Эдийн засгийг солонгоруулах эхлэл

Дэлхийн банкны судалгааны дүнгээс харвал жижиг, дунд үйлдвэрлэл хөгжиж буй улсуудын ажил эрхлэлтийн 40 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хүртэлх хувийг дангаар бүрдүүлдэг байна. Улс орнуудын хөгжил өндөр байх тусам дотоодын нийт бүтээгдэхүүнд жижиг, дунд үйлдвэрлэлийн эзлэх хувь болон ажил эрхлэлт нэмэгдсэн үзүүлэлттэй байдаг аж. Буурай хөгжилтэй орны хувьд энэ үзүүлэлт буурч дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хүрэхгүй хувийг бүрдүүлж, ажил эрхлэлт 30 орчим хувьтай байгаа нь энэ чиглэлийн үйлдвэрлэл улс орны хөгжлийн түвшинтэй шууд хамааралтай болж таарч байгаа юм.

Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын дүгнэснээр манай улсын эдийн засагт уул уурхайн салбар давамгайлсан хэвээр буюу эдийн засгаа солонгоруулж амжаагүй явна.

Монголбанкнаас гаргасан мэдээллээр дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2016 онд 1.2 хувь байсан бол 2018 онд 6.9 хувь 2019 оны хоёрдугаар улирлын байдлаар 7.3 хувь болж, гадаад валютын улсын нөөц дөрөв дахин нэмэгдэж дөрвөн тэрбум ам.долларт хүрчээ. Энэ бол сайн мэдээ. Гэхдээ муу мэдээ нь гэвэл сүүлийн зургаан жилийн дунджаар манай экспортын орлогын 88 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж, үүний 86 хувийг БНХАУ дангаар худалдан авсан байна.

Монгол Улсын эдийн засаг өсөлттэй байгаа хэдий ч гурван хүн тутмын нэг нь ядуу гэсэн судалгааны хариулт ердөө л дээрх жишээ.

Дан ганц уул уурхайн салбараас хамаарал бүхий эдийн засгаа төрөлжүүлье гэвэл бусад орнуудын жишгийг дагаж бусад салбараа буюу жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх шаардлагатай.

Эргэн төлөлтөөсөө санхүүжинэ

ХХААХҮЯ-ны ЖДҮ, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Я.Эрдэнэсайхан
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл эргэн төлөлтөөсөө санхүүжинэ. Улс орон бүр үйлдвэрлэлийг дэмжихдээ санхүүгийн болон санхүүгийн бус арга замаар оролцдог. Орчин үеийн энэ жишигтэй хөл нийлүүлэх боломжийг УИХ-аар 2016 оны зургадугаар сарын 6-нд батлагдсан хуулийн шинэ найруулгаар нээж өгсөн. Тухайлбал, ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл олгох сонгон шалгаруулалтын журмыг өөрчлөхөөр болсон. Салбарын сайд нь өөрийн тушаалаар журмыг баталж үнэлгээний хороо байгуулдаг байсныг өөрчилж Засгийн газар баталдаг байхаар тусгасан нь ирэх оноос хэрэгжинэ 

Eaglenews tv

Татварын ерөнхий газрын статистик мэдээгээр Монгол Улсад 2017 оны байдлаар бүртгэлтэй 155 065 аж ахуйн нэгжээс 78 585 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн 86 хувь буюу 67 612 нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт хамаарч, 800 гаруй мянган хүн ажиллаж байгаа нь нийт ажиллах хүчний 57 хувийг эзэлж байна. Ажиллагсдыг тооны бүлгээр авч үзвэл нийт жижиг, дунд үйлдвэрийн 88.6 хувь нь 1-9 хүртэл, 6 хувь нь 10-19 хүртэл, 3.6 хувь нь 20-49 хүртэл, 1.8 хувь нь 199 хүртэл ажиллагсадтай байна. Борлуулалтын орлогын ангиллаар авч үзвэл 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдээс 50 хүртэл сая төгрөгийн борлуулалттай нь 59 хувь буюу жижиг, дунд үйлдвэрийн талаас илүү хувь нь бичил үйлдвэрлэл эрхлэгч байна.

Улсын хэмжээнд 2009-2017 оны хооронд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд 3 их наяд 850.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 26454 төсөл ирүүлсний 18 хувьд буюу 7536 төсөлд 835.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосноор 40 628 ажлын байр шинээр бий болж, 25 417 ажлын байр хадгалагдсан бол Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн хүрээнд барьцаа баталгаа шаардлагатай 463 жижиг,
дунд үйлдвэр эрхлэгчийн 102.2 тэрбум төгрөгийн зээлд 42.4 тэрбум төгрөгийн батлан даалт гаргажээ.

