УИХ-ын сонгууль заавал 26 тойрогтой байх албагүй

Парламент УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслөө баталлаа. Анх төслөө өргөн барихдаа 50:26 гэсэн хувилбараар сонгууль явуулахаар төлөвлөж байсан бол эрх баригч МАН хэлэлцүүлгийн үед томсгосон 26 тойргоор сонгууль явуулахаар боллоо гэж мэдэгдсэн. Гэвч энэ нь заавал 26 тойрог байгуулж сонгууль явуулна гэсэн үг биш юм. Учир нь, УИХ-ын сонгуулийн тухай хуульд “УИХ-ын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгоно” л гэж заасан. Түүнээс бус 26 тойрог гэсэн үг, өгүүлбэр ороогүй. УИХ ирэх хоёрдугаар сарын 1-нээс өмнө тойрог байгуулах, мандат хуваарилах тухай тогтоолын төслөө батална. Тухайн үедээ хэдэн тойрог байгуулах, тойргууд нь хэдэн мандаттай байхыг шийдэх юм. Харин өмнө нь олон мандаттай тойргоор сонгууль явуулсан хоёр тохиолдолд (1992. 2008 он) хоёуланд нь 26 тойрогтой байсан учраас түүгээрээ жишиг тайлбарласан хэрэг. Түүнээс бус 2020 оны сонгууль 26 тойрогтой байна гэж хуульчлаагүй. Тэгэхээр тойрог байгуулах, мандат хуваарилах тухай тогтоолын төслөө хэлэлцэн батлах үйл явц нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслөөс ялгаагүй олны анхаарлыг татсан процесс байх юм.

Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг нэр дэвшүүлэхийг хориглолоо

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхдээ 30.8 гэсэн заалтыг шинээр нэмж оруулсан. Энэхүү заалт нь “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно” гэсэн заалт юм. Өмнөх сонгуулиудаар ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй хүмүүсийг нэр дэвшүүлдэггүй байлаа. Харин одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулиар ялтайд тооцох хугацаа гэсэн ойлголт байхаа больсон учраас Т.Аюурсайхан гишүүн дээрх заалтыг нэмэх санал гаргасан. Төрийн байгуулалтын байнгын хороо эцсийн хэлэлцүүлэг хийхдээ уг саналыг хасах шийдвэр гаргасан ч чуулганаар хэлэлцэх үед хасах санал нь дэмжигдсэнгүй. Ингэснээр өмнө нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож шүүхээс ял сонссон хүмүүс УИХ-д нэр дэвших эрхгүй болж байна. Гэхдээ Үндсэн хуулийн Цэц 2008 оны сонгуулийн өмнө яг үүнтэй ижил маргааныг хэлэлцэж УИХ-ын эсрэг шийдвэр гаргаж байсан юм. Тиймээс энэхүү заалт нь Цэц дээр унах магадлалтай. МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс энэхүү заалт батлагдсан тохиолдолд Цэцэд хандана гэдгээ мэдэгдээд байсан юм. Тиймээс Цэцтэй холбоотой маргаан, тойрог байгуулж, мандат хуваарилах тогтоол батлах гэх мэт асуудлууд олон нийтийн анхаарлын төвд байсаар сонгуультай золгохоор байна.

Сонгогч тойргийнхоо мандатын тоотой тэнцүү санал өгнө. Дутуу эсвэл илүү санал өгсөн тохиолдолд тухайн саналын хуудас хүчингүй болно

Хэдэн тойрог байгуулж сонгууль явуулах нь ийнхүү тодорхой бус байгаа ч олон мандаттай тойргоор сонгууль явуулах нь бол тодорхой. Тиймээс УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Сонгогчдын санал нь тухайн тойргийн мандатын тоотой тэнцүү байна. Илүү эсвэл дутуу санал өгвөл уг саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэсэн заалт орууллаа. Тодруулбал, дөрвөн мандаттай тойрогт саналаа өгч байгаа сонгогч заавал дөрөв, гурван мандаттай тойрогт саналаа өгч байгаа сонгогч заавал гурван хүнийг сонгон гэсэн үг юм. Харин сонгуулийн тогтолцооноос шалтгаалан гадаадад амьдарч буй иргэд УИХ-ын сонгуульд саналаа өгөх боломжгүй болж байна. 50:26 гэсэн хувилбараар сонгууль явуулсан бол гадаадад амьдарч буй иргэд улс нэр тойргоос сонгогдох 26 хүний төлөө саналаа өгөх боломжтой байлаа. Одоо бол тэд аль ч тойрогт харьяалагдахгүй учраас саналаа өгөх боломжгүй юм. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх эрх нь нээлттэй.  

