ЯЛАЛТ-75: Ленинградын хамгаалалт

Ленинградын хамгаалалт 1941 оны есдүгээр сарын 8-нд эхлэв. Фашистуудын төлөвлөгөөнд хотыг газартай тэгшлэн иргэдийг нь устгах гэсэн санаа байжээ. Бүслэгдсэн Ленинград 872 өдрийн турш амьдралын төлөө тэмцэж байлаа. Өдөр тутмын бөмбөгдөлт, өлсгөлөн оршин суугчдыг сөхрүүлсэнгүй, хот амьдарч, тэмцэж ирэв. Ленинградын хамгаалалт нь улс орондоо төдийгүй дэлхийд  эр зоригийн дуурайл болсон юм. Ленинград бүслэлтээс 1944 оны нэгдүгээр сарын 27-нд бүрэн чөлөөлөгджээ.

Бүслэлтийн эхлэл

Дайны өмнө Ленинград хот нь Зөвлөлтийн аж үйлдвэр, зэр зэвсгийн үйлдвэрлэл төдийгүй соёл урлагийн үнэт зүйлсийн томоохон төв байсан юм. Улс төрийн талаасаа хотыг “хувьсгалын өлгий” гэж тооцож иржээ. Эдгээр хүчин зүйл нь Оросын хойд нийслэлийг нэн түрүүнд эзлэх Гитлерийн төлөвлөгөөг тодорхойлж өгчээ. Финийн арми нь немцүүдэд туслан вермахтын “Хойд армийн бүлэглэлтэй” нь Финийн буланд Ладога нуурын зүүн хэсэгт нэгдэх ёстой байв. Армийн “Хойд” бүлэглэл Псков хот орчим гарч ирэхэд финийн дивизүүд Карелийн хүзүүвчээр давшилтад оржээ. Нева мөрний хот хүнд байдалд орлоо.

Фашистууд хотыг шууд дайран эзэлж чадаагүй ч Ленинградыг эх газраас нь тусгаарлаж чадав. Бүслэлт эхлэв. Хотыг агаараар буюу Ладога нуураар л дамжин хангаж болох байв. Немцүүд хотын захын дүүрэгт бараг л орсон ба Исаакиевын сүмийг дурангаар харж болох байлаа.

Нацистуудын төлөвлөгөө

ЗХУ-д довтлонгуутаа л Гитлерийн командлал Ленинградыг газрын хөрснөөс арчих хэрэгтэй гэж зарлав. Адольф Гитлерийн 1941 оны есдүгээр сард гаргасан тушаалд энэ тухай дурджээ.

1. Фюрер Петербург хотыг газрын хөрснөөс арчих шийдвэр гаргалаа. Зөвлөлтийн армийг бут цохисны дараа энэ хот оршин тогтнох нь учир утгагүй...

3. Хотыг чандлан бүслээд түүнийг их бууны бүх калибрийн тусламжтайгаар мөн агаараас тасралтгүй бөмбөгдөн газартай тэгшлэх ёстой. Хотын байдлаас болон түүний буун өгч байгаа мэдэгдэл гарвал түүнийг огт хүлээн авах ёсгүй.».
«Петербург хотын ирээдүйн тухай» захирамжаас

Хотыг орхин гарах гэсэн хүмүүсийг зэвсгийн хүчээр эргэн бүслэлтэд нь хөөн оруулах ёстой гэж Гитлер үзэж байсан гэнэ. Нацистуудын төлөвлөгөөгөөр Ленинград мөхөх ёстой байжээ.

Хамгаалалтыг зохион байгуулсан нь

1941 оны долоодугаар сарын 1-нд Ленинградын хамгаалалтын комисс байгуулагдан түүнийг намын зүтгэлтэн А.А.Жданов толгойлжээ. Гэхдээ бүслэлт эхлэх хүртэл  оршин суугчдыг нүүлгэх ажил хурдтай явагдаж чадаагүй. Хотын 2.5 сая оршин суугчид тэдэн дээр Балтийн орнуудын ба Ленинград мужийн дүрвэгчид бүслэн хаагдсан юм. 

Сталин нэн яаралтайгаар Ленинградын фронтын командлагчаар армийн генерал Г. К. Жуковыг томилсон ба тэр хатуу арга хэмжээгээр хотын ойрын шугамын хамгаалалтыг бэхжүүлэн хэд хэдэн сөрөг цохилт хийжээ. Үүний үр дүнд “Хойд” армийн бүлэглэлийн командлагч өөрийн хүчээр Ленинградыг эзэлж чадахгүй гэж Гитлерт илтгэж байв. Гэсэн ч Ленинградын фронт бүслэлтийг  сэтэлж чадаагүй юм.

