Улсын аварга шалгаруулах тэмээний уралдаан болно

Энэ жил анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор Улсын аварга шалгаруулах тэмээний уралдааныг Өмнөговь аймагт зохион байгуулах гэж байна. Маргааш эхлэх уг тэмцээн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд тэмээн соёл, уралдааны энэ жилийн хамгийн том арга хэмжээ болох аж. Монгол Улс, тэр дундаа Өмнөговь аймаг хоёр бөхт тэмээний "нийслэл" гэгддэг Тиймээс тэмээн соёл, уралдааныг дэлхийн тавцанд гаргахад чухал үүрэгтэй гэж зохион байгуулагчид нь үзэж байгаа юм.

Дашрамд дурдахад Монголын Тэмээн соёл, уралдааны холбооны тэргүүн Р.Сэддорж Арабын Нэгдсэн Эмират болон Саудын Арабад зохион байгуулагдсан олон улсын тэмээн соёл, уралдааны холбоог үүсгэн байгуулах хуралд, Монгол Улсаа төлөөлөн оролцжээ. Нэг бөхт болон хоёр бөхт тэмээтэй улс орнууд тэмээн соёлоороо нэгдэн, уралдаан, поло зэргийг дэлхийн хэмжээний спортын тэмцээнд багтаах, өв уламжлалаа олон улсад таниулах зэргээр цаашид тэмээн соёл, уралдааныг түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулахаар болсон байна.

Хоёр бөхт тэмээ дөрвөн улиралд тэвчээртэй, өвөлдөө ноосорч өнгө үзэмжтэй сүрлэг болдог, ачилга, уналга даадаг гэх зэрэг олон чанараараа дулаан орны нэг бөхт тэмээнээс давуу. Тиймээс тэмээ унаж үзэх гэж Арабыг зорьдог сая сая жуулчдын урсгалыг эх орон руугаа татах боломж бий.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)