УИХ-ын хаврын чуулганаар баталсан Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд өнгөрсөн үйл явдлаас сургамж авч жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн тодорхойлолтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж шалгуур тогтоож өгсөн байдаг. Ангиллын шалгуурыг ажилчдын тоо, жилийн борлуулалтын орлогын хэмжээнээс хамаарсан байдлаар өөрчилсөн бөгөөд ажилчдын тоо нэмэгдэх тусам тухайн аж ахуйн нэгжид олгох зээлийн хэмжээ нэмэгдэхээр, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид банкаар дамжуулан зээл олгохоор тусгасан байгаа нь УИХ-ын хэн нэгэн гишүүний компани хамрагдахаас сэргийлж чадна гэж үзсэнийх бололтой.

  • Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид 10 хүртэл ажилтантай, 300 сая хүртэл төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж;
  • Жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид 10-50 хүртэл ажилтантай, 300 саяас-1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж;
  • Дунд 50-200 хүртэл ажилтантай, 1-2.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж тус тус хамаарна.

legalinfo.mn

Жинхэнэ ЖДҮ-чдэд зээл олгох бодлогыг хэрэгжүүлэхэд дээрх ангилал шаардлагатай гэдэг нь дунд үйлдвэр эрхлэгч бүтээгдэхүүнээ экспортод гаргасан тохиолдолд банкнаас авсан зээлийн жилийн хүүгийнх нь 5.0 хүртэл хувийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгож болохоор, Сангийн тухайн жилийн санхүүжилтийн 80-аас доошгүй хувийг үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар олгохоор тусгаж байгаа зэрэг нарийвчилсан заалт оруулж өгснөөс харагдана.

Олон улсын жишиг руу ойртох уу

Олон улсын жишгээр орлогын тэгш бус хуваарилалтыг бууруулж ядуу гэсэн ангиллаас дундаж давхарга руу оруулах үүргийг энэ төрлийн үйлдвэрлэл гүйцэтгэж ирсэн жишээ бий. Тухайлбал, БНСУ-ын эдийн засаг маш богино хугацаанд хөгжингүй орны түвшинд хүрсэн нь олон улсын судлаач, эдийн засагч нарын анхаарлыг татсан бөгөөд энэхүү эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн талаар нэлээд судалгаа хийгджээ.

Дэлхийн II дайны дараах үеэс эхэлсэн эдийн засгийн өсөлтөд “Чаэбул” буюу тухайн орны том компаниуд гол үүрэг гүйцэтгэсэн гэж судлаачид үзэж байгаа боловч жижиг, дунд үйлдвэрлэл багагүй хувь нэмэр үзүүлжээ. Өнөөгийн байдлаар БНСУ-ын нийт аж ахуйн нэгжүүдийн 99.9 хувь нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид бөгөөд тэдгээрт эдийн засгийн идэвхтэй хүн амын 90 хувь нь ажилладаг. Тус улсад энэ салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 50 гаруй хувь, нийт экспортын 35 гаруй хувийг бүрдүүлж байна. Жижиг, дунд үйлдвэрийн дийлэнх нь бичил бизнес эрхлэгчид бөгөөд тэдгээр нь ихэвчлэн бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг ажээ.

Бага болон дундаж орлоготой орнуудад жижиг, дунд үйлдвэрлэлд зориулж олгосон зээл нийт зээлийн 15 хувийг, бизнесийн зээлийн 34 хувийг эзэлж байгаа бол өндөр орлоготой орнуудын хувьд нийт зээлийн 19 хувь, бизнесийн зээлийн 62 хувийг эзэлж байна. Эндээс харахад хөгжингүй орнуудад жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилтийн эх үүсвэр харьцангуй бага байна.

Монголбанк Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн дотоод болон гадаад орчин, санхүүжилтийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж төрөөс баримталж буй бодлого, дэмжлэгийн хүртээмжийг тандсан 2018 оны цогц судалгааны тайланг бэлтгэн уншигчдад хүргэжээ. Уг тайлангаас үзвэл 2016 оноос хойш анх удаа үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн орчинд өгөх үнэлгээ нэмэгджээ. Тэд үйл ажиллагаа эрхлэхэд нь макро эдийн засгийн орчин, хууль эрх зүйн орчин, зах зээлийн орчин харьцангуй боломжийн нөлөөг үзүүлж байна гэж дүгнэсэн байна.

Эх сурвалж: "Үндэстний ТОЙМ" сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)