Грета Тунберг "Time" сэтгүүлийн оны хүнээр шалгарлаа

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн хөдөлгөөнийг өдөөсөн Шведийн сурагч Грета Тунбергийг "Time" сэтгүүл улирч буй 2019 оны оны хүнээр нэрлэлээ.

16 настай Грета нь тус сэтгүүлийн оны хүнээр шалгарч байсан эрхмүүд дундаас хамгийн залууд тооцогдож байна.

Саяхан Испаний Мадрид хотод болсон НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн дээд хэмжээний уулзалтын үеэр Грета дэлхийн удирдагчдыг бодит байдлаас зайлсхийхийн тулд "бүтээлч PR" ашиглахаа зогсоо хэмээн зэмлэж байв.  Мөн ирэх арван жил манай гаригийн ирээдүйг тодорхойлох болно гэж хэлсэн юм.

Уур амьсгалын өөрчлөлттэй шийдвэртэй тэмцэхийг уриалан Шведийн парламентын байрны гадаа ганцаараа жагсаал хийж эхэлсэн түүний тэмцэл өдгөө дэлхий нийтийг хамарсан хөдөлгөөн болоод буй. #FridaysForFuture нэрийн дор дэлхийн өнцөг булан бүрт баасан гарагт уур амьсгалын ажил, хичээл хаялт гэгч өрнөж буй. Улмаар Грета Тунберг өнгөрсөн есдүгээр сард Нью-Йорк хотноо очиж, НҮБ-ын дээд хэмжээний уузалтад оролцон дэлхийн удирдагчдыг шүүмжлээд амжсан билээ. Нобелийн энхтайвны шагналд нэр дэвшиж байсан охиныг эсрэгээрээ ногоон улстөрчдийн золиос гэж харах хэсэг  ч байдаг.16 настай охины эрүүл мэндэд санаа зовнисон олон өргөдөл, мэдээлэл Шведийн халамжийн албанд ирсний дээр, охины эцэг эхийг хүүхдээ үл хайхардаг, “хүүхэд бүр зайлшгүй дунд боловсрол эзэмших хуулийг зөрчсөн” хэмээн буруутгаж байв.

Дэлхийн дулааралд бүх хүн биш харин тодорхой улс төрчид, компаниуд л буруутай, мөн засаж залруулахад маш бага хугацаа үлдсэн гэж Грета үздэг байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)