Салаа замын уулзварт

2020 он гарахад долоохон хоног үлдлээ. Шинэ онд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохионо. Гучин жил явсаар Монгол улс маань салаа замын уулзвар дээр ирээд байна. Яг одоо бид улс төрийн хувьд хуулиар засаглах уу, эсвэл хуулийг ашигласан улс төрчдийн гар дор амьдрах уу; эдийн засгийн хувьд эрх чөлөөтэй үлдэх үү, эсвэл Эрдэнэбилэгизмийг үргэлжлүүлэх үү; нийслэлийн иргэдийн хувьд утаатай цементэн ширэнгэд амьдрах уу, эсвэл эрүүл, ногоон орчинд аж төрөх үү гэдгээ шийдэх гэж байна. Бас сонгуулийн жил...

Хуулийг хувьдаа ашиглах уу, эсвэл хуулиар засаглах уу?

Монгол улс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага ФАТФ (FATF) -ын Ази, Номхон далайн бүсийн байгууллага (APG)-ын өнгөрсөн 9-р сард Бангкокд болсон хуралд оролцож төр засгийн чадвартаа дүн тавиулав. ФАТФ-ийн 20 зөвлөмжөөс 15-ыг нь хэрэгжүүлж, үр дүнгийн үнэлгээний 11 үзүүлэлтээс 4-ийг нь биелүүлээгүй учир Монгол улс “дунд” авч, “саарал жагсаалтад” хоёр дахь удаагаа орлоо. Саарал жагсаалтын буруутныг хайсаар Санхүүгийн Зохицуулах Хороо болон Монголбанкны удирдлагаар “туг тахив”. Яагаад Монгол улс саарал жагсаалтад орсон, яаж түүнээс гарах тухай цуврал гурван нийтлэлээс маань уншина уу.

УИХ удаан хэлэлцсээр Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт саяхан орууллаа. Энэ өөрчлөлт ямар үр дүн дагуулахыг цаг хугацаа харуулна. Гол нь засаглалын хамгийн том асуудал дагуулсан, хагас-ерөнхийлөгчийн “Монголчилсон” тогтолцоогоо өөрчилж чадсангүй. Шүүх засаглалын хүрээний өөрчлөлт нь бие даасан шүүхийг байгуулахад нэг алхам болсон гэж найдаж байна. Гэхдээ ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтийг дагаж бусад хуулийг яаж засахаас олон зүйл хамаарна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар бид цуврал дефакто мэтгэлцээн зохион байгуулсныг эндээссонирхож болно.

2019 он бол шүүх засаглал улс төрөөс, тэр дундаа Ерөнхийлөгчөөс хэрхэн хараат болсныг баталсан жил байлаа. Ерөнхийлөгч 6-р сард Салхитын мөнгөний ордтой холбоотой 17 шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн боловч одоо болтол нөхөн томилоогүйн улмаас шүүх засаглал, түүний дундаас дээд шүүхийн иргэний танхимын үйл ажиллагаа зогсоод байна.

Мөн Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн шийдвэрээр шүүгч, прокурор, АТГ-ын удирдлагыг сольж болдог хууль баталснаар гүйцэтгэх эрх мэдэл нь шүүх эрх мэдэл рүүгээ халдсан муу жишиг тогтлоо. Хуулиар засаглах зарчим хэзээ хэрэгжихийг иргэд хүсэн хүлээсээр сууна. Хуулийн засаглалаа хэрэгжүүлж чадахгүй бол Ерөнхийлөгчийг өөрийг нь эгүүлэн татах асуудлыг 2020 онд босгох уу?

Эдийн засгийн эрх чөлөө юу, эсвэл Эрдэнэбилэгизм үү?

Сүүлийн зуун жилд монголын эдийн засагт үнэмлэхүй өөрчлөлт оруулсан хоёр том төсөл бий. Эхнийх нь социализмын үед эхлүүлсэн зэс баяжуулах Эрдэнэт үйлдвэр. Энэ үйлдвэр манай улс төр, эдийн засгийн амьдралын хамгийн гол, ил далд тэтгэгч болж ирсэн билээ. Тийм учраас байгуулагдсанаасаа хойш нийгмийн амьдралын гол сэдвүүдийн нэг болсон. 2019 онд ч бас, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн маргаан хамгийн чухал сэдэв байлаа. Энэ хувьтай холбоотой хэргээр Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг баривчлаад, суллав. Энэ “спорт загасчлалын” учир начир одоо болтол тодорхойгүй үлджээ. Баривчилсан үеэр нь төр засаг Эрдэнэт үйлдвэрт онцгой байдал зарлаж хяналт, шалгалт хийсээр байна. Нийтийн мөнгөөр нийтийн хөрөнгийг төр засгийн удирдлагатай хуйвалдан завшсан энэ хэргийн тухай “Эрдэнэбилэгизм II” гэх нийтлэлээсмаань уншаарай. Энэ үйл явдал нь монголын улс төр, эдийн засгийн өнөөгийн бодит дүр төрхийг бүрэн илтгэсээр байна.

