Юуг хувьсгал гэж нэрэлдэг вэ ?

Хувьсгал гэж юусан билээ? 

Манай үеийнхэн “Хувьсгалын төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлаж болдоггүй юм” гэсэн марксист сургаалиар хүмүүжсэн болохоор хүмүүс бие биенээ алж л баймаажин хийдэг зүйл гэсэн битүү хатуу ойлголттой өссөн. “Ардын хувьсгалын партизан” хэмээх дээрээс бэлдэж өгсөн бэлэн дурсамжтай хэсэг өвгөнийг эс тооцвол байлдаантай хувьсгал үзсэн хүн бидний дунд байсангүй. Байн байн болдог Эх оронч хувьсгалч хүмүүжлийн сургууль дугуйланд тэд нар ном сурах бичигт орсон зүйлийг үг үсэггүй давтана.

Ингэж явсаар 1990 оны ардчилсан хувьсгалтай золгосон. Ардчиллынхан зоригтой, цөстэй байсан нь үнэн боловч амь алдах байтугаа хамраасаа цус алдалгүйгээр хувьсгал хийчихлээ. Эндээс “Оготны хамраас ч цус гаргалгүй хувьсгал хийж чадсан” гэх бахархал, “Оготны хамраас цус гаргадаггүй хувьсгал ч байх гэж дээ” гэсэн чамлал аль алин нь үлдсэн байх аа.

Ингэхэд ер нь “хувьсгал гэхээр л хүн алж, хүрээ талж байж хийдэг юм уу” “Ерөөсөө хувьсгал гэж юу юм бэ” гэсэн асуулт гарч байна.

Ерөнхийд нь хэлэхэд нийгэм, байгаль, танин мэдэхүйн хувьд гэнэтийн эрс өөрчлөлт гарч өмнөх байдлаас чанарын онц ялгаа буй болохыг хувьсгал гэж нэрлэх болжээ. Хөгжлийн явц дахь харьцангуй түргэн хугацаанд болж өнгөрдөг гэнэтийн үзэгдэл учраас хувьсгал нь удаан явцтай хувьсал, үндсэн өөрчлөлт биш зөвхөн бүхэл системийн тодорхой хэсгийг хамаардаг шинэчлэл зэргээс ялгаатай. 

Хүний болоод байгалийн хүчин зүйлээс хамаарсан олон янзын хувьсгал байдгийн жишээ гэвэл геологийн, генетик удамшлын, соёлын, шинжлэх ухааны, аж үйлдвэрийн гэх мэт. Хувьсгал ч, хувьсал ч аль алин нь орчлон, байгаль болон хүний нийгмийн аль ч хэсэгт үргэлж болж байдаг процесс.

Нийгэм-улстөрийн хувьсгал хүний түүхэнд янз бүрийн нэрээр үргэлж гарч байсан. Тэдгээр нь хувьсгалд оролцогчдын тоо, үйл явцын хэлбэр, үргэлжилсэн хугацаа, үзэл санааны сэдэл зэрэг зүйл бүрийн шалтаг шалтгаанаараа хоорондоо ялгаатай. Хувьсгал гэдгээр нийгэм улс төрийн инстүүцэд гэнэт явагдсан нийгэм-эдийн засгийн чанарын том өөрчлөлт үсрэлтийг ойлгодог. Нийгмийн шинжлэх ухаан, түүний дотор социологи, улстөрийн ухаан, түүх, философи гэсэн салбаруудад үе үеийн олон эрдэмтэн хувьсгалын мөн чанарыг судалж олон янзын дүгнэлт гаргалгаа хийсээр ирсэн юм. Тэдний томъёолсон нийтлэг гаргалгаагаар хоёр ба түүнээс дээш тооны бүлэглэлийн хооронд улс төрийн тогтолцоо ямархуу байх талаар маргалдан зөрчилдсөнөөр хувьсгал болдог. Тодорхой өөрчлөлт гараад эхэлмэгц тэр нь тогтсон нөхцөл байдлыг хөндөнө, үүнээс болж шинэчлэл нь хувьсгал руу хөтөлдөг. Ийм тохиолдолд урьд нь хувьсгалын шалтгаан болж байгаагүй жишээ нь дайн, ядуурал зэрэг гачигдлууд энэ удаа шал өөр шалтгаанууд хувьсгалын өргөжих сэдэл болон өргөждөг. Эрх баригчид энэ тохиолдолд эсвэл шинэчлэл хийн эвлэрэх, эсвэл шууд эсэргүүцэн цус урсгах арга хэрэглэхэд хүрдэг аж. 

