“Хүний эрх, Эрх чөлөө” сэдэвт шог зургийн үзэсгэлэн гарч байна

Монголын Эмнести Интернэшнлээс үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойгоо тохиолдуулан “Хүний эрх, эрх чөлөө” сэдэвт шог зургийн үзэсгэлэн зохион байгуулж байна.

Монголын Уран зургийн галерейд арванхоёрдугаар сарын 17-ныг дуустал гарах тус үзэсгэлэнд Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Ц.Байды, Соёлын гавъяат зүтгэлтэн шог зураач С.Цогтбаяр болон шог зураач С.Алтангэрэл, Ц.Намжилдорж, Л.Өлзийбат, Д.Гансүх, А.Бат-Эрдэнэ, А.Амарсайхан, М.Амархүү, Ч.Цэцэгдарь, С.Болд, доктор М.Моломжамц нарын 100 гаруй бүтээл дэлгэгдлээ.

Монголын Эмнести Интернэшнлээс хүн бүр эрхээ мэдэж хариуцлагаа ухамсарладаг, бусдын эрхийг хүндэлдэг соёлыг бий болгоход хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү үзэсгэлэнг гаргаад байгаа юм.

Шог зургаар уран бүтээлээ туурвидаг хүмүүс хараа, сэтгэлгээ, өндөр мэдрэмж, ур чадвараараа асуудлыг харж, Монголын нийгэмд гарч буй хүний эрхийн зөрчлийг соргогоор олж мэдэрч, богино хугацаанд тайлбаргүйгээр шоглон зурж уншигчдад нэгийг бодогдуулж, сэтгэл, зүрхэнд нь хүрч чаддагаараа онцлог.

Та бүхнийг Монголын уран зургийн галерейд хүрэлцэн ирж, зураг бүхэн нэгийг өгүүлэх “Хүний эрх, эрх чөлөө” шог зургийн үзэсгэлэнг үзэж сонирхохыг урьж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)