Шаналал хүүрнэгч

Зохиолч Үй Хуагийн “Цусаа худалдсан тэмдэглэл” номоос үүдсэн тэмдэглэлийг хүргэж байна. 


ЭШЛЭЛ: “Гэрээ зарж болно, тариалан талбайгаа зарж болно, цусаа болохгүй”

Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй, орчин үеийн Хятад орныг үе, үеийн цусаа худалдагсадын түүх бий болгожээ. Хятадууд бол хамгийн өрнүүн түүхтэй, алдаа оноо ихтэй ард түмэн. Нөгөөтэйгүүр зовох тусмаа хүчирхэг болсон, зовлонгоо амжилтын нууцаа болгосон улс бол Хятад. Зовлон нь тэдний нууц. Тэдний хүч байж гэдгийг "Цусаа худалдсан тэмдэглэл" номыг уншаад итгэсэн юм. Түүнийг бид “Амьдрахуй” романаар нь сайн мэднэ. Миний хувьд “Амьдрахуй”, “Цусаа худалдагсдын тэмдэглэл” хоёрын аль нь илүү вэ гэвэл “Амьдрахуй”-д саналаа өгч мэднэ. Амттай ч орчуулга, амттай ч зохиол байсан болоод тэр биз.

Дэлхийн түүхэнд хаана ч цус ижилхэн урссаар ирсэн байдаг. Зарим улс орон дайны хөлд нэрвэгдэж, олон сая хүний цусаар газар нутгаа угааж тусгаар тогтнолыг олсон бол хятадууд олон мянгаараа цусаа худалдаж амь нэгтэй болсон байна. Тэр л хүнд бэрх өдрүүд зохиолч Үй Хуагийн “Цусаа худалдсан тэмдэглэл” романд ил тод өрнөнө. Соёлын хувьсгалын үед хүүхэд насаа үдсэн зохиолч Үй Хуагийн хувьд амьдрал тийм ч амар байгаагүй нь тус зохиолоос илхэн.

Ер нь ихэнх зохиолчид амьдралынхаа хүн бэрх үеүдийг зохиол бүтээлдээ бичиж үлдээдэг нь нийтлэг. Ф.М.Достоевский, Эрнест Хэмингуэй гээд нэрлэвэл тоймгүй.  

Хаа нэг түүхийг нь сонсож эсвэл уншиж байсан Хятадын соёлын хувьсгалын үеийн нийгмийн байдал, өлсгөлөн, ядуурал зэргийг нэгэн дээвэр дор өрнөх үйл явдлаар тод өгүүлнэ. 1960 оны сүүлээс 1970 оны сүүл хүртэл 10 гаруй жил өрнөсөн Хятадын соёлын хувьсгал тухайн орны ард түмний хувьд хамгийн хүнд, бэрх он жилүүд байв. Тэдгээр он жилүүдэд амьдрах дүрүүдээ ч хүчирхэг бүтээсэн байв. Магадгүй сонгож авсан түүх нь өөрөө хүчирхэг учраас ч тэр биз. 

Анхныхаа цусаа худалдсан мөнгөөр нэг ёсондоо эхнэр худалдаж авсан Шү Сан Гуань ууган хүүгээ өөрийн мах цусны тасархай биш гэдгийг амьдрал нь хэдийн төвхнөж, гэр бүлийн жаргал, зовлонд хэтэрхий хутгалдсаныхаа дараа олж мэддэг. Гэвч зохиолын туршид Шү Сан Гуань цусаа худалдаж олсон мөнгөө ууган хүүдээ зориулах хатуу хувь тавилан заяажээ. 

.ЭШЛЭЛ: “Амьд үлдээд хүнд өдрүүдийг тэсэж гарвал өчнөөн сайхан өдрүүд хүлээж байгаа”

Зохиолч Үй Хуа бол ард түмнийхээ зүрхэнд цохилох зовлон, шаналлыг хүүрнэгч юм. “Цусаа худалдсан тэмдэглэл” романыг уншаад урт хугацааны турш тээж явсан шаналал, хөндүүрийн дараах нэг их санаа алдалт шиг мэдрэмж төрсөн билээ. Өөрт, өөрийн эх оронд тохиолдсон шаналлыг хэн, хэрхэн сайн урлан бичих нь л зохиолчдыг ялгаж өгдөг аж. Ер нь жаргалтай амьдрал, оршихуйн тухай зохиолчид бил үү? Оршихуй өөрөө мөнхийн зовлонг гэтлэхийн нэр ч юм бил үү...

