УИХ-ын тогтоолыг Рио Тинто хүлээн авчээ

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг Рио Тинто хүлээн авсан тухай цахим хуудастаа мэдээлжээ.

УИХ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар Оюу Толгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг 100 хувийн саналаар баталсан билээ. Уг тогтоолд далд уурхайн санхүүжилтийн талаар 2015 онд байгуулсан нэмэлт төлөвлөгөөг сайжруулах, “Оюу Толгой” төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг 53 хувиас бууруулахгүй байх, Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, АМНАТ-т оруулах хувилбарыг судлах зэрэг чухал заалтыг тусгасан юм. 

Энэ тухай тус компанийн Зэс-Очир эрдэнийн гүйцэтгэх захирал Арно Сойрат байр сууриа илэрхийлэхдээ  “Рио Тинто компани Монгол Улсын парламентаас баталсан тогтоолыг бүрэн хүлээн авч байна. Гэхдээ Хөрөнгө оруулалтын гэрээ бүх талаар хүчин төгөлдөр гэдгийг мартаж болохгүй. Энэ гэрээний дагуу өнгөрсөн арван жилийн хугацаанд 10 орчим тэрбум ам.долларыг зарцуулаад байна. Монгол Улсын хувьд ихээхэн өгөөжтэй төсөл бөгөөд цаашид үүнийг үргэлжлүүлэх болно” гэжээ.

Мөн энэ дашрамд Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газартай 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 оны хувь нийлүүлэгчдийн нэмэлт өөрчлөлт болон 2015 онд гарын үсэг зурсан “Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г бүх талаар хүчин төгөлдөр гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг энд хавсаргав. Уг тогтоолд,

"Засгийн газар, “Рио Тинто интернейшнл холдинг” болон “Айвенхоу Майнз” компанийн 2009 оны аравдугаар сард байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 онд байгуулсан “Эрдэнэс Монгол”, “Айвенхоу Оюутолгой”, “Оюутолгой Нидерланд Би Ви”, “Оюу Толгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн гэрээг УИХ-ын 2008 оны “Үндсэн зарчим, удирдамж батлах тухай” тогтоол, 2009 оны “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” тогтоол болон Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд сайжруулах цогц арга хэмжээ авах, энэ чиглэлд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйлчилгээ авахыг даалгаж буй юм.

Засгийн газар, “Оюутолгой”, “Ресурс Лимитед”, “Ти Эйч Ар Оюутолгой”, “Оюутолгой Нидерланд”, “Рио Тинто интернейшнл холдинг” компанийн 2015 онд байгуулсан Оюутолгой төслийн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг Монгол Улсын эрх ашиг, хууль, тогтоомжид нийцүүлэн сайжруулах,

Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-т оруулах хувилбарыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах,

Оюутолгойн ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөж буй олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэсэн ТЭЗҮ-ийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах,

Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг Говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох,

УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Оюутолгой ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын багийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авах,

Оюутолгой төслийн Монголын талын төлөөллийг хэрэгжүүлэгч байгууллагын санхүү болон хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэж бэхжүүлэх,

Уг тогтоолын хэрэгжилтийг хангахыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд хоёрдугаар зүйлээр үүрэг болгох" гэсэн байдаг. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Setgeld arail hyrehgyi vaina

    0 0 Хариу бичих