Төрийн тэргүүнээ сонгох шинэ дүрэм

УИХ сонгуулийн жил гарахаас өмнөхөн буюу шинэ жилийн уур амьсгал орж, олон нийт анхаарлаа шинэ жилийн баярт хандуулсан үед сонгуулийн хуулиа өөрчлөн баталдаг уламжлалтай. 2011 оны арванхоёрдугаар сарын 15, 2015 оны арванхоёрдугаар сарын 25-нд Сонгуулийн тухай хууль батлагдаж байсан түүхтэй. Энэ удаад арванхоёрдугаар сарын 20-нд УИХ-ын сонгуулийн тухай хуулиа баталсан. Мөн бүх шатны сонгуулийн тухай хуулийн төслүүд УИХ-д өргөн баригдаад байгаа юм. Олон нийтийн анхаарлыг хамгийн их татдаг сонгууль бол Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгууль. Энэ утгаараа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэрхэн батлах вэ гэдэг нь анхаарал татна. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон 2021 оны сонгуулийн онцлогоос танилцуулъя.

50 нас хүрсэн нэр дэвшигчийг зургаан жилээр нэг удаа сонгоно

УИХ саяхан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгчийн бүрэн эрх болоод Төрийн тэргүүнд нэр дэвшигчид тавих шалгуурт өөрчлөлт оруулсан. Ерөнхийлөгчид УИХ-д суудалтай нам 45 нас хүрсэн хүнийг нэр дэвшүүлдэг байсан бол одоо 50 нас хүрсэн хүнийг нэр дэвшүүлдэг байхаар болсон юм.

Мөн монголчууд 1993 оноос хойш Төрийн тэргүүнээ дөрөв дөрвөн жилээр сонгож ирсэн бол 2021 оноос эхлээд зургаан жилээр сонгохоор болов. Түүнчлэн нэг удаа сонгогдсон Ерөнхийлөгч дахин нэг удаа нэр дэвших эрхтэй байлаа.

Харин Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа зургаан жилийн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажилласан хүнийг дахин нэр дэвшүүлэхгүй байхаар хуульчилсан.

Эцэг хуульдаа оруулсан энэхүү өөрчлөлт нь ирэх оны тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр Ерөнхийлөгчтэй холбоотой дээрх зохицуулалтууд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар үйлчилнэ гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 онд дахин нэр дэвшиж болох уу гэсэн асуулт урган гарч байгаа юм. Үүнд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт ийн хариуллаа.

С.Бямбацогт: Одоогийн Ерөнхийлөгч 2021 онд нэр дэвших эрхтэй

Анх өргөн барьсан төсөлд Ерөнхийлөгчийг хэдэн удаа хэрхэн сонгох тухай зохицуулалтыг 2025 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тусгасан байсан. Өөрөөр хэлбэл, одоогийн Ерөнхийлөгчийн дахин сонгогдох бүрэн эрхийг хязгаарлахгүйгээр зохицуулахаар байсан. Хэлэлцүүлгийн явцад заавал ингэх шаардлагагүй, энэ заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болох өдрөөс буюу ирэх тавдугаар сарын 25-наас хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, одоогийн Ерөнхийлөгчийн 2021 онд дахин нэр дэвших боломжтой гэж үзэж байгаа. Өмнө нь ийм тохиолдол гарч байсан юм. П.Очирбат гуай 1990 онд анхны Ерөнхийлөгч болж байсан. 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа 1993 онд дахин сонгогдож байлаа. Мөн 1997 онд дахин нэр дэвшсэн. Тиймээс 2021 онд одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй гэж харж байна.

Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны доод хязгаарыг 10 жилээр нэмж 55 болгох санал анх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд байсан юм. Гэвч хэлэлцүүлгийн явцад 50 болгон бууруулсан. Ингэж Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны босгыг нэмэгдүүлэх шалтгааныг Төрийн тэргүүнээр ажилласан хүмүүс буцаж улс төрд орж төрийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж байгаатай холбон тайлбарлаж байсан юм. Мөн дэлхийн улс орнуудын жишгийг ч дурдаж байлаа.

1993 оны сонгуулиас хойш долоон удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нийтдээ 16 хүн нэр дэвшжээ. Үүний 15 нь эрэгтэй, нэг нь эмэгтэй юм. Тэд хамгийн анх Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ хэдэн настай байсныг танилцуулъя.

1. П.Очирбат 51

2. Л.Түдэв 58

3. Н.Багабанди 47

4. Ж.Гомбожав 56

5. Р.Гончигдорж 48

6. Л.Дашням 58

7. Н.Энхбаяр 47

8. М.Энхсайхан 50

9. Б.Жаргалсайхан 46

10. Б.Эрдэнэбат 46

11. Ц.Элбэгдорж 46

12. Б.Бат-Эрдэнэ 49

13. Н.Удвал 59

14. Х.Баттулга 54

15. М.Энхболд 53

16. С.Ганбаатар 47

Ерөнхийлөгчид нэр дэвшигч ч сэтгэцийн хувьд эрүүл эсэхээ шалгуулна

Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль дээр дурдсанчлан онцлогтой болох нь. Ийм онцлогтой сонгуулийг ямар хуулиар зохион байгуулах вэ. 2015 онд бүх шатны сонгуулийн хуулийг нэгтгэн Сонгуулийн тухай хууль гэсэн нэг хууль болгосон. Харин одоо МАН тус тусад нь салгаж бүх шатны сонгуулийг бие даасан хуулиар зохион байгуулах гэж байгаа юм. Үүнийхээ дагуу хуулийн төслөө боловсруулсан.

