2019 оноос үлдэх УРЛАГ

2019 оны хувьд Монголын урлагийн салбар бүрд шинэ контентууд мэндэлж, богц дүүрэн жил болж өнгөрч байна. eagle.mn урлагийн салбарт болж өнгөрсөн, үнэ цэн нь үлдэх томоохон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.   

НЭГ. Дүрслэх урлаг

Дэлхийн архитектурын нэгэн ноён оргил И.М.Пей 102 насандаа буюу өнгөрсөн тавдугаар сарын 15-нд өөд болсон юм. Контемпорари урлагийн хатан хаан Марина Абрамович өнгөрсөн зургаадугаар сард бидний бараг л дэргэд буюу Хятадын Бээжин хотод үзэсгэлэнгээ дэлгээд амжлаа. Олон улсад технологийн дэвшилт эрчийг авч Салвадор Дали зэрэг зураачдыг шинээр амилуулж байсан бол бидний хувьд 2019 он С.Буяннэмэх, Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн зэрэг үе үеийн шилдэг 55 найрагчийн хөргөөс үзэсгэлэн бүрдсэн “Яруу найрагчдын хөрөг” үзэсгэлэнгээр эхэлжээ. Улмаар 58 дахь удаагийн Венецийн биенналед “Агшин зуур” бүтээл тавигдаж олон улсын дүрслэх урлаг судлаачдын анхааралд өртөөд амжсан бол 25 дахь удаагийн НордАрт олон улсын үзэсгэлэнд уран барималч А.Очирболдын “Дэгрээ” бүтээл оролцож, тэргүүн шагналыг хүртсэн юм.  Мөн “Музейгээ хамгаалъя” аян залуусын дунд газар авсан боловч одоо Улаанбаатарт хамгийн эртний түүхтэй, биет дурсгалын үнэт өв болсон нэгэн барилга газрын хөрснөөс арчигдсан үйл явдлын түүхэн гэрч болцгоолоо.  Энэ үйл явдлын өмнөхөн “Чойжин ламын сүм музей” сэргээн засварлалт яаралтай хийх хэрэгтэй дэлхийн түүхэн дурсгалт 25 газрын нэгээр тодров. Музейг дэлхий үнэлэх тус ажлыг амжилттай гүйцэтгэсэн газар бол Монголын урлагийн зөвлөл юм. Уран бүтээлч, барималч Н.Сүхбүрэнгийн "Ceramic Sculpture" бие даасан үзэсгэлэн нээлтээ хийсэн керамик урлалд  нэгэн үзэгдэл боллоо. Монголын уран зургийн галерей монголдоо анх удаа санаачлан “Үдшийн галерей” төслийг амжилттай хэрэгжүүлж, дүрслэх урлагийг олон нийтэд суртачлах үүргээ биелүүлэв. Энэ жил Монгол, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа үүсэж хөгжсөний 70 жилийн ой тохиож буй. Ойн хүрээнд соёл, урлагийн олон үйл ажиллагаа зохион байгуулсны нэг бол “Төвөдийн жаран” жаран гэрэл зургийн үзэсгэлэн байлаа. Монголын урлагийн зөвлөлөөс “Нүүдэл суудал” олон улсын медиа урлагийн наадмыг дөрөв дэх удаагаа зохион байгуулав. Монгол Улсын Төрийн шагналт, Ардын зураачид болох Б.Чогсом, До.Болд нар “Урлагийн амьдрал” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнгээ гаргасан нь манай дүрслэх урлагт хоёр том зураачийн бүтээлийг нэг дор шимтэн үзэж, танилцах түүхэн үйл явдал боллоо. Оны төгсгөлд “Контемпорари арт Монголиа 2019” үзэсгэлэн гарсан билээ.  