Өлсгөлөн

Дайнаас өмнө Ленинградыг бусад бүсүүдээс хоол хүнсээр хангаж иржээ. Есдүгээр сарын эхэнд  ажилчид инженерүүд, албан хаагчид ба тэжээлгэгчдийн талхны өдрийн нормыг 600, 400, 300 грамм гэж тус тус буулгасан байлаа. Мөн сарын дундуур нормыг дахин багасгажээ.1941 оны арваннэгдүгээр сарын 20-нд картаар олгох талхны  норм хамгийн доод хэмжээнд  хүрсэн ба тэр үеэс ажилчид дөнгөж 250 грамм, албан хаагчид тэжээлгэгчид ба хүүхдүүд 125 грамм талх авах болсон байлаа.

«Буун дуу, цустай холилдсон Бүслэлтийн зуун хорин таван грамм»

О. Берггольц

Өлсгөлөн бүслэлтийн жилүүдэд 800 мянгаас нэг сая хүн үрэгдсэн гэх тооцоо бий. Энэ тоо нь Их Британи, АНУ-ын дэлхийн дайнд үзсэн хохирлоос илүү.

Ленинградчуудын үхлийн гол буруутан нь  Гитлерийн командлал ба хотыг Карелийн хүзүүвчийн талаас боосон Финлянд ч гэмтэй.

«Эмээ нэгдүгээр сарын 25-нд үхлээ… Алёша авга тавдугаар сарын 10-нд …Ээж тавдугаар сарын 13-ны 17.30 минутад…Бүгд үхлээ. Таня ганцаараа үлдлээ».
Таня Савичева, Ленинградын сурагч. Түүний бүслэлтийн тэмдэглэлээс / РИА Новости

Таня Савичева бас л Ялалт хүртэл амьдраагүй. 


Тэмцэл

Дэлхийн түүхэнд хүн амынхаа хамт бүслэгдэж байсан ийм  том хот гэж байхгүй. Гэхдээ Ленинград ажиллаж амьдарч тэмцэж иржээ. Хотод үлдсэн үйлдвэрүүдэд  эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд зэр зэвсгийг засварлаж, үйлдвэрлэж байв. Генерал Говоровын толгойлсон фронт, хотын удирдлага бүслэлтийг  сэтлэхээр бүхий л оролдлогыг хийж байлаа. Хотын хамгаалагчдын мятрашгүй эр зоригийн бэлгэдэл нь "Невийн хором" газар болсон юм.

«Харанхуй Невийн дэргэд бид эцсээ хүртэл зогссон юм. Та нарыг амьдраасай гээд бид амиа  өгсөн юм».

«Невийн хором газар» дахь «Галын шугамын чулуу» хөшөөний бичгээс

Бүслэлтийг сэтлэх оролдлого 1941 оны ес ба аравдугаар сард, Улаан армийн ерөнхий давшилтын үеэр 1942 оны нэгдүгээр сараас, дараа нь Ленинградын ба Волховын фронтын Синявины ажилгааны үеэр 8-10 саруудад хийгдсэн юм. Синявины ажиллагааны үеэр хотыг дайран эзлэх зорилгоор ирсэн байсан Германы армийн шинэ хүчийг сулруулан мөхөсдүүлсэн байв. Ленинградын фронтын командлал  гитлерчуудын хүнд их бууны  нэгтгэлүүдийн эсрэг тусгай  ажиллагааг явуулсан тул байлдсаны тэдний чадварыг хэд дахин бууруулжээ.

Ленинградад 1941—1942 онуудын эмгэнэлт өвлөөс эхлэн  өлсөж туйлдсан хүмүүсийг хооллох тусгай гуанзуудыг бий болгосон байв. Мөн өвчний дэгдэлтээс хамгаалах арга хэмжээг авч байлаа.

Амьдралын зам

Хэдэн зуун мянган ленинградчуудыг  аврах, нүүлгэх, хоол хүнс зөөх  цорын ганц зам нь зуны цагт усаар, өвөл нь мөсөн дээгүүрх Ладога нуурын зам байлаа. Түүнийг "Амьдралын зам" гэж нэрлэсэн юм. Нуураас хүмүүсийг зөөж,  ачаа тээж байсныг Аугаа эх орны дайны томоохон ажиллагаануудтай эн зэрэгцүүлэн  тавьж болно. 1941 онд нуурын мөс хөлдөнгүүт  хот руу машинаар  ачаа зөөж буцахдаа иргэдийг нүүлгэж байв. 1943 оны хавар хүртэл амьдралын замаар 1,6 сая тонн ачаа зөөж, 1,3 сая хүнийг ар тийш зөөжээ. Мөс цөмөрч замыг немцүүд буудаж байсан ч  цуваа хөдөлгөөнөө таслаагүй юм. Ладога нуурын ёроолоор цахилгааны кабель, шатахууны хоолой тавьсан байлаа.

