Контемпорари урлаг гудамжнаас эхэлдэг

Монголын ардчилал, контемпорари урлаг хоёр нас чацуу. Ардчилал бидэнд олон шинэ зүйл өгсний нэг нь контемпорари урлаг юм. Тиймээс ч эрх чөлөөг эрэлхийлсэн уран бүтээлчид комтемпорари урлагаар дамжуулан түүнийгээ илэрхийлж эхэлсэн. Монголын дүрслэх урлагийн сэтгэлгээнд зотон тос, усан будаг л давамгайлж байсан цаг үеийг контемпорари эрин үеийн чөлөөт байдал дуу хадаан бут цохисноор уран бүтээлч, зураачид гудамжнаас ч урлагийг олж харах болжээ. Энэ нь манай дүрслэх урлагийг дэлхийтэй хөл зэрэгцэн алхахад том нөлөө басхүү хөшүүрэг болсон.

Саяхан “Contemporary art Mongolia 2019” үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн галерейд гарч өндөрлөлөө. Тус үзэсгэлэн өмнө нь 2014, 2016 онуудад үзэгчдэд хүрч байсан ч хэсэг завсардсан. Цаашид жил бүр тасралтгүй зохион байгуулахаар уран бүтээлчид төлөвлөж байгаа аж. Энэ жилийн үзэсгэлэнд Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ш.Чимэддорж, урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач С.Дагвадорж, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Г.Лхагвасүрэн тэргүүтэй Б.Номин, У.Одмаа, П.Ганбат, Д.Батхолбоо, М.Энхтайван, Б.Баатарзориг, Н.Сүхбүрэн, Ж.Шижирбаатар зэрэг уран бүтээлчид контемпорари бүтээлүүдээ дэлгэжээ.

Үзэсгэлэнгийн сүүлийн өдөр уран бүтээлчид хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөсөн байв. Зорьж очиход Монголын урчуудын эвлэлийн галерейд засвар хийж байгаа учир халаалтгүй, танхим жиндүүхэн. Үүдээр ороход их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадуламын хөрөг дээр хүрэн улаан өнгөөр CHANEL хэмээн тодоор бичсэн бүтээл угтлаа. Харин уран бүтээлчид бараг л цөм бүрдсэн байв.

Мөн хэлэлцүүлэгт оролцохоор цөөхөн хэдэн урлаг сонирхогч цуглажээ. Тойрч суугаад Монголын дүрслэх урлаг хийгээд контемпорари урлагийн тухай даруухан яриа дэлгэхэд “Контемпорари урлаг гудамжнаас л эхэлдэг” гэх үгсийг дэлгэсэн хүн бол Уран зургийн галерейн таазнаас унжуулан тогтоосон “Дөрөө” бүтээлийн эзэн зураач С.Дагвадорж байв.

1997 онд “Ногоон морьд” дүрслэх урлагийн сургуулийн хэдэн зураачид өөрсдийн бүтээж буй ертөнцөө модерн урлаг хэмээн тодорхойлж суухад “Контемпорари” гэх үгийг анх сонсож байжээ. Тэр үед л урлаг бидний эргэн тойронд, хаа сайгүй байдгийг ухаарсан аж. Хүн урлагийг бүтээдэггүй. Урлаг л хүнийг бүтээдэг.

Сэтгэ, тэгээд урлагт амьдар!

Үзэсгэлэнгийн нэгэн онцлох бүтээл бол зураач Ш.Чимэддоржийн “Би шувуу” инстоляци байлаа. Түүний “Би шувуу” инстоляци өмнөх жилүүдэд олон улсын алдартай бүхий л үзэсгэлэн, биеннале, терминалиудад оролцож байсан. Нэг ёсондоо олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, өөрийн түүх, он цагийг бүтээж яваа уран бүтээл. “Мөнхийн амар амгалан руу нүүж явна. Би шувуу... Би шувуу... Би шувуу...” Энэ бол “Би шувуу” бүтээлийн тайлбар. Зураач Ш.Чимэддорж шувуу биетэй 60 ширхэг буу бүхий бүтээлээ одоогоос гурван жилийн өмнө санааг нь олж, бүтээж байжээ.

