Л.Оюун-Эрдэнэ: МИАТ компанид шалгалт оруулсан

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд болон цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-МИАТ-ийн нисгэгч гадаадад хар тамхи хэрэглэж байгаад баригдсан байна. Төрийн өмчит компани гэдэг үүднээс арга хэмжээ авч байгаа юу?

-Би нарийн мэдээлэлгүй байна. Өчигдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга руу ярьж, өнөөдөр шалгалт оруулахаар болсон. Хэрвээ энэ байдал тогтоогдвол хариуцлага тооцно.

-МИАТ компанид бүтцийн өөрчлөлт хийж, орон тоо нэмнэ гэсэн мэдээлэл байна. Үнэн үү?

-Орон тоо нэмэх асуудал яригдаагүй. Харин байгууллага дотроо зохицуулалт хийх боломжтой.

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Атрын IV аян зарласан байна. Мөн цахим бүртгэлийн төвтэй болох асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Засгийн газрын энэ жилийн сүүлийн хурал өнөөдөр боллоо. Ерөнхийдөө дүгнэлт ярьсан гэхэд болно. Хуралдаанаар Атрын IV аяныг ирэх оноос эхлүүлэхээр зарлалаа. Мөн цахимаар хийж болох бүртгэлүүдийг нэг дор төвлөрүүлж, цахим бүртгэлийн Үндэсний хороотой болох асуудлыг хэлэлцлээ. Төр засгийн иргэдэд үйлчлэх төвийг шинээр байгуулна. Тэнд гишүүд болон холбогдох албаны хүмүүс долоо хоног гарч буй асуудлаар график гаргаж, ЗГХЭГ-т нэгтгэнэ. Одоо бэлтгэл ажилдаа орж, ирэх хавраас дуусах байх.

-Төрийн албан хаагчдын цалинг хэдэн хувиар нэмж байгаа вэ?

-Төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр төсөвт тусгасан. Тиймээс зохих журмын дагуу ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэхээр шийдвэрлэлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, холбогдох албаныхан нарийн мэдээлэл өгөх байх.

-Сайжруулсан түлшний нөөцийг нэмэгдүүлэх талаар ярилцсан уу?

-Агаарын бохирдлын талаар асуудлууд ярьсан. Хэд хэдэн асуудал бий. Өнгөрсөн жилийн нөөцөлсөн түүхий нүүрсээ түлж байгаа асуудал байна. Мөн түүхий нүүрс хэрэглэхийг хориглоогүй бүсээс хотын төв рүү утаа орж ирж байна. Тиймээс хотын захын бүсүүдэд сайжруулсан түлш хэрэглүүлэх талаар чиглэл өгсөн.

-Авто замын түгжрэлийг яаралтай бууруулах чиглэл өгсөн гэсэн. Ямар аргаар түгжрэл бууруулах вэ?

-Ерөнхий сайд хотын түгжрэлийг яаралтай бууруулах чиглэл өгсөн. Гурван том төслийн танилцуулга хийсэн. Ерөнхийдөө он гараад гурван шийдэлд тулгуурлаж, ажлууд хийхээр болж байна. Нэлээд зоримог шийдвэрүүд гэж болно. Эдгээр шийдвэрийг нийслэлчүүд хамтарч хэрэгжүүлбэл, үндсэндээ хоёр жилийн дотор хотын түгжрэлийг 50 хувь бууруулах боломж бий.

-Тодруулбал, ямар шийдлийг сонгож байгаа вэ?

-Олон төрөлт тээврийг дэмжье гэсэн. Гэр хороолол бүхий газрыг хотын төвтэй холбосон дүүжин тээврийг таван байршилд тавина. Мөн богино зайны нийтийн тээврийг нэмэгдүүлнэ. Хотын төвд соронзон галт тэрэг явуулна. Одоогоор урьдчилсан ТЭЗҮ яригдаж байгаа болохоор би нарийн мэдээллийг нь төлөөлж ярьж болохгүй. Цаашдаа зарим автомашиныг явуулахыг хориглоё гэж байгаа. Гэхдээ шууд биш тодорхой хугацаа заах байх. Дунд хугацаандаа хот тойрсон хурдны авто зам барих нь зөв гэж үзэж байгаа. Үүнийг нийслэлтэй хамтарсан ажлын хэсэг байгуулж, ЗГХЭГ хариуцаж ажиллана.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. http://live1.mn/%D0%B1%D0%B0%D1%80%D0%B8%D0%BC%D1%82-%D1%86-%D0%B4%D0%B0%D0%B2%D0%B0%D0%B0%D1%81%D2%AF%D1%80%D1%8D%D0%BD-%D1%81%D0%B0%D0%B9%D0%B4%D1%8B%D0%BD-%D1%85%D1%83%D1%83%D0%BB%D1%8C-%D0%B1%D1%83%D1%81-%D1%82/

    0 0 Хариу бичих
  2. МИАТ-ын орлогч байсан танай найз Энхбаатарын 600сая-ын хэрэг яагаад таг болов. ОюунЭрдэнэ сайдаа нэг тайлбар өгөөч

    0 0 Хариу бичих
  3. Ene aguu hudalch hudal yrij duusahgui yumaa!

    0 0 Хариу бичих