Олимпийн түүхэнд үлдсэн дуулиант үйл явдлууд

Улс төрийн нөлөө оролцсон олимп хүмүүсийн ой санамжид илүү тод бичигдэж үлддэг учир бий. Жишээ нь “Токио 2020” ОХУ-ын төрийн дуулал, туг далбааг нь хориглосон гэдгээрээ түүхэнд бичигдэж үлдэх нь тодорхой болчихлоо. “Москва 1980”, “Лос Анжелес 1984” гэж асуухад тэр үед юу болсныг бараг бүгд хэлээд өгчихнө. Тэгвэл хүмүүс тэр бүр мэдэхгүй ч тухайн үедээ л дэлхий нийтийг цочирдуулж, шуугиулж, хэдэн арван жилээр яригдаж байсан дуулиантай үйл явдал тохиосон олимпийн наадмууд түүхэнд цөөнгүй бий. “Парис 1900”, “Сент Луис 1904”, “Амстердам 1928” гээд дурдвал хүмүүс тэр бүр санахгүй ч дуулиан шуугианы хувьд одоо сонсоход ч үнэхээр “чанартай” гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

Парис 1900

Олимпийн дэвжээг яргын газар болгов

Хоёрдугаар олимпийг зохион байгуулагчид наадмын хөтөлбөртөө яагаад ч юм бэ “Тагтаа буудах” төрлийг оруулжээ. Гэтэл яг тэмцээний талбар дээр үүссэн нөхцөл байдал тамирчдад ч, үзэгчдэд ч огт таалагдаагүй бөгөөд харин ч сэтгэлийг хямраасан аж. Тэмцээн өндөрлөхөд талбай дээр цусан нэлий тогтож, тагтааны хүүр хөглөрч байсан гэдэг. Энэ төрөлд Бельгийн Леон Де Лунден шилдэг 21-ийг буудаж, “Тагтаа алагч”-аар шалгарч алтан медаль хүртсэн ажээ. Харин тэмцээний турш нийт 300 тагтаа устгагдсан аж. Олон улсын олимпийн хороо наадмын дараа хуралдаж, хэтэрхий харгис энэ төрлийг олимпийн тэмцээний хөтөлбөрөөс эгнэгт хасжээ.

Сент Луис 1904

Хамгийн дуулиантай марафон

Зуны олимпийн гуравдугаар наадам Чикагод явагдах байсан ч АНУ-ын Ерөнхийлөгчийн хүсэлтээр солигдож, Сент Луист болжээ. Үүний тулд ОУОХ-ны төлөөлөгчид АНУ-д очиж, Ерөнхийлөгчтэй биечлэн уулзахад хүрсэн аж. Америкчуудын зохиосон анхны олимпийн тэмцээн бүр маш онцлогтой болсон ч хамгийн их дуулиан дагуулсан нь марафон гүйлтийн тэмцээн байв. Уралдаан тоос ихтэй шороон зам дээр явагдсанаас болж оролцогсдын талаас илүү нь замаа дуусгаж чадалгүй гарчээ. Мөн уралдааны маршрут хувийн эзэмшлийн эрдэнэ шишийн талбайг дайруулж зурагдсан тул олон гүйгч нохойд уруулжээ. Дуулиант энэ уралдааны ялагч нь ч бас дуулиантай.

Уралдаанд түрүүлсэн Фредерик Лорз гэгч замын ихэнхийг автомашинаар туулсан нь илэрч, медалиа хураалгажээ. Тэрээр хөгжөөн дэмжигчийнхээ машинаар бараг бүх замыг туулсан бөгөөд барианд үнэмшилтэй орохын тулд найман километрийн өмнө л буусан аж. ОУОХ ялалтыг хоёрдугаарт бариалсан Томас Хикст шилжүүлсэн нь зүйн хэрэг. Гэтэл дасгалжуулагчийнх нь ярьснаар бол мань хүн допингийн тусламжтайгаар аварга болсон байдаг. Бариа хүрэхэд долоон миль үлдээд байхад тэрээр зам дээр унажээ. Дасгалжуулагч Шарль Люк нь энэ үед түүнд стрихнин сульфат тарьж, дарс уулгасан аж. Хэдэн километр гүйснийхээ дараа дахин унахад нь түрүүчийн үйлдлээ давтжээ. Тэрээр бариад орсныхоо дараа шууд эмнэлэгт хүргэгдсэн гэдэг. Гэхдээ ОУОХ Томас Хиксээс медалийг нь хураагаагүй юм. Ингэж үхэн алдан зүтгээд 3:28:53 амжилт үзүүлжээ (Тухайн үед марафон одоогийнх шиг 42 км 195 метр биш, 40 км зайд болдог байсныг сануулья).