ХОЁР. Кино урлаг

АНУ-д алдарт найруулагч Квентин Тарантино “Холливудад нэгэн удаа” киногоороо эргэн ирж, хэл ам тарьж байхад ази тивд Өмнөд Солонгосын нэрт найруулагч Бон Жүн-О “Шимэгч” киногоороо эргэн ирж, Каннын кино наадамд бөмбөг тэсэлсэн нь олон улсад одоо ч намдаж амжаагүй байна. Жүжигчин Хоакин Финэкс “Жокер”-ын хувь ертөнцийг үзэгчдэд дэлгэж, авьяас чадвараа дахин нэг баталсан зэрэг үзээд уйдамгүй шинэ бүтээлүүдээр дүүрэн жил байлаа. Харин бид нэгдүгээрд сард нээлтээ хийсэн “Хийморь” киногоор бүрэн амьсгаллаа. “Хийморь” кино олон улсад Германы “Олденбург”-ийн кино наадмын “Кино урлагийн амин сүнс ”, Энэтхэгийн кино наадмын “Алтан цом”, АНУ-ын олон улсын Сан Диего наадмын “Шилдэг уран сайхны кино” зэрэг шагналыг хүртэж, Оскарын наадамд монголын кино урлагийг төлөөлж “Шилдэг гадаад хэл дээрх кино” номинацид нэр дэвшээд байгаа юм. Хувьсал продакшн “Тэнгэрээс буусан од” ээлжит дэлгэцийн уран бүтээлээ үзэгчдэд хүргэсэн бол “Аримун” гэх шинэ айл өрх кино урлагт мэндэлж “Халуун зүрх” нэртэй анхны киногоо нээв. Аль аль нь үзэгчдээс чамгүй үнэлгээ авсан. Монголд арилжааны кинонууд чамгүй амжилт олсоор байгаа нь дээрх жишээнүүдээс тод харагдаж байна. Үүгээр ч зогсохгүй цуврал киноны олон улсын жишгийг монголын кино урлагт нэвтрүүлэг зорилготой нэгэн том контент бол “37-р точка” олон ангит кино байлаа. Оны төгсгөлд Монголчууд “37-р точка”-гаар амьсгаллаа. Кино урлагт өрнөсөн хамгийн том үйл явдал бол “Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл”-ийг өргөн барьсан явдал байв. Монголын кино урлаг өмнө нь ямар нэгэн хуулийн зохицуулалтгүй, жамаараа хөгжсөөр ирсэн юм. Тус хуулийн төсөл нь монгол киног дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжин, хөгжүүлэх, кино урлагийн салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулах эрх зүйн орчин бий болгох зорилгоор боловсруулсан байна.

ГУРАВ. Сонгодог урлаг

Энэ жил монголчууд нэгэн сод авьяастан, суу билэгт туурвигчаа сүүлчийн замд нь үдсэн билээ. Тэр эрхэм хүмүүн бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Чингис хааны одонт, Төрийн шагналт Бямбасүрэнгийн Шарав байв. Түүний уран бүтээлийн хос “Алтан пянз” монголын урлагт том хөрөнгө оруулалт болж үлджээ. Монгол Улсын ээлжит соёлын элчээр гавьяат жүжигчин, дуурийн театрын гоцлол балетчин Отгонтөгсийн Анужин өнгөрсөн дөрөвдүгээр сард томилогдсон юм. Гавьяат жүжигчин О.Анужин, соёлын элчээр томилогдон ажиллах хугацаандаа Монгол Улсыг соёл, урлагаар олон улсад  сурталчлан таниулах  чиглэлээр ажиллах үүрэгтэй. Дэлхийн алдарт сонгодог балет А.Аданы “Жизель” монголын тайзнаа амилсны 40 жилийн ой энэ онд тохиов. Мөн дуурийн театрын тайзнаа ОХУ-ын Пермь хотын дуурийн театрын гоцлол бүжигчин Р.Булган анхны тоглолтоороо  П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын хар, цагаан хунгийн дүрийг амжилттай бүтээсэн сонгодог урлагт жишиг тогтоосон үйл явдал боллоо. Р.Булганы дараа тайзнаа дахин шинэ хун мэндлэв. “Хунт нуур” балетад шинэ гоцлоочид тоглож, “шинэ” хун, “ханхүү” нар бүжлээ. Оддетта буюу цагаан хун, Одиллия буюу хар хунгийн дүрд залуу гоцлооч М.Нандинцэцэг, Зигфрид буюу ханхүүгийн дүрд залуу гоцлооч Ө.Мөнхжин нар тоглосон нь монголын балетын урлагийг авьяаслаг, чадварлаг шинэ залгамж халаа хүлээн авч буйг нотоллоо. Үүгээр сонгодог урлагийн сонин сайхан дууссангүй. Уран бүтээлчид шинийг эрэлхийлж буй нь агаарын бохирдлоос үүдэн мянга мянган хүүхэд эрүүл мэндээрээ хохирч буй эмгэнэлийг модерн балетаар “Амьдралыг тэтгэгч O2" балетаар илэрхийлэв. Мөн “Номадик балет” продакшны “Бие-Үгүй” неоклассик бүжгийн урсгалыг монгол бүжгийн хэв маягтай уялдуулж холбосон сонин, содон бүжгийн тоглолт үзэгчдийг уйдаасангүй.

