Хэрэгсэхгүй болсон хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолох боломжгүй

Мэргэжлийн хяналтын байгууллагын дарга нарын 25 хүнд холбогдох авлигын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь нийгэмд шуугиан тарьсан билээ. Энэ нь авлига, албан тушаалын хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хэрэгсэхгүй болгосны тод жишээ хийгээд цаашид ч хэрэгсэхгүй болгох анхааруулга болов. Үүний шалтгаан нь хөөн хэлэлцэх хугацааг өмнө нь гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолдог байсныг 2017 онд Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл тоолохоор өөрчилсөнтэй холбоотой.

Бүр эхнээс нь дурдвал 1986, 2002 оны Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацааны томьёолол адилхан байв. Хөнгөн гэмт хэрэгт зургаан сар, хүндэвтэр гэмт хэрэгт таван жил, хүнд гэмт хэрэг 15 жил, онц хүнд гэмт хэрэг 25 жилийн хөөн хугацаатай байхаар заасан байдаг.

Харин 2015 оны шинэчилсэн Эрүүгийн хуулиар гэмт хэргийг хөнгөн, хүндээр нь ялгахаа больж, хөөн хэлэлцэх хугацааг ерөнхийд нь богиносгосон. Тухайлбал, нэг жил хүртэл хорих ялтай гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нэг жил болгов. 1-8 жил хорих ялаар шийтгүүлэх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь таван жил, 15 жилээс дээш ялтай бол 12 жил, бүх насаар нь эсвэл 20 жил хүртэлх ялтай хэрэг нь 20 жилийн хөөн хэлэлцэх хугацаатай болсон. Гэхдээ тухайн үеийн өөрчлөлтөд гэмт этгээдүүдийн ял завших боломжийг хязгаарласан зохицуулалтыг нарийн тусгаснаараа онцлогтой байлаа. Энэ нь гэмт этгээд хуулийн байгууллагад шилжсэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг зогсооно. Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах өдрийг хүртэл тоолно гэж маш тодорхой заасан байлаа.

Гэтэл 2017 оны Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр энэ заалтыг хүчингүй болгосон нь авлига албан тушаалын хэргүүдийг хэрэгсэхгүй болгох үндэс болов. Тухайн үед “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” гэж өөрчилсөн.

Харин ингэж өөрчилснөөр хэргийн мөрдөн шалгах ажиллагааг удаашруулах, гэмт хэрэгтэн оргон зайлах, хөөн хэлэлцэх хугацаа дуусахын алдад шүүхэд гомдол гаргаж, хэрэг шийдвэрлэлтийг удаашруулан ял завших нөхцөл бодитоор бүрдэж байгааг хуульчид хэлж байгаа.

Хуульч Т.Мөнх-Оргил хэвлэлд өгсөн ярилцлагадаа: -Шүүх дээр хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэрэг очлоо гэхэд шүүх бүрэлдэхүүн гэм буруутай гэдгийг тогтооно. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан бол ял оноохгүй. Шүүх бүрэлдэхүүн “Чи гэмт хэрэг үйлдсэн байна. Хуульд зааснаар ял оноох боломжгүй юм байна” гэсэн байдлаар шийдвэр гаргана. Хэрэг бүртгэл мөрдөн шалгах ажиллагааны явцад аливаа хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчихвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тухайн ажиллагаа явуулах боломжгүй байдал үүснэ. Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болно гэсэн үг юм. Гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтнийг мөрдөн шалгах явцад хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихвал гэмт хэрэгт холбогдож байгаагүй болж хувирна. Өөрөөр хэлбэл ганцхан шүүх л хүнийг гэм буруутай эсэхийг тогтоодог. Тиймээс авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдчихээд ял шийтгүүлэхгүй.

