Намуудад “зардаг” байсан сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ удаад зүгээр өгнө

УИХ-ын сонгуулийн тухай хуульд орсон “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно” гэсэн заалтаас гадна бас нэг маргаан дагуулсан заалт бий. Энэ бол иргэдийн овог, нэр, хүйс, оршин суугаа хаяг, регистрийн дугаар бүхий сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуульд оролцож буй нам, эвслүүдэд УБЕГ-аас өгөх заалт тухай юм. Өмнөх сонгуулиудаар сонгогчдын нэрийн жагсаалтыг нам, эвслүүдэд өгдөг байсан гэдгийг УБЕГ-ын дарга Б.Баасандорж хэлсэн. Ингэхдээ цахимаар бус цаасаар хэвлэж олгодог байсан учраас тодорхой төлбөр авдаг байжээ.

УБЕГ-ын дарга Б.Баасандорж: -Өмнөх сонгуулийн хуулиар сонгогчдын нэрийн жагсаалтыг намуудад өгөхдөө төлбөр авдаг байсан юм. Харин энэ удаад төлбөрийн тухай зохицуулалт оруулаагүй. Яагаад гэвэл, цахимаар өгөх учраас төлбөр шаардахгүй.

Сонгогчдын нэрийн жагсаалтыг нам, эвслүүдэд өгөх заалтыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд оруулж байгаа шалтгааныг хууль тогтоогчид тайлбарлахдаа “Иргэдийг давхардуулж санал өгүүлэх тохиолдол гарахаас урьдчилсан сэргийлж нам, эвслүүд хяналт тавих үүднээс оруулах ёстой” хэмээн тайлбарлаж байлаа. Товчхондоо, нам, эвслүүд үүгээр дамжуулан нэг нэгэндээ хяналт тавина гэсэн үг.  Уг нь энэ заалт анх өргөн барьсан хуулийн төсөлд багтаагүй байсан юм. Энэ нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, олон нийтийн зүгээс хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг хувилж тараахаа боль гэсэн шаардлагыг СЕХ-нд удаа дараа ирүүлж байжээ. Хоёрдугаарт, энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд Улсын бүртгэлийн багц хууль батлагдсан. Энэ хуульд иргэдийн ямар мэдээлэл нь нээлттэй, хаалттай, хязгаартай байх тухай нарийн зааж өгсөн. Тухайлбал, иргэний овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаяг нь уг хуулийн 12.6-д зааснаар хязгаартай мэдээлэл юм. Гагцхүү тухайн иргэн хэрэг маргаанд холбогдвол прокурорын зөвшөөрлөөр мөрдөгчийн саналын дагуу УБЕГ хууль хяналтын байгууллагад өгөх ёстой. Гэвч УИХ сонгуульд оролцож буй нам, эвслүүдэд сонгогчдын нэрийн жагсаалтыг олгохоор хуулиа баталчихлаа. Ингэхдээ тухайн нам, эвслүүдэд өгсөн нэрсийн жагсаалтыг хувилж тараахыг хориглож байгаа бөгөөд тараасан тохиолдолд иргэнийг таван мянга, хуулийн этгээдийг 40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр болгох заалтыг хамт баталсан юм. Гэхдээ энэ хариуцлагын заалт нь Улсын бүртгэлийн хуулийг зөрчихөөс сэргийлсэн үндэслэл болж чадах эсэх нь эргэлзээтэй.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: -Өмнө нь намуудад сонгогчдын нэрийн жагсаалтыг өгдөг байсан. Гэхдээ Улсын бүртгэлийн тухай багц хууль батлагдаж сонгогчдын нэрийн жагсаалт нь хязгаартай мэдээлэл болсон. Тиймээс энэ заалтыг оруулбал, хууль зөрчих юм биш үү. Намуудад сонгогчдын нэрийн жагсаалтыг өглөө гэхэд регистрийн дугаар, оршин суугаа хаягийг нь өгөх ямар шаардлагатай юм бэ. Энэ цаанаа улсын аюулгүй байдалтай холбоотой.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: -Сонгогчдын хувийн мэдээллийг намуудад өгөх эсэх асуудал 2015 онд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байхад ч маргаан дагуулж байсан юм. Тухайн үед өгөхөөр болоод батлагдсан. Хэлэлцэж байх үед хууль шүүхийн байгууллагын зүгээс хувь хүний нууцтай холбоотой асуудалд ингэж хамаагүй хандаж болохгүй шүү гэдгийг анхааруулж байсныг санаж байна. Түүнээс хойш Улсын бүртгэлийн хууль шинэчлэгдсэн. Энэ хуулиар иргэдийн мэдээлэл ил байх ёсгүй, хязгаартай ангилалд багтсан. Тиймээс бид одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульдаа нийцүүлж УИХ-ын сонгуулийн тухай хуулиа батлах ёстой. 

Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуульд оролцох нам, эвслүүдэд өгөх заалт батлагдах үед УИХ дотор эсэргүүцэх гишүүн олон байсан юм. Батлагдсаны дараа ч хуульчид болон улс төр судлаачид уг заалтыг шүүмжилж эхэллээ. Үүнтэй холбогдуулан “Овог, нэр, регистрийн дугаар бүхий сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуульд оролцох намуудад өгөх нь зөв үү” гэдгээр санал асуулга явуулахад санал асуулгад оролцогчдын 80 гаруй хувь нь буруу гэж санал өгчээ. Энэхүү зохицуулалт нь иргэдэд ямар ч ашиггүй. Харин ч хувийн мэдээлэл нь задрах эрсдэлтэй учраас иргэд буруутгах нь аргагүй юм.

Мөн үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч УИХ-ын сонгуулийн тухай хуульд хориг тавих магадлалтай. Хэрэв хориг тавихгүй бол дээрх заалтыг шүүмжилж буй буруутгаж буй хүмүүсийн хэн нэг нь Үндсэн хуулийн Цэцэд хандах биз ээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. 10 хятад 1 нам байгууллаад монголын бүх иргэний мэдээллийг авчихаж байгаа юм уу тээ. тэгж намаар монголын бүх иргэдээр тоглуулаад дэмий биз дээ. 30 нам чинь бүгд авна гэсэн үг тэгээд цашаа хужаад зарна биз.

    0 0 Хариу бичих