“Барилгын ажлын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай” албан даалгавар гаргажээ

Барилга байгууламжийн норм, нормативын шаардлагыг чанд сахиулж чанар, аюулгүй байдлыг хангаж, болзошгүй осол, аюулаас урьдчилан сэргийлж, аюулгүй ажиллагааг нэн түрүүнд тавьж ажиллах зорилгоор Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан “Барилгын ажлын хөдөлмөрийн аюулгүй  байдлыг хангаж ажиллах тухай” албан даалгавар гаргажээ. Үүнийг аймаг нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Үүнд дөрвөн зүйлийг дурджээ. 

1. Өвлийн улиралд барилгын ажил гүйцэтгэснээр барилгын даацын бүтээцийн бетон зуурмаг бэхжиж амжилгүй хөлдөлт үүсэж барилга байгууламжийн зураг төсөлд заасан бат бэхд хүрэхгүй нөхцөл байдал үүсэхээс сэргийлж хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд барилгын норм, дүрэм, стандартын шаардлагыг чанд мөрдөж ажиллаж байгаа эсэхэд байнгын хяналт тавих

2. Барилгын ажлыг долоон сараас дээш хугацаагаар түр зогсоосон болон хүйтний улирал эхэлж байгаагаас хамаарч түр зогссон барилга байгууламжуудыг Барилгын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу хамгаалалтын горимд оруулж, холбогдох хууль, тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах;

3. Өвлийн улиралд барилгын ажил нь түр хугацаагаар зогссон болон барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх үед аж ахуйн нэгж, байгууллагууд барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, барилгын ажлын талбайн орчны аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгаа болон болзошгүй осол, аюулаас урьдчилан сэргийлж ажиллах;

4. Энэ албан даалгаврын 1, 2, 3 дахь заалтын хэрэгжилтийг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагатай хамтран 2020 оны 4 дүгээр сар хүртэл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан, илэрсэн зөрчил дутагдлыг нэн даруй арилгуулж, тайлан мэдээг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус яаманд ирүүлэхийг даалгажээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)