Энэ өөрчлөлт хууль эрх зүйн том алдаа хийгээд гэмтнүүд өршөөгдөх завхрал болохыг хуулийн өөрчлөлтийг батлах үеэс хуульчид хэлж байсан. Гэвч шаардлагатай өөрчлөлт, шинэчлэлийг хийхгүй явсаар даруй гурван жилийн босго давах нь. Хахуулийнхаа мөнгийг оймсондоо хүртэл нууж илчлэгдсэн мэргэжлийн хяналтынхны тэрбумын хахуулийн хэрэг хэрэгсэхгүй болж, олон нийтийн дунд бухимдал үүссэн. Энэ аяст л эрх баригчид хуулиа өөрчлөхөөр хөдөлж эхэлсэн. Үүний хажуугаар “Ийм буруу өөрчлөлтийг Ш.Раднаасэд хийсэн. Үгүй, Х.Нямбаатар хийсэн” гэж өөр хоорондоо хөлөө жийлцэв. Энэ хэрүүл нь одоо ч дуусаагүй үргэлжилж л байна. Харин одоо хөөн хэлэлцэх хугацаатай заалтыг хуучнаар нь явуулах хуулийн төслийг УИХ-аар батлах гэж байна. Мөн өнгөрсөн хугацаанд хэрэгсэхгүй болсон хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолох боломжийг журмаар зохицуулахаар хичээж байгаа гэнэ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: -Хуульд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой өөрчлөлт гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш яллагдагчаар татах хүртэл тоолох юм. Мөрдөн шалгах хугацааг ерөнхий гэмт хэргийн хугацааг хоёр дахин хөнгөжүүлсэн байдлаар тодорхойлж байгаа. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой журмыг баталж, мөрдөж эхэлснээс хойш мөрдөн шалгаж байгаа бүх хэргийг шинээр тоолно. Өөрөөр хэлбэл, тухайн хүмүүсийн хөөн хэлэлцэх дуусах тухай асуудал байхгүй болно. Яагаад гэвэл яллагдагчаар татсан тохиолдолд мөрдөн шалгах хугацаа дуусгавар болно. Харин өмнө нь хөөн хэлэлцэх хугацааны үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар дахин тоолохыг холбогдох байгууллагуудад үүрэгжүүлсэн зохицуулалтыг Байнгын санаачилгаар оруулж байгаа. Энэ асуудал нэлээд маргаан дагуулна. Материаллаг хуулийг буцааж хэрэглэж болно. Харин процессын хуулийг буцааж хэрэглэхгүй учраас хөөн хэлэлцэх хугацаагаар үндэслэлгүй болсон хэргүүдийг дахиж тоолох зохицуулалтыг оруулах гээд хичээж байна.

 2017 оны өөрчлөлт хэрэгжиж эхэлснээс хойш 400 орчим хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч хэрэгсэхгүй болсныг шүүхийн байгууллагаас мэдээлсэн. Тэгвэл эдгээр хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолох асуудлыг журмаар зохицуулах боломжтой гэж байгаа ч хууль эргэн үйлчилдэггүй зарчимтай. Хэдийгээр байнгын хорооноос журамд тийм зохицуулалт тусгалаа ч олон саадтай учирна. Өөрөөр хэлбэл, хэдхэн сарын дараа эрх баригчид, гүйцэтгэх засаглал солигдож, тэдний эрх ашиг ямар байхаас хамаарна. Гэсэн ч нэгдэн орсон олон улсын гэрээ, тунхаглалд хуулийг буцааж хэрэглэхгүй байхыг заадаг. Тиймээс хэрэгсэхгүй болсон хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолох боломжгүйг зарим УИХ-ын гишүүн хэлж байгаа юм.

УИХ-ын гишүүд Б.Пүрэвдорж: -2019 оны аравдугаар сарын мэдээгээр 629 гэмт хэрэг хэрэгсэхгүй болжээ. 1200 гаруй гэмт хэрэгтэн ял зэмгүй явж байна. Авлига, албан тушаалын 40 гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон. Гэр, албан тасалгаанаас нь нэг тэрбумын авлига илэрсэн оймсчин ялгүй явж байна. 30 гаруйхан хоногийн дотор Прокурор 47 хэрэг хэрэгсэхгүй болгожээ. Тун удахгүй авлигын 11 хэрэг хэрэгсэхгүй болно. Хэрэгсэхгүй болох хэрэг дотор алдарт Жастын Ш.Батхүүгийн хэрэг явж байгаа. Хохирол нь 121 тэрбумын хэрэг. Авлига албан тушаалын хэрэг хожуу илэрдэг. Энэ үед илэрсэн хэрэг бүгд хэрэгсэхгүй болох нөхцөл үүсэж байна. Эрүүгийн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Ц.Нямдорж нарт хариуцлага тооцох ёстой. Хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолох тухай Х.Нямбаатар ярьж байгаа ч боломжгүй. Олон улсын гэрээгээр хууль эргэн үйлчлэхийг зөвшөөрдөггүй. Иймээс авлига, албан тушаалын хэргүүд хэрэгсэхгүй болох зүйл хийчхээд хэзээ хойно нь өөрчилсөн зүйл оруулж ирж байгаа нь хариуцлагагүй зүйл гэдгийг хэлмээр байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Та бухимдлаа гээд, таны таалалд нийцэж Хууль үйлчлэх ёсгүйээ. Таньд эрх байгаатай адил Алдаж оносон гэж үзээд байгаа Тэр нэг иргэнд мөн л хамгаалуулах эрх байгаа учраас л энэ Хууль ингэж бичигджээ. Тамын тогооноосоо гараа, Монголчуудаа. Хууль Иргэнээ хамгаална. Бүгд Иргэд юм.

    0 0 Хариу бичих
  2. Их мөнгөний булхай луйвар хэзээ нэгэн цагт дахин эргэж сэргээж хариуцлага тооцох нь гарцаагүй. Эргэж сэргээх боломж байж л бхйгаа

    0 0 Хариу бичих