Ард түмнийхээ зовлон шаналлыг хамгийн үнэнээр, хамгийн эмзгээр мэдэрч, яг тэр л хэвээр нь мөнхлөн үлдээж чадах хүмүүс бол гарцаагүй зохиолчид хийгээд уран бүтээлчид юм.

Өөр нэгэн тод жишээ гэвэл Нобелийн шагналт зохиолч Мо Янь. Түүний “Дарсны орон” зохиолд гарах үүр цүүрээр боссон эх төрүүлээд удаагүй нялх үрээ шалзлам халуун усанд оруулж, сайтар угааж, цэвэрлээд эцэг нь зарахаар оддог хэсэг бий. Амьдрахын төлөө амьд үлдэхийн тулд хүүхдээ зарах хятад эхнэр, нөхөр хоёрын тухай тэр хэсэг аяга гурилтай шөл гэрийнхэндээ идүүлэхийн тулд цусаа худалдахаар явах Шү Сан Гуантай агаар нэгэн. Энэ мэт хятад зохиолчдын зохиол бүтээлээс ихэнхдээ л “муухай” хятад хүн харагдана. 

ЭШЛЭЛ:  “Хүний зүсийг танихаас зүрхийг нь танихгүй юм даа”

Иргэн бол улсын түүх. Иргэн яаж амьдарна, ямар замнал туулна, тэр бүх зүдгүүр зовлон, баяр жаргал л тухайн улсын түүхийг бүтээдэг. Түүгээр ч зогсохгүй цаашдын хөгжлийг тодорхойлох үнэ цэн, цензур болдог. Өөр юу ч эх орны үнэ цэнийг төдий л тодорхойлж чадахгүй болов уу. Тиймдээ ч "Цусаа худалдсан тэмдэглэл" бол зовсон ард түмний биш хүчирхэг ард түмний түүх аж. 

Зохиолыг тодорхойлохдоо "Хүн чанар, халуун сэтгэлийн тухай энэ зохиол" гэсэн байв. Миний хувьд ямар хүн чанар хийгээд халуун сэтгэлийг зохиолоос уншина гэж найдах хэрэггүй гэж хэлмээр байна. "Цусаа худалдсан тэмдэглэл" бол халуун сэтгэлийн тухай зохиол биш юм. Магадгүй Шү Сань Гуан цусаа анх худалдахдаа л сэтгэл нь хөрчихсөн байх. Тэр зөвхөн жамаараа амьдрахыг хүссэн учир босгосон бүхнийг нь нураахыг оролдсон амьдралын өөдөөс тэмцсэн. 

ЭШЛЭЛ: “Хүч гэдэг мөнгөтэй адилгүй. Мөнгө хэрэглэх тусам хорогддог, хүч хэрэглэх тусам нэмэгддэг”

Анх удаа цусаа худалдахдаа Шү Сан Гуань эхнэр ч үгүй, хүүхэд ч үгүй цэл залуухан байлаа. Хамгийн сүүлчийн удаа цусаа худалдахаар сэтгэл шулуудаж, эмнэлгийн зүг алхаж явахдаа тэрээр хэдийн үнэнд гүйцэгдэж, хөгширсөн байдаг.

Шү Сан Гуань өөрийн амьдралаа цусаараа бүтээсэн. Тэрээр эргэж харахад түүний цус түүний гэр бүлийг, эхнэр, хүүхдүүдийг нь тэр бүү хэл өмсөх хувцас, идэх хоол, унтах орыг нь бий болгосон байдаг. Түүнд үүрд үнэнч байсан зүйл бол зөвхөн бүх биеэр нь гүйх цус л байв. Гэвч тэр дахиж цусаа зарж болохгүй болжээ. Хөгшин хүний цус хэнд ч хэрэггүй учир тэр одоо ямар ч хүчгүй нэгэн болсон. Үүнийг мэдрэх л Шү Сан Гуаны хувьд хамгийн аймшигтай байсан нь мэдээж.

Тиймээс ч энэ бол нэгэн цусаа худалдагчийн амьдралынх нь төгсгөл байлаа... 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)