Хүн судлалын өдрүүд

Сент Луис хот Бүх дэлхийн үзэсгэлэнг олимпийн наадамтай нэгэн зэрэг зохион байгуулжээ. Үзэсгэлэнгийн үеэр хотод хүн судлалын гэж хэлж болохоор тосгон байгуулсан бөгөөд түүндээ Африкийн хагас зэрлэг омгийнхон, Өмнөд Америкийн уугуул иргэд, филиппинчүүд гэх мэт тухайн үедээ хүн төрөлхтөнд сонин содон байсан “Гуравдагч ертөнцийнхөн”-ийг байршуулсан байж. Тэд үндэснийхээ хувцсыг өмсөж, зочидтой зураг авахуулахаас гадна зэрлэг ёс заншил, уламжлалт зан үйлээ хийж үзүүлж байв. Гол нь энэ “Хүний хүрээлэн”-г олимптой холбох учиг нь өдгөө дэлхийн спортод чанд хориглодог арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл байсанд хамаг бузар булай нь оршино. ОУОХ тэр үед ч арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг зөвшөөрдөггүй байсныг хэлэх хэрэгтэй.

Гэтэл зохион байгуулагчид яагаад ч юм бэ, тэднийг олимпийн наадмын хөтөлбөрт багтсан спортын төрлөөр өрсөлдүүлж, жинхэнэ олимпийн тамирчдын үзүүлэлттэй харьцуулахаар шийджээ. Үүний гол зорилго нь, олимпийн наадмыг ашиглан цагаан арьстнуудын давуу байдлыг дэлхий нийтэд сурталчлах явдал байв. Тэгээд хоёр төрлөөр өрсөлдүүлсэн байна. Тэмцээнд орсон хүмүүс өөрсдөөр нь юу хийлгэх гээд байгааг ойлгохгүй, хийж үзсэнийхээ дараа л ойлгож байжээ. Гэвч зохион байгуулагчдын зүгээс тэдэнд дахин нэг оролдлого хийхийг нь зөвшөөрөөгүй аж. Ингэснээр үзүүлэлт нь цагаан арьстнуудынхаас хэтэрхий доогуур гарч, арьс өнгөний үзэлтнүүдийн бахыг хангах үүрэг хангалттай биелэгджээ.

Харин дараа нь ОУОХ энэ талаар мэдсэнээр олон улсыг хамарсан томоохон дуулиан дэгдсэн байдаг. Пьер де Кубертен америкчуудын үйлдэлд сэтгэл ихэд гонсойсноо илэрхийлж, “Олимпийн наадмыг улс үндэстнүүдийг ойртуулахын тулд зохиодог болохоос ялгаа зааг гаргахыг тулд байдаггүй” гэж тэрээр нэг бус удаа шүүмжилж байжээ.

Берлин 1936

Хувцсаа сольсон эр

Нацистын Германд болсон олимпийн улс төрийн агуулга, Жесси Оуэнсийн ялгуусан амжилтын сүүдэрт дарагдаад үлдчихсэн нэг түүх бий. Тэр нь эмэгтэй хүний дүрээр олимпийн наадмын тэмцээн уралдаанд оролцсон эрийн тухай түүх юм.

Дора Ратьен өндрийн харайлтаар Германы аваргад түрүүлсэн тул энэ төрөлдөө улсынхаа гол найдлага тээгч байлаа. Гэвч “гэртээ” болсон олимпийн наадамд тэрээр маш муу оролцож, ердөө дөрөвдүгээр байр эзэлсэн аж. Хоёр жилийн дараа тэрээр олимпийн бүтэлгүйтлээ цайруулж, Европын аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн дээд амжилт тогтоон түрүүлж, нэр алдрын тавцанд гарлаа. Гэтэл хамт өрсөлдсөн эмэгтэйчүүд нь гомдол гаргаснаар Дора Ратьены олон жил хадгалсан нууц илчлэгджээ. Харайгч бүсгүйчүүдийн нэг нь түүнийг бусад бүсгүйчүүдийн өмнө хэзээ ч хувцсаа тайлж байгаагүйг анзаарчээ. Мөн нэг ч удаа шүршүүрт хамт орж байгаагүй аж. Мөн хамт байхдаа эмэгтэй хүнийх гэхэд маш хачирхмаар хоолойгоор ярьдаг байжээ. Бүсгүй энэ сэжгээ бусдадаа хэлж, улмаар гомдол гаргасан байна. Мөрдөн шалгалтын дүнд Дорагийн хүйсийг тодорхойлж, аймшигт үнэн илчлэгджээ. Тэрээр эрэгтэй хүн байв. Илчлэгдсэнийхээ дараа тэрээр нэрээ Генрих Ратьен болгож сольсон ба “Эцэст нь ингээд сэтгэл амар, өөрийнхөөрөө байх цаг ирдэг байжээ” хэмээн хэлж байв. Шинэ төрсөн нярайн хүйсийг эмч нар тодорхойлж чадаагүй тул эцэг эх нь бодож байгаад эмэгтэй хүүхэд шиг өсгөхөөр шийдсэн нь ийм үр дүнд хүргэжээ. Германчууд Дорагийн давуу талыг ашиглахаар зориуд тэмцээнд оруулсан уу, эсвэл огт мэдээгүй юу гэдэг дээр түүхчид одоо ч маргадаг байна.