ДӨРӨВ. Хөгжим

Өнгөрч буй онд Өмнөд Солонгосын жүжигчид хийгээд к-поп дуучдыг тойрсон хүчин, хар тамхи, мөрийтэй тоглоом, залилангийн хэрэг зэрэг дуулиан шуугиан алдартнуудын амиа хорлолтоор үргэлжилсэн нь өөр нэгэн дүр төрхөө дэлхийд харуулсан явдал байлаа. Азийн хөгжмийн ертөнц 2019 онд Дэлхий нийтийн анхаарлын төвд яах аргагүй байсан юм. Харин монголын хөгжмийн ертөнцөд гарсан хамгийн том амжилт бол яах аргагүй “Хүннү” рок урсгалыг түгээн дэлгэрүүлэгч The HU хамтлаг. Тэд өнөөдөр дэлхийг байлдан дагуулж, эх орондоо ч ирэх завгүй монгол хөгжмийн контентыг олон улсад түгээх их үйлс бүтээж яваа. Өнгөрсөн хугацаанд тэд Хангарьд, Чингис хаан одонгоор уран бүтээлийнхээ замыг мялаалгаад амжсан. Одоо дэлхий нийт ХҮ ХҮ ХҮ хэмээн уухайлан, орилж буйг бид сонсож байна.  Тэд мөн ээлжит Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон билээ. 2019 оны эхэнд “Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч О.Энх-Эрдэнэ АНУ-ын CBS телевизийн шинэ шоу нэвтрүүлэг болох “The world’s best” шоуны хоёрдугаар шатанд шалгарч, шилдэг  13 оролцогчийн нэгээр тодров. Энэ жил нэрт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн 100 жилийн ой тохиосны сацуу Баянмонгол чуулгын үүсгэн байгуулагдсаны 50 жил, Харанга хамтлагийн 30 жил, Никитон хамтлагийн 25 жил, Хөсөгтөн хамтлаг 10 жилийн ой тус тус тохиосон юм. Харин монголын эстрад урлагийн нэрт дуучин Т.Ариунаа “Тэнгэр шиг бай” тоглолтоо үзэгчдэд өргөн барилаа. “Алтан намар” хөгжмийн наадам 37 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдсан бол “Морин хуур” наадам 32 дахь жилдээ шилдгүүдээ тодруулав. “Алтернатив” Отгоо нэрээрээ олонд танигдсан дуучин  Х.Отгончимэг анхны, бие даасан бүрэн хэмжээний, LP, “Отгоо” нэртэй пянзаа гаргасан юм. Тэрбээр пянз гаргасан анхны эмэгтэй уран бүтээлч болсон билээ. Хөгжмийн ертөнцөд уй гашууг авчирсан үйл явдал болж бидний дундаас дуучин, хөгжмийн зохиолч Г.Ганхуяг буюу Ганга харван одсон билээ. 

ТАВ. Утга зохиол

2018, 2019 оны Утга зохиолын салбарын Нобелийн шагналтнуудыг нэгэн зэрэг энэ жил тодруулав.  Чингэхдээ 2018 оны Утга зохиолын Нобелийн шагналтнаар Польшийн эмэгтэй зохиолч Ольга Токарчук, 2019 оны Утга зохиолын Нобелийн шагналтнаар Австрийн зохиолч Петр Хандке  нар тус тус шалгарав. Харин энэ хүндтэй шагналд монголын утга зохиолын салбарыг төлөөлж Ардын уран зохиолч, Азийн тэргүүн найрагч Д.Урианхай нэр дэвшсэн билээ. Монголын утга зохиолын ертөнцөд Хэвлэлийн газар, паблишингууд шинээр төрж, өрсөлдөөн хүчтэй өрнөсөн жил боллоо. Тухайлбал “Boobooks” паблишингаас зохиолч Чарльз Буковскийн “Хүүхнүүд”, зохиолч Ма Жианы “Хэлээ гарга” номыг чансаатай орчуулан, уншигчдад хүргэсэн юм. Мөн зохиолч, яруу найрагч М.Уянсүх “Аварга мод” нэртэй хоёр боть романаа гаргаж, энэ онд нэгэн шинэ өнгийг бэлэглэв. Харин зохиолч, найруулагч Д.Төрмөнх “Түмний нэг” төслийн хүрээнд “Нэр нэгтний хоёр үхэл”, “All things must pass” цуврал романаа хэвлүүллээ. Уншигчдад танил болсон “Тагтаа” хэвлэлийн газраас “Дур булаам” орчин үеийн зохиолчдын бүтээлээс түүвэрлэн орчуулсан өгүүллэгийн антологийг гаргасан нь унших ёстой номын жагсаалтад зүй ёсоор багтах юм. 1983 оноос хойш жил бүр уламжлал болон зохиогдож ирсэн 36 дахь удаагийн “Болор цом” яруу найргийн наадамд яруу найрагч Базарсадын Баттулга түрүүлсэн билээ. Түүний “Болор цом” хүртсэн тэргүүн шүлэг “Оршил” нэртэй. Монголын зохиолчдын эвлэл яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын гэгээнд дурсгалд зориулж “Цог” сэтгүүлийн шинэхэн дугаараа эрхлэн гаргасан нь утга зохиолд шимтэн дурлагсдад оны төгсгөлд барьсан бэлэг байлаа.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)