Хувьсгал хэмээх нийгмийн үзэгдлийг өнөөгийн эрдэмтэд гурван чиглэлээр судалж дүгнэлт гаргаж байна. Байгууламжийн гэгдэх урьд нь зөв анализ хийгээгүй Европын хувьсгалуудын талаар дахин судалгаа хийх. Хоёр дахь чиглэлийн судалгаа нь үзэл суртал, соёлын сэдэл хувьсгалд хүргэх талаар. Гурав дахь судалгааны хандлага нь хувьсгал болон нийгмийн хөдөлгөөн нь дээрх хоёр үзэгдэл ямархуу хам шинж, нийтлэг чиглэл зорилго агуулсныг судлан дүн шинжилгээ хийж байгаа юм. Гэхдээ хувьсгал гэдэгт төрийн эргэлт, иргэний дайн, бослого, үймээн зэргийг оруулан тооцохгүй гэдэгт санал нэгддэг. Учир нь эдгээрийн зорилго нь төрийн инстүүцийг өөрчлөхөд чиглээгүй, харин ч бэхжүүлэх, заримдаг шинэчлэл хийхэд чиглэгдсэн байдаг.

Орчин үеийн нийгмийн ухаан хувьсгалыг мөн чанараар нь доорх маягаар ангилж үздэг:

Их хувьсгал – эдийн засаг, нийгмийн байгууламж, улс төрийн инстүүцийг үндсээр нь өөрчилсөн хувьсгал

Улстөрийн хувьсгал – Төрийн инстүүцийг өөрчилсөн хувьсгал

Нийгмийн хувьсгал – нийгмийн доод ангийнхны орон нутгийн шинжтэй бослого хөдөлгөөн хувьсгалд хүргэсэн явдал

Дээд ангийнхны хувьсгал – олон түмнийг хянаж байгаа элит хэсгийхний эрс шинэчлэл

Пролетарийн гэгддэг коммунист хувьсгал – капиталист нийгмийг коммунист нийгмээр солих зорилго бүхий.

Бүтэлгүй хувьсгал – түр зуурын амжилт олоод төрийн эрхийг авч амжилгүй дарагдсан үйлс.

Цусгүй хувьсгал – хүч үл хэрэглэснээр амжилтанд хүрч засгийн эрх авсан.

Марксизмын хамгийн дуртай судалхууны нэг нь хувьсгалын онол байлаа. Үнэндээ судлах гэхээсээ өдөөн, хатгах уриалан дуудах талаа голлож байсан. Англид болсон Ялгуулсан хувьсгал (1688), Францын хувьсгал (1789–1799), Орос дахь октябрийн хувьсгал (1917). Хятадын хувьсгал (1927–1949) гэсэн дөрвөн үйл явцыг хувьсгалын жишиг гэж үзээд ангилан баримжаална. Хувьсгалын цорын ганц шалтгааныг анги хоорондын зөрчлөөр тайлбарласаар ирсэн. Гэтэл нийгмийн шинжлэх ухааны олон эрдэмтэн хүний түүхэн дахь зөндөө олон хувьсгалыг судлан томъёолж тодорхойлсоор иржээ.