Дараагийнх нь шинэ зуунтай уралдан нээсэн Оюу толгой төсөл. Монголын эдийн засгийн хамгийн том энэ төслийг эхлүүлэх гэрээг байгуулсны 10 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ төслийг эхэлснээс хойш гэрээг байгуулсан, хэрэгжүүлснийг нь тойрсон олон асуудал яригдаж ирлээ. Монголын шүүх “Дубайн” гэрээг байгуулах төрийн шийдвэр хууль зөрчсөн гэж үзэв. УИХ нь “Оюу толгой ордын ашиглалтад Монгол улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоол батлав. Ямар ч гэсэн 2020 онд Оюу толгойнд гэрээнд өөрчлөлт хийх нь гарцаагүй боллоо. Энэ гэрээнд нь ямар алдаа байгаа эсэх талаар эндээс уншаарай. Гэрээнд бид ямар, сайн өөрчлөлт оруулж чадах нь эргэлзээтэй. Учир нь ийм том хэмжээний гэрээ, хэлцэл дээр ажиллах мэргэжилтнүүдээ бид одоог хүртэл бэлтгээгүй байна. 2020 онд Оюу толгой төсөл гацах уу, урагшлах уу гэхтэй хамт гадаадын хөрөнгө оруулалт хаашаа эргэх асуудал шийдэгдэх юм.

Цэвэр агаар уу, эсвэл утаат цементэн ширэнгэ үү?

У.Хүрэлсүхийн Засгийн газар УБ хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Оронд нь сайжруулсан шахмал түлшийг гэр хорооллын иргэдэд нийлүүлж эхлэв. Энэ шийдвэрийн үр дүнд нийслэлийн хорт утаа багассан нь хонгилын үзүүрт гэрэл харагдуулав. Харагдах хэсэг нь илт буурсан ч, агаар дахь тоосонцор, хүхэрлэг хийн хэмжээг бууруулах ажил үлдэж байна.

НҮБ-ын 2019 оны судалгаагаар агаарын бохирдол нь монголчуудын нас баралтын 10 гол шалтгааны нэг болсон. Агаарын бохирдлыг бууруулахад нийтдээ 4.1 тэрбум доллар шаардлагатай ч, 80 хувь нь хаанаас гарах нь тодорхойгүй ажээ. Хөрөнгө оруулалт хэд ч байсан “Цэвэр агаар сан” шиг саалгуулахгүй байхад л анхаарах шаардлагатай.

2019 оныг тодорхойлсон нэгэн үйлдэл бол Байгалийн түүхийн музейн барилгыг нураасан явдал байлаа. Нийслэлийн иргэд янз бүрийн хэлбэрээр тэмцсэн ч, хүчин мөхөстлөө. Түүх, соёлын нэгэн өв арчигдаж, оронд нь “цементэн ширэнгэний” тоо нэгээр нэмэгдэхээс болгоомжилж иргэд тэмцсэн юм.  Бас нөгөө л газрын наймаа цаана нь байх эрсдэлтэй гэж зарим нь үзэж байна. Нийслэлийн газар ямар замаар ордгийг “Учиртай гурван хулгай” нийтлэлдээ бичсэнийг та санаж байгаа биз ээ. Үнэндээ Улаанбаатар хотын бараг барилга бүхэн “авлигын түүхэн хөшөө” юм. Одоо Байгалийн түүхийн музейн газар дээр дараагийн хөшөө босохыг харах бололтой.

2019.12.25


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Эрдэнтийн 49%-ийг хүчээр булаан авч, асуудлыг хүчээр шийдвэрлээд байна гэж ойлгогдоод байдаг. Мөнгө угаасан схем гэж Нямдоржийн төсөөлөн зохиосон зураглалыг үндэслээд шийдчихсэн гэж юм биш үү.

    0 0 Хариу бичих
  2. 766

    0 0 Хариу бичих