Өмнөх сонгуулиар Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих шалгуураас “Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан” гэдэг шалгуур маргаан дагуулж байлаа. Үүнийг энэ удаагийн хуулийн төсөлд илүү тодорхой зааж өгчээ. Тодруулбал, санал хураалт явагдах өдрөөс өмнөх таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байхыг шалгуур болжээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавигдах шаардлагад шинээр нэмэгдсэн өөр нэг шаардлага нь сэтгэцийн эмгэггүй байх явдал аж. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид ч ийм шаардлага тавихаар болоод байгаа юм байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд зааснаар бол нэр дэвшигч сэтгэцийн эмгэггүй болохыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ажлын хэсэг дүгнэх ажээ.

УИХ-д суудалтай нам, эвсэл Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй байдаг. Тэгвэл УИХ-д суудал бүхий улс төрийн нам гэж тухайн нам, эвслээс нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн бүхий нам, эвслийг нэрлэх юм байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулсан ШИНЭ нам шиг сонгуулийн дараа байгуулагдсан нам Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхгүй гэсэн үг.

Нэр дэвшигч болон нэр дэвшүүлж буй нам, эвсэлд өгөх хандивын тухайд иргэн гурав, хуулийн этгээд 15 хүртэл сая төгрөгийн хандив өгч болох юм байна. Харин гадаад улс буюу гадаадын байгууллага, иргэн, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, үйлдвэрчний эвлэл, шашны байгууллага, байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээдээс хандив авахыг хоригложээ. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар гадаадын иргэнээс хандив авсан хэрэгт буруутгагдаж байсан юм. Мөн нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн үйл ажиллагаанд холбогдуулан зээл авахыг хоригложээ.

Сонгуулийн сурталчилгааны тухайд уламжлалт сурталчилгаанаас гадна цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахыг зөвшөөрч байгаа ч ингэхдээ сэтгэгдэл бичигдэхгүй тохиргоотойгоор ашиглахаар төсөлд тусгажээ.

Хуулийн төслийг хэлэлцэх үеэр энэ нь “Иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарласан алхам боллоо” хэмээн багагүй эсэргүүцэлтэй тулгарах биз ээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг 42.4.3-т “Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглоно” гэж заажээ. Энэ нь одоогийн Ерөнхийлөгч 2017 оны сонгуулийн үеэр АН-аас иргэдийн өрийг тэглэж өгөх тухай алмалт авсан холбогдуулан орж байгаа заалт бололтой.

УИХ бүх шатны сонгуулийн хуулийг сонгууль болохоос хэдхэн сарын өмнө баталдаг. Энэ буруу жишгийг зогсоохоор уг хуулийн төслийн 79.1-д “Санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно” гэжээ.

УИХ-аар удахгүй Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан өмнөх долоон сонгуулийн үр дүнг танилцуулъя. Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 1993 оноос 2011 оныг хүртэл тасралтгүй буурч байсан бол 2017 онд 4 хувиар өсжээ. Мөн ялалт байгуулсан нэр дэвшигчдээс хамгийн өндөр санал авч байсан нь Ерөнхийлөгч асан Н.Багабанди юм байна. Тэрээр анх сонгогдохдоо 60.81 хувийн саналаар сонгогдсон бол бусад нь бүгд 60-аас доош хувийн саналаар сонгогджээ.

1993 оны сонгууль

П.Очирбат (МСДН) 57.16%

Л.Түдэв (МАХН) 42.84%

Сонгогчдын ирц: 92.73%

1997 оны сонгууль

Н.Багабанди (МАХН) 60.81%

П.Очирбат (МСДН, МҮАН) 29.81%

Ж.Гомбожав (МУНН) 6.64%

Сонгогчдын ирц: 85.06%

2001 оны сонгууль

Н.Багабанди (МАХН) 58.13%

Р.Гончигдорж (АН) 36.53%

Л.Дашням (ИЗН) 3.54%

Сонгогчдын ирц: 83.8%

2005 оны сонгууль

Н.Энхбаяр (МАХН) 53.44%

М.Энхсайхан (АН) 20.03%

Б.Жаргалсайхан (ББН) 13.85%

Б.Эрдэнэбат (Эх орон ардчилал эвсэл) 11.33%

Сонгогчдын ирц: 74.97%

2009 оны сонгууль

Ц.Элбэгдорж (АН) 51.24%

Н.Энхбаяр (МАХН) 47.44%

Сонгогчдын ирц: 73.59%

2013 оны сонгууль

Ц.Элбэгдорж (АН) 50.23%

Б.Бат-Эрдэнэ (МАН) 41.97%

Н.Удвал (МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл) 6.5%

Сонгогчдын ирц: 66.5%

2017 оны сонгууль

Х.Баттулга (АН) 38.11%

М.Энхболд (МАН) 30.32%

С.Ганбаатар (МАХН) 30.19%

Сонгогчдын ирц: 68.27%

2 дахь санал хураалт

Х.Баттулга (АН) 50.61%

М.Энхболд (МАН) 41.16%

Сонгогчдын ирц: 60.67%


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)