн Холбооны 52 дахь семинарт тавьсан илтгэлийг нь та бүхэнд орчуулан сонирхуулж байна.

Бидний зарим нь уур амьсгалын алармизм хэмээх иррациональ, популист, илэрхий шинжлэх ухааны бус номлолыг сөрөн зогсох гэж удаан хугацааны туршид, магадгүй хэдэн жил, хэдэн арван жил хичээж байна. Миний бие 2012 онд Эричед тавьсан илтгэлдээ “энэ номлол нь шашин биш юм гэхэд үзэл суртал. Климатологи буюу уур амьсгалыг судалдаг шинжлэх ухаантай огт хамааралгүй. Энэ номлолын дагуу өрнөж буй маргаанууд нь температуртай огт холбоогүй бөгөөд харин ч үзэл суртлын сөргөлдөөний хэсэг болдог тухай . . . Энэ номлол нь аргументуудын хэврэгхэн холбоос бөгөөд бүтцийн хувьд шинжлэх ухааны сорилтоос зугтдаг учраас тогтсон үзэл баримтлал гэж хэлэхэд төвөгтэй” талаар дурдаж байсан.

Надад долоон жилийн өмнөх байр сууриа өөрчлөх шалтгаан алга. Энэ сэдвээрх миний үзэл бодол одоо ч хөдлөшгүй хэвээрээ байна. Энэ зун Европ тивд сүрхий халсан нь зарим хүмүүст үнэмшилтэй санагдаж магадгүй. Харин надад бол үндэслэлтэй аргумент биш. Ямар нэгэн зүйл тохиолдсон нь үнэн. Гэхдээ энэ нь байгальд биш, нийгэмд тохиолдсон юм.

Уур амьсгалаар сүржигнэгч нар гамшигт үр дагаврыг сурталчилж, том давшилт эхлүүлснээрээ жирийн үзэл бодолтой, чимээгүй олонхийгоо хамгаалалтын байрлалд орохоос аргагүй байдал руу түлхлээ. Үзэл суртлын тулаанд орж буй талуудыг танихад тун хялбархан. Нэг талд нь радикализм, популизм, иррациональ байдал, априоризм, өнгөц аргументууд, монологи, улиг болсон үзэл суртал зогсож байна. Харин нөгөө талд нь насанд хүрч, боловсорсон хүмүүсийн нийтлэг ойлголт, хянамгай, ухаалаг хандлага, хэрсүү ухаан, рациональ байдал, харилцан ойлголцол, шүүмжлэлт сэтгэлгээ, хэт мэдрэмж, эргэлзээ сөрөн зогсчээ. Би нөхцөл байдлыг хэт дэвэргээгүй гэдэгт итгэлтэй байна. Энэ маргаан температуртай огтхон ч холбоогүй. Харин ч маргаанд оролцогч нэг тал нь хүний нийгэм, бидний амьдралын хэв маяг, бидний эрх чөлөөг хязгаарлаж, эрс өөрчлөлт хийх тухай яриад байна. Тэд үүнийг хийхэд бэлэн байна.

Иймэрүү маргаан шинэ юм биш л дээ. Өнгөрсөн хэдэн жилд уур амьсгалын алармизм хэмээх хагас шашны маягийн номлолыг баримтлагч нар үзэл бодлоосоо ухарсан мэт санагдаж байлаа. Тэд маргаанаас залхаж, тэдний дэвшүүлсэн учир шалтгаанууд нь няцаагдсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн мэт санагдаж байлаа. Агаарын температурын өөрчлөлтийг хүний үйл ажиллагааны үр дүнд бий болсон хүлэмжийн хийн ялгаралтай холбоотой гэж тайлбарладаг дэлхийн дулаарлын номлол нь шинжлэх ухааны онолууд болон статистик мэдээллээр нотлогдоогүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн мэт санагдаж байлаа.