Мельбурн 1956

Усан сан дахь цус

Усан пологийн төрөлд учраа таарсан ЗХУ-Унгарын багуудын тоглолт спортын тэмцээн гэхээсээ илүү өшөө авалт мэт хатуу ширүүн болж өнгөрчээ. Тамирчид усан сан дотор маш ширүүн алдаануудыг ээлж дараалан гаргаж, сүүлдээ ширүүн зодоон үүсгэсэн байна. Унгарт ЗХУ-ын эсрэг хөдөлгөөн дэгдэж, оросууд цэрэг оруулан асуудлыг шийдсэний дараахан болсон учир ийм ширүүн зодолдоцгоосон байна. Уг нь Унгарын багийн тоглогчид илүү ширүүн байсан ч зохион байгуулагчид ЗХУ-д техникийн ялагдал өгч шийтгэсэн байдаг. Гэхдээ тоглолтод угаасаа ЗХУ-ын баг хожигдсон байсан юм. Олимпийн дараа Унгарын шигшээ багийн бараг бүх тоглогчид нь баруун руу дүрвэжээ.

Монтреаль 1976

Тамирчдын заль

Шүүгч, зохион байгуулагчдыг хуурах нь бүх биш ч тамирчдын байдаг л хүслэн. Түүхэнд ийм оролдлого олон гарч байсан. Гэвч тэдэн дундаас ЗХУ- ын таван төрөлтийн тамирчин Борис Онищенког гүйцэх нь бараг л үгүй болов уу. Тэрээр туялзуур сэлэмнийхээ үзүүрт байрлуулсан товчлуурын тусламжтайгаар шүүгчдийн гэрлийн дохиог асаах (илдний үзүүр өрсөлдөгчийн биед хүрсэн үед асдаг) аргыг боловсруулж, хэрэгтэй эд зүйлсийг зохион бүтээсэн байна. Үүнийгээ олимпийн наадмын үеэр хэрэглэжээ. Гэтэл хөдөлгөөн, байрлалын тохиромжгүй үед шүүгчийн гэрэл асаад байгаа нь анхаарал татаж, улмаар илчлэгджээ. Б.Онищенко нь ЗХУ-ын шигшээ багийнхаа ахлагч, хамгийн шилдэг тамирчин нь байсан ч ийнхүү шударга бус арга хэрэглэсэн нь одоо ч хачирхалтай санагддаг. Түүнийг эх орондоо буцаж очиход нь бүх цол гуншинг нь хураан авч, намаас хөөжээ.

Сидней 2000

Испанийн сагсан бөмбөгчдийн гутамшиг

Тамирчид шүүгчийг хуурсан хамгийн сүүлийн тохиолдол “Сидней 2000“ олимпийн пара-олимпын наадмын үеэр гарсан. Тус наадамд түрүүлсэн Испанийн шигшээ багийн тоглогчид оюуны хомсдолтой мэтээр дүр эсгэсэн нь тогтоогдож дуулиан тарьж байв. Тэд бүх өрсөлдөгчөө тасархай хожсон бөгөөд аваргын төлөө ОХУ-ыг буулгаж авсан аж. Гэвч хэдэн өдрийн дараа тоглогчдын нэг нь “Багийн хоёроос бусад гишүүн бүгд эрүүл байсан” гэдгийг илчилсэн ярилцлага өгснөөр шуугиан дэгдсэн юм. Эцэст нь ОУОХ Испанийн алтан медалийг хасч шийтгэжээ.

Эх сурвалж: "Үндэстний ТОЙМ" сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)