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслөөс маргаан дагуулсан нэг заалт нь овог, нэр, оршин суугаа хаяг, регистрийн дугаар бүхий сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуульд оролцож буй нам, эвслүүдэд УБЕГ-аас өгөх эсэх тухай байлаа. Эцсийн мөчид энэ санал дэмжигдэж батлагдсан юм. Өмнөх сонгуулиудаар мөн сонгуульд оролцож буй нам, эвслүүдэд сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж өгдөг байсан юм. Ингэхдээ нам, эвслээс тодорхой хэмжээний төлбөр авч хэвлэж өгдөг байсан. Одоо бол цахимаар өгөх учраас төлбөр авахгүй гэдгийг УБЕГ-ын дарга Б.Баасандорж хэллээ. Харин ажлын хэсэг анх хуулийн төслөө өргөн барихдаа энэ тухай заалт оруулаагүй байсан өгөөд хэлэлцүүлгийн явцад нэмэгдсэн юм. Хуулийн төсөлд анх оруулаагүй байсан нь хоёр шалтгаантай байжээ. Нэгдүгээрт, олон нийтийн зүгээс хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг хувилж тараахаа боль гэсэн шаардлагыг СЕХ-нд удаа дараа ирүүлж байжээ. Хоёрдугаарт, энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд Улсын бүртгэлийн багц хууль батлагдсан. Энэ хуульд иргэдийн ямар мэдээлэл нь нээлттэй, хаалттай, хязгаартай байх тухай нарийн зааж өгсөн. Тухайлбал, иргэний овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаяг нь уг хуулийн 12.6-д зааснаар хязгаартай мэдээлэл юм байна. Гагцхүү тухайн иргэн хэрэг маргаанд холбогдвол прокурорын зөвшөөрлөөр мөрдөгчийн саналын дагуу УБЕГ хууль хяналтын байгууллагад өгөх ажээ. Гэвч УИХ сонгуульд оролцож буй нам эвслүүдэд сонгогчдын нэрийн жагсаалтыг олгохоор хуулиа баталчихлаа. Гэхдээ тухайн нам, эвслүүдэд өгсөн нэрсийн жагсаалтыг хувилж тараахыг хориглож байгаа бөгөөд тараасан тохиолдолд иргэнийг таван мянга, хуулийн этгээдийг 40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр болгох заалтыг хамт баталлаа. Гэхдээ энэ хариуцлагын заалт нь Улсын бүртгэлийн хуулийг зөрчихөөс сэргийлсэн үндэслэл болж чадах эсэх нь эргэлзээтэй юм. Магадгүй энэ заалтаар ч иргэд Үндсэн хуулийн Цэцэд хандахыг үгүйсгэхгүй. Сонгогчдын овог, нэр, оршин суугаа хаяг, регистрийн дугаар бүхий нэрийн жагсаалтыг сонгуульд оролцож буй нам, эвслүүдэд өгнө гэдгийг УИХ-ын сонгуулийн тухай хуульд заавал оруулах ёстой гэдгийг гишүүд тайлбарлахдаа “Иргэдийг давхардуулж санал өгүүлэх тохиолдол гарахаас урьдчилсан сэргийлж нам, эвслүүд хяналт тавих үүднээс оруулах ёстой” хэмээн тайлбарлаж байлаа. Товчхондоо, нам, эвслүүд үүгээр дамжуулан нэг нэгэндээ хяналт тавина гэсэн үг.  

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад маргааш дагуулсан өөр нэг заалт бол эвсэл болсон намуудыг ямар тохиолдолд тарсан гэж тооцох тухай заалт юм. Өмнө нь аль нэг нам нь гарах шийдвэр гаргасан бол тухайн эвслийг тарсанд тооцдог байлаа. 1992 оноос хойшх долоон удаагийн сонгуульд хэд хэдэн эвсэл оролцож байсан бөгөөд задарсан тохиолдол ч бий. Тиймээс шинэ зохицуулалт оруулах нь зүйтэй гэж үзжээ. Тиймээс "Эвсэлд орсон намуудын аль нэг нам дангаараа нэр дэвшүүлэх, сонгуулийн зардлын данснаас бие даан зарлага гаргах, өөр намуудын эвсэлд нэгдэн орох, бие даан болон өөр эвсэл байгуулан дахин болон нөхөн сонгуульд оролцохыг хориглоно. Эвсэлд нэгдсэн намуудын олонх нь эвслээс гарсан тохиолдолд эвсэл тарсанд тооцно" гэсэн заалт оруулж баталлаа. Уг заалтыг оруулах болсон шалтгааныг УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нар тайлбарласан юм.