Аль Гоор, Ражендра Пачаури, Николас Стерн нарын ярьж байсан шиг ноцтой зүйл болоогүй гэдэг нь илэрхий мэт харагдаж байлаа. Гэвч тийм биш байж. Уур амьсгалын асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний багийн номлол амь бөхтэй хэвээр байна. “Шинжлэх ухаанаар тогтоочихсон” гэх сагсуу үндэслэлд тулгуурласан Уур амьсгалын асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний багийн сүржигнэлийг дэлхий даяар хилэнтэйгээр түгээж буй ийм нөхцөлд бид хэдэн зуун өгүүллийг иш татаад ч нэмэр алга.

Уур амьсгалын сүржигнэлийн эсрэг сөргүүлэн тавьж буй үзэл бодлыг Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Төрийн бус олон улсын мэргэжилтний багийн тайлангаас олж үзэж болно. Тус байгууллага Уур амьсгалын өөрчлөлтийг эргэцүүлэхүй хэмээх цуврал судалгааныхаа хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтийг эргэцүүлсэн нь: Малтмал түлш” хэмээх гарчигтайгаар тав дахь тайлангаа танилцуулжээ.  Зохиогч нар нь тайлангийнхаа оршил хэсэгт “Бид НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний багийн үл ойшоосон буюу орхигдуулсан судалгаануудад гол анхаарлаа хандуулсан” гэж тайлбарласан байна билээ. Тэд НҮБ-ын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг эрдэмтдийн ашиглаж буй уур амьсгалын загварууд асуудалтай гэж үзээд сөрөг үндэслэл дэвшүүлсэн байна. НҮБ-ын судлаач нар бодит байдлаас илүү их дулаарна гэж ирээдүйд ажиглагдах үзэгдлийг хэт дэвэргэсэн гэж үзжээ. Тэд 1979-2016 оны хооронд бодит байдлаас хоёр дахин илүү дулаарсан гэж буруу тооцоолсон. Эконометрийн загвар боловсруулах гэж олон жил зүдэрсэн миний хувьд эдгээр үндэслэлийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Үнэндээ эконометрийн загвар нь уур амьсгалын загвартай тун төстэй.

Би хуралд тавих илтгэлээ бичиж байх зуур Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний багийн тайланг хянасан Германы инженер Петер Дитцегийн бичсэн өгүүллийг уншлаа. Петер Дитце Парисын Уур амьсгалын гэрээнээс АНУ-ыг гаргасан Ерөнхийлөгч Трампын шийдвэрийг дэмжиж байгаагаа бичсэн байсан. Учир нь Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний багийн үл ойшоодог бүх хүчин зүйлсийг харгалзаж үзэхэд хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ хоёр дахин нэмэгдсэн ч гэсэн агаарын температур дөнгөж Цельсийн 0,6 градусаар дулаарна гэж тооцоолсон байна.

Миний бие энэхүү судалгаанд үндэслээд ганцхан утга учиртай дүгнэлт хийсэн: шинжлэх ухаанаар тогтчихсон гэдэг худал үндэслэлд тулгуурлан дэлхийн эдийн засаг, ялангуяа эрчим хүчний салбарт огцом өөрчлөлт хийх нь балчир хүүхдийн алдаа байх болно.

Гэхдээ бид уур амьсгалын өөрчлөлтөөр далимдуулсан элдэв хөдөлгөөнд цэг тавьсан гэж эндүүрсэн байж. 2019 оны зун Европ тивд, ялангуяа Герман, Швед, Бүгд Найрамдах Чех улсад уур амьсгалын алармист номлолыг хамгаалдаг илтгэл, өгүүллүүд ба түүнийг үгүйсгэдэг нөгөө үзэл бодлуудын хоорондын тэнцвэр нэгэнт алдагдсаныг олж харлаа.

Уур амьсгалын алармизмын номлол хэмээх радикаль суртал ухуулга нь маргаанд бүрэн ялжээ.