1942 оны эхнээс талхны  хэмжээг аажмаар нэмж байсан ч тураалд орсон хүмүүс сэхэл авалгүйгээр үхэж байлаа. 1941 оны арванхоёрдугаар сард 53 000, 1942 оны нэгдүгээр сард 100 гаруй мянган хүн үхжээ.

«Оч» ажиллагаа

Бүслэлтийг 1943 оны нэгдүгээр сард хурандаа генерал Л. А. Говоровын командалсан Ленинградын фронт,  армийн генерал К. А. Мерецковын командалсан Волховын фронтын хүчээр “Оч” ажиллагааны  явцад сэтэлжээ. Фронтуудын ерөнхий зохицуулалтыг Г. К. Жуков хийсэн юм. Зөвлөлтийн цохилтын бүлэглэлүүд нь шийдвэрлэх чиглэлүүдэд дайснаас таваас илүү дахин хүч хуримтлуулсан байв. Бүслэлтийг 1943 оны нэгдүгээр сарын 18-нд Ладога нуурын өмнөд хэсэгт 8-11 км-ийн нарийн зурвасаар сэтэлсэн байв. Тэр коридороор хэдэн долоо хоногийн дотор төмөр зам тавин  галт тэргээр нэмэлт хүч, хүнс, зэвсэг авчирчээ.

Бүслэлтийн төгсгөл

Ленинградын бүслэлт 872 хоног үргэлжилж, Ленинград-Новгородын ажиллагааны үеэр 1944 оны нэгдүгээр сарын 27-нд төгсчээ.

«Хүмүүс мэгшин уйлж байна, дуулж байна, уйлсан нүүрээ үл нууцгаана.
Өнөөдөр хотод —

САЛЮТ!

Өнөөдөр ленинградчууд баярын нулимастай...»

Ю. Воронов

Ленинградын төлөөх тулалдаан Эх орны дайны жилүүдэд хамгийн урт үргэлжилжээ. Хотын төлөөх тулалдаан 1941 оны долоодугаар сарын 10-нд эхлэн Финийн анги нэгтгэлийг хотын захаас зайлуулан хил хүртэл нь шахсан Выборг-Петрозаводын ажиллагаа явагдсан 1944 оны наймдугаар сарын 9 хүртэл үргэлжилсэн юм. 1965 оны тавдугаар сарын 9-нд Ленинградад “Баатар-хот” цолыг бусад хотуудаас түрүүнд нь олгожээ.

Ленинградын хамгаалалтын үр дүн

Хэрэв хотыг дайснууд эзэлсэн бол түүний оршин суугчдыг үхэл хүлээж байсан юм. Немцүүд хотыг эзлээд ихээхэн хүчийг Москва, Сталинград руу илгээж болохоор байлаа. Ленинградын захуудад гитлерчүүд, Балтийн орнуудын тэдний хамсаатан эсэсчүүд  хүмүүсийн хядаж байлаа. Ленинградын дагуул хотууд Гатчина, Царское Село, Петергоф  сүйтгэгдэж тоногдсон байв.

Гэхдээ ленинградчууд төрөлх хотоо хамгаалахдаа ямар их эр зориг гаргасан үлгэрийг дэлхий дахинд харуулсан юм. Тэдний гавъяа нь өнөөдрийг хүртэл гайхал төрүүлдэг. Ургамал судлалын бүх холбоотын хүрээлэнгийн ажилтнууд хотынхны адил өлсөж зүдрэхдээ  тэнд хадгалагдаж байсан үр тарианы  гайхамшигтай цуглуулгаас ширхэг ч үр аваагүй. Талх баригч байсан Д.И.Кютинен ажлынхаа байранд өлсөж үхжээ.

Суут хөгжмийн зохиолч  Д.Д.Шостакович бүслэгдсэн хотод байхдаа өөрийн алдартай “Ленинградын” долдугаар яруу тунгалаг найраг хөгжмөө зохиожээ. Хөгжмийг анх 1942 оны гуравдугаар сард Кубышев хотод наймдугаар сард Ленинградад тоглосон юм. Бүслэлтийн үеэр хотод хөлбөмбөгийн хэд хэдэн тоглолт явагдсан ба немцүүд  хотод хөлбөмбөг тоглож байгаа гэж итгэж чадаагүй юм...

Ленинград тэсэн зогсож дайснаа агуу ялалтаар ялсан юм. Хот цэрэг, сэтгэл санааны гайхамшигтай ялалт байгуулжээ

Бүслэгдсэн Ленинградын хамгаалагчид
Б. Кудояров / ТАСС


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Баатар хот Ленинград харамсалтайгаар насаа алдсан эх оронч хүмүүст мэхийн ёслоё

    0 0 Хариу бичих
  2. zugeer l gaihamshig

    0 0 Хариу бичих