Улаанбаатарын хүмүүс

Б.Билэгт (Сэтгүүлч)

Өнгөрсөн жил миний хувьд их өвөрмөц жил байлаа. Ах, эгч тусдаа гарсан, айлын бага болохоор би ээжтэйгээ цуг амьдардаг л даа. Яг жил гаруйн өмнө 2018 оны аравдугаар сард манай ээжийн бие гэнэт муудсан юм. Намайг Салхитын цахилгаан станц дээр ажилтай явахад гэнэтийн мэс засалд орсон байсан. Эргэж ирээд эмчтэй нь уулзтал сэтгэлзүйн бэлтгэлтэй байхыг надад сануулсан юм. Тэр үед надад өөрийгөө чамлах мэдрэмж төрсөн. Их том цохилт болсон. Ээжийн маань бие сайжирсан л даа. Түүнээс хойш ээжтэйгээ хамт өнгөрөөж байгаа цагийг илүү үнэ цэнэтэй өнгөрөөхийг хичээж эхэлдэг юм билээ. Ер нь бодоод байхад хүн анзааргагүй байдлаасаа болоод үнэ цэнэтэй цаг, зүйлсээ өнгөрөөчихдөг. Тэгээд дараа нь харуусдаг явдал хэн хэнгүй л тохиолддог. Уртын дуунд гардаг даа.

“Эр бор харцага нь

Жигүүрэндээ хүчтэй л байна уу даа

Идэрхэн залуу насанд нь

Даанч ажигч үгүй явлаа даа” гэж.

Хүмүүс аль хэдийнэ өнгөрсөн зүйлсийнхээ дунд, эсвэл юу болох нь үл мэдэгдэх маргаашдаа л ихэвчлэн амьдардаг. Яг одоодоо, яг энэ мөчөө мэдэрч байдаг хүн тун цөөхөн. Одоо байгаа зүйлээ анзаараад эхэлвэл үнэ цэнээ илүү ойлгоно. Яг тэр мөчдөө бүх зүйлээ зориулж чадсан учраас дараа нь эргээд харахад ч харамсахгүй юм болов уу.

1.5 сая хүнтэй энэ хот хүнд яарсан мэдрэмж өөрийн эрхгүй төрүүлж байна. Бүх машинууд хаашаа ч юм яаран дуут дохио хангинуулж, хоолоо идэж байхдаа хүртэл юу руу ч юм яарсан янзтай халбагадаж гарцгаадаг. Яг үнэндээ, юунд яараад байгаагаа амьсгаа аваад бодонгуут сүйдтэй яарах зүйл үгүй л байдаг. Бүгдээрээ бүр нэг цаанаасаа яараад дасчихсан байгаа нь инээдтэй ч юм шиг. Үүнийхээ оронд зүгээр л гүнзгий амьсгаа аваад хийх зүйлийнхээ тухай бодоод үзвэл, эсвэл өглөө босохдоо хэсэг тайван бодоод, тэр хэмнэлээрээ эхэлчихвэл тэр өдөр хавьгүй дээр өнгөрдөг. Өмнө нь би яарлын сэтгэхүйтэй болсноо анзаардаггүй байж. Хоол идэхдээ хүртэл давхар ямар нэг юм хийнэ. Ийм үед гарцаар гарахдаа машинтай хэрэлдэхээс эхлээд өчнөөн л асуудал тохиолддог байж. Ийм зүйл заавал тохиолдох ёсгүй. Яарснаасаа болоод анзааралгүй өнгөрөөчихөж байгаа хором мөчүүдээс сэтгэлд торж үлдсэн нь л энэ.

Эцэст нь, саяхан л 2018 он байсан шүү дээ, цаг хугацаа ямар хурдан өнгөрөөд байна аа гэлцэцгээдэг. Яг үнэндээ цаг хугацаа хурдсаагүй, бид л өнгөрч буй цаг хугацаанд хангалттай анхаарал хандуулж, мэдрэхгүй байгаа учраас л тэгж санагдаад байгаа хэрэг. Энэ хандлага жижигхэн юм шиг хэрнээ урт хугацаандаа бидний амьдралыг тодорхойлж эхэлдэг юм байна. Зүгээр л тайван байгаад, юу хийж, хаана байгаагаа анзаараад эхлэхэд л амьдрал тэс өөр болдог юм билээ. Сүүлийн нэг жил би үүнийг л өөр дээрээ мэдэрлээ.

 

Сөүлийн гудамж

Чингисийн өргөн чөлөөнөөс УДЭТ-ын хойд талаар МҮЭ-ийн соёлын төв ордны урдуур Энх тайваны өргөн чөлөө хүртэлх гудамжийг 1996 оноос Сөүлийн гудамж хэмээн нэрийджээ. 

Энэ гудамж нь Богдын Хүрээний төв гудамж байснаар барахгүй, Монголын анхны цардмал замтай зорчих хэсэг тохижуулж байсан хотын хамгийн эртний, түүхт гудамж билээ.

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Атомын цаг

    0 0 Хариу бичих