С.Бямбацогт: -Эвсэлд нэгдсэн намуудын олонх нь гарсан тохиолдолд эвсэл тарсанд тооцно. Энэ саналыг Ж.Батзандан, Л.Болд гишүүн гаргасан. 10 нам нэгдээд эвсэл болж сонгуульд оролцоод санал хураалт явагдахаас өмнө нэг нь гарвал үлдсэн есөн нам нь сонгуульд оролцох эрхээ эдэлж чадахгүйд хүрэхээр байсан. Улс төрийн намуудын эвсэж сонгуульд оролцох бололцоо ганцхан намаас болоод сонгуулиас хасагдах эрсдэл байгаа учраас олонх нь гарсан тохиолдолд гэж өөрчилж байгаа. Өөрөөр хэлбэл, эвсэлд нэгдсэн 10 намаас зургаа нь гарвал эвсэл тарсанд тооцно. Эвсэл дотор нэг нам нь өөр зорилгоор шургаж орчихоод гарч эвслээ задлах эрсдэлийг хаасан гэсэн үг. 

Ц.Нямдорж: -Би Ж.Батзандан гишүүний санаа зовж байгаа асуудлыг ойлгож байна. Эсвэл өмнө нь юу болж байсан түүхээ битгий мартаарай. Эвсэл нь сонгуулийн өмнө хэврэг байх, сонгуулийн дараа төрөөр тоглосон явдал бий. 1996 оны Ардчилсан холбоо эвсэл юу боллоо. 2004 оны эвсэл юу болж хэдэн Засгийн газар солигдлоо. Хамгийн сүүлд 2012 оны Шударга-Ёс эвсэл юу боллоо. Нэг эвссэн л бол дөрвөн жилийн турш тэр байдлаараа ажиллаж, улс төрийн тогтвортой байдлыг хадгалах явдал бол намын бус төрийн асуудал шүү. Хэзээ л бол хэзээ тардаг эвсэл байгуулж сонгууль хийчхээд үр дүнд нь юу болдог билээ. Энэ зовлонг бид бүгдээрээ дайраад өнгөрсөн.

Сонгуулийн маргаан гарсан тохиолдолд ямар хугацаанд шийдвэрлэхийг хуульчилж өгөөгүйгээс болж нэр дэвшигчид болон сонгогчид хохирдог. Тиймээс “Сонгуулийн маргаан гарсан тохиолдолд сонгуулийн жилд багтаан шийдвэрлэнэ” гэсэн заалтыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгаж баталлаа.

Сурталчилгааны хугацаа, хандивын хэмжээг нэмлээ

УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хоног өмнө нь 18 байсан бол 22 болгож нэмлээ. Энэ нь тойрог томсгож байгаатай холбоотой юм. Мөн нэр дэвшигч нэр нэр дэвшигчийн үнэмлэхээ авчхаад сурталчилгааны хугацаа эхэлтэл дөрөв хоног хүлээдэг байсан бол энэ удаад шууд тухайн өдрөөсөө сурталчилгаагаа эхлүүлэхээр болж байна. Мөн сонгуулийн үеэр цахим орчинд тодорхой хэмжээний хязгаарлалт хийх тухай заалт батлагдлаа. Нэр дэвшигч нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авснаас хойш гурав хоногийн дотор сурталчилгаа явуулах цахим хаягаа Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлэх юм. Улмаар нэр дэвшигчид цахим орчинд сурталчилгаа хийхдээ олон нийтийн сэтгэгдэл бичдэг хэсгийг хаахаар хуульчилсан.

Өмнөх сонгуулиар иргэн гурав, хуулийн этгээд 15 сая хүртэлх хэмжээний хандив өгөхийг зөвшөөрдөг байсан бол энэ удаагийн хуулиар иргэн тав, хуулийн этгээд 20 хүртэл сая төгрөгийн хандив өгөхийг зөвшөөрч хуульчиллаа.  

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)