Хүмүүс бид шинжлэх ухааны нээлт, таамаглал, онолд тулгуурлаагүй, статистик мэдээллээр нотлогдоогүй хэрнээ ертөнцийн сүйрэл өнөө маргаашгүй ирэх тухай зөгнөн сурталдаж буй нийтийг хамарсан шинэ радикаль давалгааны гэрч боллоо. 16 настай идэвхтэн охин төдийгүй буурьтай төлөвшсөн улстөрч, нэр хүндтэй эрдэмтэн, биеэ тоосон сэтгүүлч, бардам бизнес эрхлэгч нар хүртэл урьд дуулдаагүй, итгэмээргүй зүйл ярихыг сонсдог боллоо. Гэнэн балчир Швед охин ахмад үеийнхэнд хичээл зааж, өнөөдүүл нь ч дуулгавартайяа хүлээн зөвшөөрч буйг олж харлаа.

Саяхныг хүртэл аливаа зүйлд эргэлздэг байсан Европын ахлах сургуулийн сурагч нар, үүнд манай улс ч хамаарна, Баасан гарагийг ирээдүйн төлөө зориулъя хэмээн хашгирч, хичээлдээ ч суухаа болилоо. Чех дэх энэ хөдөлгөөний толгойлогч нь “уур амьсгалын өөрчлөлтийн улмаас бидний ирээдүй бүрхэг болсон учраас боловсрол эзэмших нь утгагүй хэрэг” гэж ярьж байх юм. Хүн төрөлхтний түүхийн туршид давамгайлж байсан рациональ сэтгэлгээг иррациональ номлол бут цохих вий гэхээс миний бие түгшиж байна.

Яг одоогоор олныг хамарч буй иррациональ байдал нь харьцангуй шинэ зүйл юм. Коммунизмын үед дунд сургуулийн сурагч байсан бид нар “хүмүүс салхийг удирдаж, бороо оруулдаг” хэмээх хуучны коммунист уриаг сонсоод тохуурхан инээдэг байлаа.  60-70 жилийн өмнөх бидний багш нар ч гэсэн ийм уриаг хамгаалах гэж оролддоггүй байсан. Учир нь тэр бол ямар ч утгагүй, коммунист суртал ухуулга гэдгийг багш нар маань мэддэг байж. Гэтэл “буруу үзэл бодлыг” хориглодог ардчилсан бус тогтолцооноос огт өөр эрин үед амьдарч буй өнөөгийн багш нар өөрсдөө уур амьсгалын өөрчлөлтөөр сүржигнэгч нарыг дэмжчихсэн тууж явна.

Заримдаа хүмүүсийн буруу байдаг гэдгийг шинжлэх ухааны түүх харуулсан. Гэхдээ өнгөрсөн үед рациональ болон галзуу үзэл санаа, үзэл суртлын түгэх хурд удаан байжээ. Эрдэмтэд, аялагч нарт интернет, фэйсбүүк, твиттер байгаагүй учраас өнөөгийн хүчирхэг лобби бүлгүүд шиг бусдад нөлөөлж чаддаггүй байжээ.

Улстөрийн систем хэзээ ч өнөөгийнх шиг иррациональ үзэл санаанд нээлттэй байгаагүй юм. Бид уур амьсгалын хэнээрхэл хэмээх зүйлтэй тулгарсан нь цоо шинэ үзэгдэл юм. Энэ хэнээрхэл маш зохион байгуулалттай бөгөөд улстөрийн дэмжлэгтэй аж.

Энэ шашны үзэл сурталч нар хүчтэй, сэтгэгдэл төрүүлэх үгс ашиглах дуртай учраас бид ч гэсэн адилхан аргаар хариулахаас болохгүй нь. Тэгэхгүй бол бидний дуу хоолой сонсогдохгүй байна. Бид уур амьсгал үргэлж өөрчлөгддөг байсан хэмээх түүхэн нотолгоог иш болгосон ч гэсэн биднийг уур амьсгалын өөрчлөлтийг үгүйсгэгч гэж тодорхойлж байна.  

