Б.Баттөмөр: Томсгосон тойрогтой сонгуулиар нэг намын нэвшигчдийн дунд үл ойлголцол гардаг

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.

-УИХ-ын сонгуулийг олон мандаттай томсгосон тойргоор явуулахаар болж байна. Та  бүлгийн хурлын үеэр энэ хувилбарыг ганцаараа эсэргүүцсэн гэсэн. Энэ хувилбарыг эсэргүүцэх шалтгаан нь юу байна вэ?

-2016 оны сонгуулийг тухайн үеийн эрх баригч Ардчилсан намын сонгосон жижиг мажоритар тогтолцоогоор явуулж, энэ удаагийн парламент бүрдсэн. Манай намын Удирдах зөвлөлөөс томсгосон мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах нь улсын том эрх ашигт нийцнэ гэж үзсэн. Жижиг мажоритар нь жалга довны үзлийг дэвэргэж, төсвийн үр ашигтай зарцуулалтад сөргөөр нөлөөлж байна. Томсгосон хувилбараар явуулбал жижиг тойрог бүрээр биш улсын хөгжлөө томоор харах боломж бүрдэнэ. Тиймээс томсгосон мажоритар тогтолцоогоор явуулах шийдвэрийг Удирдах зөвлөлөөс гаргаад байна. Намаас дагасан шийдвэрийг гишүүд дагах учиртай. Энэ үүднээс Байнгын хороогоор хуулийн төслийг дэмжээд явж байна. Гэхдээ бүс нутгийн хөгжилд үр өгөөжтэй гэсэн сайн зүйл байгаа ч саар зүйлүүд бас бий. Нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөж, зөрчилддөг. Манай улсад өнөөдөр зөв бодлого, хөрөнгө санхүү дутагдаж байгаа нь үнэн. Үүнтэй адилхан эв нэгдэл ч дутагдаж байгаа. Нам дотроо, улс дотроо, тэр байтугай аймаг, сумаараа ялгарч талцдаг. Тэгэхээр хамгийн аюултай зүйл нь талцах асуудал байгаа юм. 2008 онд энэ хувилбараар сонгууль явуулсан. Долдугаар сарын 1-нд нь маш харамсалтай, хараар бичигдэх үйл явдал болсон. Тиймээс ийм байдал гаргахгүйн тулд хуульдаа сайн зохицуулалт тусгаж өгөх ёстой. Ялангуяа намууд, сонгогчид ч сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөөр хууль боловсруулах нь чухал. Тэгэхээр одоо том мажоритар гэдгээ тохирсон ч гэсэн хуульдаа нарийн зохицуулалтыг нь сайн тусгах хэрэгтэй.

-МАН эрх барих хугацаандаа дотоод зөрчил ихтэй байлаа. Хэдийгээр сонгууль дөхсөн ч зөрчил, хагарал нь бүрэн арилаагүй байх. Ийм үед нэг намын нэр дэвшигч хоорондоо өрсөлдөх нь зөрчлийг бүр дэврээнэ гэсэн болгоомжлол байна гэсэн үг үү?

-Бид их талцсан зүйл одоогоор алга л байна. Намынхаа шийдвэрийг бүгд дагаад л явж байна. Ер нь том утгаараа монголчуудад эв нэгдэл хэрэгтэй. Эв нэгдэлгүй учраас сөрөг асуудлууд их гарч байгаа юм. Тиймээс сонгуулиар ч гэсэн эв нэгдлийг хангах зүйлүүдийг хиймээр байгаа юм. Жижиг мажоритараар нэр дэвшсэн хүмүүс хоорондоо өрсөлдөөд л гараад ирнэ. Ялсан, ялагдсан нь тодорхой. Харин томсгосон хувилбарт намаараа явж сурталчилгаа хийдэг учраас үл ойлголцол гардаг. Зөвхөн манайхаас ч биш бүх намын хүнээс юм гарна.

-Сонгуулийн хамгийн төгс тогтолцоо гэж байхгүй. Харин манай улсад тохирсон хамгийн боломжит хувилбарыг та алийг нь гэж бодож байгаа вэ. Таны ярианаас 76 тойрогтой жижиг мажоритарыг дэмжиж байна гэж ойлголоо?

-Яг энэ нь тохиромжтой гэхээр их төвөгтэй. Бүгд л эерэг, сөрөг талтай. Аливаа зүйл ил тод, шударга байх ёстой. Шударга, ил тод байвал маргаан гарахгүй. Тиймээс сонгуулийн хуулийг яаж гаргана, тэр хэмжээгээр нийгэмд үнэлэгдэнэ.

-Тойргийн мандатын хуваарилалтыг хүн амын тоо, газар нутгийн хэмжээнээс хамаарч тэгш хуваарилахыг хуульчид, иргэд шаардаж байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Адилхан хүн амтай хоёр аймгийн нэг нь 2-3 төлөөлөгчтэй, нөгөө нь нэг төлөөлөгчтэй байж болохгүй. Иргэдийн төлөөлөл тэгш, шударга байх ёстой. Энэ утгаараа мандатын тоог тэгш хуваарилах нь зүйтэй. Тухайлбал, Говь-Алтай хамгийн том газар нутагтай аймгийн нэг. Гэтэл УИХ-д ганцхан төлөөлөлтэй байна. Сүхбаатар, Булган, Дундговь аймаг  ч нэг мандаттай байна. Өмнө нь эдгээр аймаг 2-3 мандаттай байсан. Тиймээс одоо тойрог, мандатын хуваарилалтыг эргэж харах шаардлага бий.

-30 гаруй тойрогтой болгоно гэсэн мэдээлэл байна. Энэ талаар бүлгийн гишүүд ярьж байна уу?

-Одоогоор ярьсан зүйл алга. Цаашдаа ярьж тойргийн тоог 26-гаас нэмж магадгүй.

-Нам дотроо нэр дэвших эрхийн уралдаан болж байгаа байх. Танай намын хувьд ямар зарчмаар нэр дэвшигчдээ тодруулах бол. Хэрэгт холбогдсон тэр дундаа ЖДҮХС-гийн хэрэгт холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэсэн яриа байна лээ?

-Одоо санал асуулга явуулах юм билээ. Хоёр удаа санал асуулга явуулж, рейтинг өндөртэй хүмүүсээ  нэр дэвшүүлнэ гэсэн. Түүнээс биш одоо байгаа хүмүүсээ шууд нэр дэвшүүлнэ гэж байхгүй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. улиг болсон системее больмоор юм

    0 0 Хариу бичих