Хүний нийгмийн хөгжил дэвшлийн урт замыг шинж чанараар нь ангилах оролдлогыг үе үеийн эрдэмтэд судлан дүгнэж гаргалгаа хийсээр ирсэн. Өдгөө нийтээр хүлээн зөвшөөрсөн ангиллаар байгалийн бэлэн зүйлсийг түүж цуглуулдаг байсан үе, хөдөө аж ахуйн хувьсгалын үе, аж үйлдвэрийн хувьсгалын үе, пост интустрал үе гэж ангилдаг. Өөр нарийвчилсан дэлгэрүүлсэн ангилал ч бий. Маркс мөн энэ талаар судалгаа хийж хөдөлмөрийн хэрэгслэлийг хэн өмчилж буйгаас нь хамааруулан хүй нэгдлийн, боолын, феодалын, хөрөнгөтний гэсэн формацид хуваасан ба дараагийн шат нь коммунист нийгэм байх болно гэж зөгнөсөн юм. Эдгээр нийгмүүд зөвхөн хувьсгалаар дамжин дороос дээдэх формацидаа шилждэг гэж үзжээ. Энэ нь тэзисийн эсрэг антитэзис буй болон дараагийн ахисан шат синтэз буй болж хөгжил нь дэвшил рүү чиглэдэг гэсэн Гегелийн диалектикийн хүнжүүлсэн санаа юм. Маркс энд буруу юм хэлээгүй, учир нь тэрээр хүний нийгмийн хөгжлийг хөдөлмөрийн хэрэгслэлийг хэн эзэмшиж байгаагаас нь хамааруулсан ангилал. Маркс өөрийн ангилалыг зөвхөн Европыг жишээн дээр авсан болохоос нийт хүн төрлөхтөнд таарах түгээмэл онол гэж үзэж байгаагүй. Тиймээс ч умардын герман омгийнхан боолын нийгэм туулаагүй гэсэн ба Хятадын жишээн дээр үндэслэн Азийн феодализм буюу төрийн феодализмыг онцолж үүнийг тусдаа хөгжил гэж тайлбарлаж байлаа. Түүнээс гадна Дарвины байгалийн шалгаралын онолд хэт автаж биологийн хувьслыг хүний нийгэмд тулган хүлээлгэх гэж оролдсон.

Марксизмын хамгийн хөндүүр цэг нь гаргасан онолдоо баттай зогсох бололцоогүй, дараа дараагийн марксистууд тухайн байдалд тохируулан дур дураараа тайлбарлах боломж нээж өгсөнд оршино. Үүнийг Карл Поппэр нарийн судлаад марксизм нь юутай ч шинжлэх ухаан биш гэдгийг нотолсон билээ. Иймээс марксизм нь нэг талаас Марксын сургаалийг хөдлөшгүй догма болгохын сацуу түүнээ тухайн нөхцөлд тохируулан эрх мэдэлтэнүүд өөрсдийгөө зөвтгөхөөр дураараа тайлбарлан тулгах болсон юм. Ийм тулгалтанд хүний гурван үеийн турш өртөж тархиа угаалгасан монголчууд энэхүү догматик хандлагаас салж чадахгүй өдий хүрчээ. Үүний тод жишээ нь “Ардчилал хөгжин хөгжсөөр хаана хүрэх вэ”, “Монгол улс капитализм руу орох гээд чадсангүй эргэж ухраад феодализмд орчихлоо” гэх мэтийн гомдлоос ил харагддаг. Учир нь нийгмийн хөгжлийн явцыг өгсөж урууддаг байшингийн шатархуу байдлаар ойлгуулсан ба Монгол улсыг нэг шатыг нь алгасаад шууд дараагийн гишгүүр болох социалист тавцан руу харайгаад товчилчихсон гэсэн муйхардуу бүдүүвчлэлээр тайлбарлан хоногшуулсан болой.

Чухам эндээс марксизмын хувьсгалын онолын талаарх марзан тайлбар түрэн орж ирсэн юм. Мөнөөх нийгмийн хөгжлийн шатны дагуу дарлагч ангиа дарлуулагчид нь түлхэн унагана. Цаадуул нь эрх мэдлээ өгөхгүй гэхээр нь зэвсэг барин тэмцэнэ. Бөөн алаан хядаан. Ингээд дарлуулагчид дарлагч болон хувирна. Цус гарахгүйгээр хувьсгал гэж байхгүй. Ийнхүү хувьсгал гэхээр байлдаантай киноны маягаар төсөөлөх аж. Гэтэл марксистуудын жишиг болгон авдаг дөрвөн их хувьсгал тэгтлээ байлдаантай кино шиг болоогүй. 1688 оны ялгуулсан хувьсгал нь биенээ цэрэг зэвсгээр айлгасан болохоос цус урсгасан юм байхгүй. Францын хувьсгал Бастилийг чөлөөлснөөс эхтэй ч тухайн үед уг шоронд ердөө арваадхан эрүүгийн хэрэгтэн сууж байжээ. Тухайн үеийн амьд гэрч Мария Бочкарёвагийн дурсамжаас үзэхэд октябрийн хувьсгал болдог шөнө Аврора хөлгөөс хэдэн удаа хий буудсанаас өөр ямар ч тулалдаан болоогүй, харин бужигнааныг далимдуулан согтуу усан цэргүүд хүүхэн хүчиндсэн тэр байтугай алсан тохиолдол гарчээ. Гэхдээ л эдгээр нь үр дүнгээрээ үнэхээр жинхэнэ хувьсгал байсан юм.