Өнөөгийн уур амьсгалын өөрчлөлт бол онцгой зүйл биш гэж бид үздэг. Харин эсрэгээр тэд өөрсдөө уур амьсгалын өөрчлөлтийг няцаагчид юм. Тэд өнгөрсөн зууны эхний 60-70 жилийн агаарын температурын дунджийг жишиг болгон сүржигнэж байна. Энэ бол түүхээр нотлогдоогүй, шинжлэх ухаанч бус хандлага юм.

Өнгөрсөн үеийг эргэн харж, судлах нь чухал гэдэгтэй маргахгүй. Би Канадын Нью Брансвик их сургуулийн геофизикийн профессор Петр Ваничекийн дүгнэлттэй санал нийлдэг. Тэрбээр өнгөрсөн 200 жилд хүн төрөлхтний үйл ажиллагааны байгальд үзүүлэх нөлөө нэмэгдсэн ч гэсэн байгаль өөрөө уур амьсгалд нөлөөлөгч хамгийн том хүчин зүйл гэж хэлсэн юм.

Уур амьсгалын өөрчлөлтөд итгэдэг бидний хувьд энэ бол жинхэнэ рациональ тодорхойлолт билээ.

Миний бие хоёр жилийн өмнө энд тавьсан илтгэлдээ “Ардчиллын дараах эрин үе дэх шинжлэх ухаан” хэмээх асуудлыг хөндсөн билээ. Улстөрийн тохиролцоо нь үзэл бодлоо чөлөөтэй солилцох, өөр өөр үзэл бодлыг хүндэтгэх боломжийг хязгаарлахад хүрсэн гэдгийг би анхааруулж байсан. Шинжлэх ухааны ном, өгүүллүүдийн агуулгад сэтгэлгээний конформизм (хэдэн зууны туршид ажиглагдаж байгаагүй), сэтгэлгээний пост-модерн дарангуйлал, цор ганц үзэл сурталт дэлхий хэмээх үзэл санаанууд цухалзах болсон тухай би ярьсан.

Эрдэмтэд үзэл бодлоосоо ухарч, хоорондоо хэлцэн тохиролцоно гэдэг бол сүргийн араншинтай болсноос ямар ч ялгаагүй. Үүний улмаас эрдэмтэд улстөрийн зорилгыг дэмжиж, урамшуулахаас өөр аргагүй нөхцөл байдалд оржээ. Та бүхэн дэлхийн дулаарлын тухай маргаанаас үүнийг тодорхой харж болно.

Үзэл баримтлалын хувьд тогтож, төлөвшсөн улстөрийн намууд улстөрийн рациональ яриа хэлэлцүүлгийг эхлүүлнэ гэдэгт найдахаас өөр замгүй болжээ.

Ийм хэлэлцүүлгийн үр дүнд дэлхийн агаар мандал дахь нүүрсхүчлийн давхар ислийн өчүүхэн хэмжээ нь (0.04) Бага Мөстлөгийн үеэс хойших уур амьсгалын дулаарлын гол шалтгаан биш гэдгийг чимээгүй олонхдоо ойлгуулж чадна гэдэгт найдаж байна.

Улстөрч нар бидний мэддэг эх дэлхийг устгах аюултай, устгах ч чадвартай гэдгийг анхаарвал зохино. Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен саяхан Страсбургт тавьсан илтгэлдээ 2050 он гэхэд Европыг уур амьсгалын-саармаг тив болгоно гэж мэдэгдэв. Тэрбээр арван жилийн дотор нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээг 50 хувиар бууруулж, “Европын Ногоон гэрээ”, “Европын Уур амьсгалын хууль” батлуулахын төлөө ажиллана гэв ээ. Хэдхэн жилийн өмнө түүний төрсөн нутаг Герман улсад хэний ч санаанд орохгүй байсан энэ үзэл санааг “Шинэ Европ”-ын удирдагч хэрэгжүүлнэ гэж ярьж байх юм. Миний бие Эричед цугларсан (бүх дэлхийн) эрдэмтэн, судлаач нартаа хандаж, оройтохоос нь өмнө дуу хоолойгоо илэрхийлэхийг уриалж байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)