Инстоляци гэдэг нь монголоор бол өрөг урлаг. Контемпорари урлагийн нэг төрөл. Манайд дуу, дүрс, өрөг, лэнд арт зэрэг контемпорари урлагийн төрлүүд түлхүү хөгжиж буй.

Мөн контемпорари бүтээлүүддээ төмөр, шил, цаас, даавуу, мод зэрэг материалууд ихэвчлэн ашигладаг. Харин Ш.Чимэддорж “Би шувуу” бүтээлээ хүрлээр цутгаж хийсэн аж. Хүрэл бол хамгийн амь бөхтэй, устаж үгүй болдоггүй элемент учир сонгосон хэмээн үзэсгэлэнгийн хэлэлцүүлгийн үеэр ярьж байв. “Уран бүтээлч хүнд дураараа зан хамгийн чухал” гэсэн тэрээр “Би шувуу” инстоляциа “Нийгэмд зөвхөн устгах механизм л үйлчилдэг. Бид үүссэн цагаасаа л мөхөл рүүгээ явж эхэлсэн” хэмээн тайлбарласан. Гэвч аливаа уран бүтээлийг хүн өөрийнхөөрөө л унших эрхтэй билээ.

Харин надад хэрвээ өөрийгөө шувуу хэмээн эндүүрсэн буу үг хэлж чаддаг байсан бол чухам юуг хүүрнэх байсан бол гэдэг л хамгийн сонирхолтой санагдаж байлаа. Буу гэх амьгүй биет өөрөө аюул, энх тайвныг зэрэг агуулдаг. Цус хаана ч, хэзээ ч урссаар ирсэн. Бид хүн болж төрөхөө, төрөхдөө гагцхүү энэ л бодьгалд заяагдана гэдгээ урьдаас мэддэг байсан бол бидэнд сонголт байх байсан.

“Би шувуу” бүтээлийн бас ийм нэгэн тайлбар бий.

“Хүн төрөлхтний дотоод мөн чанар... Хүн үүссэн цагаасаа эхлэн өөрийгөө устгаж эхэлсэн бөгөөд том үндэстэн жижгээ, хэл соёл, түүх, өв уламжлалаа цаг хугацааны аясаар устгасаар нүүж явна. Энэ олон мянган жилийн их нүүдэл хаа хүрэхийг би ч, та ч мэдэхгүй... Агуу их соёл, иргэншлийн оргилд хүрэх үү? Мөхөлд хүрэх үү? Үүний хариултыг эрхэм танд үлдээлээ...”

Хөнгөн, зугаатай, дарамтгүй...

Улаанбаатар хотод төд удалгүй идэр есын хүйтэн тачигнана. Яг ийм жавартай хотод маань арав алхаад л тааралдах тамхины жижигхэн цэгийг ажиглаад нэг үзээрэй. Хогийн саван дээр овоорох тамхины иш, үнс, асаад дууссан шүдэнзний мод, хэн нэгний өөрөөсөө гээсэн шүлс зэрэг олон өнгийн дүр зураг үзэгдэх вий. Энэ бол бидний бүтээсэн нийгэм хийгээд нийгмийн бүтээсэн контемпорари юм. Урлаг зөвхөн хүндийн туйл биш. Хөнгөн ч оршиж болно. Яг л ийм чөлөөт сэтгэлгээг тэд урлаг мөн гэсэн. Ингэж санаад эргэн тойрноо ажиглавал бүгд ямар нэгэн утга учиртай оршин тогтнож буй мэт санагдана. Ийм л орон зайг контемпорари урлаг хүнд өгдөг. Тэр орон зайд та сэтгэж болно. Бодож, үгүйсгэж, шүүмжилж бас хөгжиж ч болно. Гагцхүү үнэн гэвэл уран бүтээлч өөрийн эмзэглэлээ илэрхийлэх томоохон ертөнц бол контемпорари урлаг юм.

Энэ жилийн үзэсгэлэн хүсэж, хүлээж, зорьж очсон нэгэнд таалагдсан байх. Ирэх жил шинэ бүтээлүүдээр орон зайгаа сэлгээд дахин огтлолцох хүсэлдээ хөтлөгдөнө. Тэр болтол гарч алхаад контемпорари хотоо тольдож л байя.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)