ХХ зуунд Монголд яах аргагүй гурван удаа хувьсгал болсон. 1911 оны хувьсгал нь нэг талаас тусгаар тогтнолоо сэргээсэн явдал. Эндээс гарсан үр дүн нь нийгмийн харилицаа, төрийн инстүүц урьдахаасаа шал өөр төлөв байдалд орсон юм. Хаан бүхий теократ засаглалтай, европ маягийн Засгийн газартай, хаанд зөвлөх эрх бүхий хоёр танхимтай төр байгуулагдаж, орчин үеийн сургууль эмнэлэг буй болж, анхны мэдээллийн хэрэгслэл хэвлэгдэж эхэлжээ. Яаж ч доош хийж гутаагаад энэ бол яах аргагүй хувьсгал. Гэвч хувьсгал гэж нэрлэхэд мөнөөх марксист онолоор нэг л болж өгөхгүй байсан бололтой. Дарлагч анги нь дарлагчаараа үлдсэн нь даанч гомдолтой. Ингээд “үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн” гэж нэрлэхээр шийдсэн ба хувьсгалын хөдөлгөгч хүч нь феодал ноёдууд байсан учир “феодол ноёдын хөдөлгөөн” гэж хоч маягтай нэр өгсөн байдаг. Хэрэв заавал үхсэн хүн хайж байгаа бол бий. Тусгаар тогтнолоо заралсан үед нэг согтуу гайхал Шүүх яамны гэрт орж агсам тавин тулга тогоог нь өшиглөсөн байна. Бас нэг золиг өр барагдуулж явахдаа хүч нэмэгдүүлэн яваа ажлаа “Богдын зарлиг” гэж хэлэн хааны нэр барьсан хэрэгт оржээ. Энэ хоёрыг манж маягаар цавчин хороохгүй гээд шинэ маягаар буудан хороосон нь мөн хууль цаазын салбарт ч хувьсгал гарсны баримт.

1921 оны явдал бол яаж ч хөөргөөд бас л жинхэнэ хувьсгал мөн. Тус оны 7-р сард улаан цэрэг дагуулж орж ирсэн ардын намынхан ганц ч буун дуу гаргалгүй Засгийн эрхийг тайван замаар шилжүүлэн аваад улс орны нийгмийн байгууламжийг тэр чигээр нь өөрчилсөн. Хамгийн тэмдэглүүштэй нь хамжлагыг халж нийгмийг иргэдээс бүрдсэн бүтэцтэй болгосон. Зөвхөн үүнийг л хэлэхэд хувьсгал байсан гэж баттай нотлох баримт юм. Теократ үнэмлэхүй эрхтэй хаант засгийг Үндсэн хуульт хаант төр болгон өөрчилсөн. Хувьсгал цааш үргэлжлэн хөгжиж хөрөнгөтний бус замаар явах, нийгмийн тодорхой хэсгийг иргэний тооноос хасах, хөрөнгө хураах зэрэг болсон үйлс нь удаах шат. Яг хувьсгал эхлэхэд алаан хядаан болсон баримт олдохгүй байна, гэхдээ жил хүрэлгүй францын хувьсгалын жишгээр “хувьсгалчид өөрсдийнхөө толгойг залгиж гарсан нь” дараагийн явдал. Нийт процессийг хожим нь “ардын хувьсгал” гэж нэрэлсэн, үнэндээ үйл явдалд энгийн ардууд хөдөлгөгч хүч нь байсан гэдэг тун эргэлзээтэй. Тиймээс ч 1927 онд Коминтернээс энэ хувьсгалыг ардчилсан, ард түмний, феодализмыг эсэргүүцсэн гэж нэрлэхээс татгалзан “жижиг хөрөнгөтний буржуйн хувьсгал” гэж томъёолсон байдаг. Энэ үеэс монгол хэлэнд “ардчилал”, “ард түмэн” гэх мэт хэллэг нэвтэрсэн бололтой, гэхдээ нэршил нь нийгмийн шинжлэх ухааны ойлголт тодорхойлолттойгоо үл таарах ч удаа дараагийн Үндсэн хууль, зарлиг тогтоолд заагдсаар хэвшил болсон үг болжээ.

1990 оны үйл явдал яаж ч гутааж доромжлоод яах аргагүй Монголын нийгэмд тохиосон нэгэн хувьсгал мөнөөс мөн. Нийгмийн байгууламж үндсээрээ солигдсон. Түрүү нийгэмтэйгээ харьцуулах аргагүй өөрчлөгдсөн. Улс төрийн нам болон төрийн инстүүцийн нийгэмд гүйцэтгэх үүрэг роль орвонгоороо солигдсон. Улстөр, нийгэм, эдийн засгийн цоо шинэ тогтолцоонд шилжсэн. 1990 онд болсон коммунист тогтолцоог эсэргүүцсэн үйл явдал дэлхий даяар өрнөж, үүнд 40 орчим улс орон хамрагдсаны нэг нь Монгол. Энэ үйл явдлыг нийтэд нь хамруулан ардчилсан хувьсгал гэж нэрэлдэг. Олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн нэршил. Төрийн удирдлагыг ард түмэн чөлөөт сонгуулиар сонгодог, бүх иргэд нийгмийн-төрийн-хуулийн өмнө тэгш эрхтэй, аж ахуйн үйлдэл нь чөлөөт зах зээлийн хэлбэртэй, өмчлөх эрхээр нийтээр хангагдсан, хүний эрхийг тэргүүн зэрэгт тавьсан, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, шүтэж бишрэх, хэвлэн нийтлэх эрх нь хуулиар хамгаалагдсан, иргэдийн шилжих аялах эрх нээлттэй гэх мэт жишиг үзүүлэлт нь ардчилсан нийгэм гэсэн стандартад таарч буй хэрэг. 

Дараа нь болсон – ардчилсан хувьсгалыг шоронгийн хулгайч нар удирдсан, социализмын үед жаргаж үхэж байсан, зовж зүдэрсэн гучин жил, жинхэнэ жогорхой биш дүр үзүүлсэн хулхи ардчилал, эргэж ухраад феодализмдаа орчихлоо, хувьсгал биш байсан яагаад гэвэл эхнээсээ өөрсдийгөө хөдөлгөөн гэж нэрлэж байсан, дэлхий даяараа хөгжиж байхад ганцхан ардчилсан гэгдэх Монгол л хөгжихгүй ухарсаар байна, хүмүүс нь ядуурч олноороо өлбөрч үхэж байна, энэ оронд тэмбүү сүрьеэ архи гурваас өөр юу ч алга гэх мэт дүгнэлт бол дараагийн тусдаа асуудал. Учир нь энд хувьсгалын шинж чанарын тухай л асуудал хөндсөн болой. 

Дарвин байгалийн шалгарал буюу оршихуйн төлөөх тэмцлийн хуулийг нээсэн. Тэрээр хувьслын гол хүчин зүйлийг үүгээр тайлбарласан юм. Харин хожим нь Мэндэл удамшил хувьслын хууль нээснээр биологи дахь хөгжлийн гол хүчин зүйлийг тайлбарлах үүд хаалга нээгдсэн билээ. Хөгжил мэдээж Дарвины хэлснээр урт удаан хугацаагаар урагшилдаг боловч илүү чухал үүрэгтэй нь мутаци юм. Мутаци бол үсрэлт, өөрөөр хэлбэл биологийн хувьсгал. Чухам мутацийн үр дүнд арчаагүй нэг эст нян хожим нь саран дээр хөлөө тавьсан хүн болон өөрчлөгдсөн. Хэрэв мутаци хувьсгал огт тохиолдоогүй бол бараг дөрвөн тэрбум жилийн өмнө үүссэн бичил биест өнөөдөр манай дэлхийд тэр л хэвээрээ огт өөрчлөгдөлгүй оршсоор байх байлаа. Мутаци бол биологийн хувьсгал. Мутаци зүйл бүрд, биет бүрд маш элбэг тохиолддог. Гэхдээ анхаар, мутаци болгон хувьсгал хийж чаддаггүй, учир нь мутацийн 99,99 хувь нь амьдрах чадваргүй.

2020.1.5


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Баабар ёстой Хуцна, Тэр Ардын хувьсгалын Партизан гэх дээрээс нь бэлдэж өгсөн Бэлэн дурсамжтай хэдэн Өвгөдын Байлдаантай хувьсгал гэчихжээ, Баабар юу мэдэгтээ ингэж Хуцна вэ, Тэр үеийн Эцэг өвгөдийн маань Тэмцэл жинхэнэ Эх оронч үзэл, Тусгаар тогтнолынхоо төлөө ёстой Амь биеэ хайрлахгүй зүтгэж, Амиа өргөж олж ирсэн Тусгаар тогтнолын тэмцэл байсан юм шүү, Өнөөдөр Баабарын байнга улиг болсон Ардчилсан хувьсгал, Ардчилал энэ тэр гээд бараг жинхэнэ Хувьсгал байсан энэ тэр гэх гээд байгаа бололтой, Өнөөдөр Ардчилалыг Элбэгдорж, Батүүл, Баабар Со, гээд хэдхээн Нөхдүүд тэмцээд Нийгмийг өөрчилчихсөн юм шиг л Ичих ч үгүй л бичиж ярих юм, Тэр үед Та муусайчуулыг дэмжиж тухайн үеийн Залуус жагсаж тэмцээгүй бол Ардчилагчид Хувьсгалчид гээд байгаа Баабар мэтийн Дуракууд бүгд өнөөдөр ингэж Хуцаж сууцгаахгүй л байсан шүү , Ичихгүй Та нар Дарийн утаа ч үнэрлэж Буун дуу ч сонсож үзээгүй байж нэгэндээ Улсын баатар цол олгож, Өөрсөн дөө Нийтлэлч Улс төрч, Ардчилагч энэ тэр гээд Цол өгчихсөн, Үхсэн Баасны Та нарын Хувьсгалч, Улс төрч, Нийтлэлч байх вэ дээ, Цугтаа Тэмцэж байсан нэгнийхээ Амь насыг хороогоод, Гадныхантай нийлж Назар шороо Байгалийн баялгаа цөлмөж, Өөрсөд өө Хулгай Луйварын аргаар энэ Улс орны хамаг Өнгөтөй өөдтөй, Үйлдвэр завод, Кино театрыг хувьдаа авч Баяжижцгаасан Этгээдүүдыг ямар юмны Хувьсгалч гэх юм, Хувьсгал гэдэг чинь Эрх баригчидын Уйвайгүй явдалыг Үл тэвчин, эсвэл Гадны Улсын Дарангуйлалын эсрэг Босож тэмцсэн Ард иргэдийн Тэмцэлийг Хувьсгал гэнэ үү гэхээс өнөөгийн манай Ардчилагчид гээд байгаа Этгээдүүд Улс орноо Цөлмөхын төлөө Жагсаж тэмцсныг Хувьсгал гэдэггүй Төрийн Эргэлт гэдэг юм, Ардчилал Ардчилсан засаглал гэж угаасаа ч байдаггүй, Улс орноо Цөлмөхын төлөө Төрийн эргэлт хийснийг Хувьсгал гэдэг ч үгүй юм, Хувьсгал гэдэг чинь Баабарын төсөөлж бичснээс шаал өөр зүйл байдаг юм, Баабар нэг удаа ч болов Буугаар буудаж Дарийн утаа үнэрлэчихээд Хувьсгал энэ тэр гэж ярьж бич, 90-оны Таө нарыг дэмжиж жагсаж байсан Залуус ихэнхи нь Эр цэргийн алба хаасан Ардчилагч гээд байгаа Та нарын дэргэд Буугаар буудаж, Дарийн утаа үнэрлэж үзсэн, Эх орноо манаж, Эх орон дуудахад хэзээд бэлэн тийм л шижэгэнсэн Залуус байсан юм шүү, Баабар бол ёстой Хуцна,

    0 1 Хариу бичих
  2. хувьсгалаар бүх юмыг шийддэг үе өнгөрсөн хувьсгал хийсэний дараа улс орон хямарч аллага хядлага явагдаж байдаг нь түүхэнд маш олон удаагаар батлагдсан.

    1 0 Хариу бичих