Хүүхэд хамгааллын 108 утсанд өдөрт 800 орчим дуудлага ирдэг

Хүүхэд хамгааллын 108 дугаарт өдөрт 800 орчим дуудлага ирдэг байна. Үүнээс 80-100 нь заавал очих шаардлагатай тухайн хүүхдэд эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн хүчирхийлэлд өртсөн талаар дуудлага байдаг гэнэ. Үүнээс харахад бид хүүхэд хамгааллын асуудалд өдөр бүр анхаарал хандуулах шаардлагатай байна.

Хүүхэд хамгааллын ажлыг үр дүнтэй болгохын тулд хамтарсан баг сайн ажиллах шаардлагатай. Гэхдээ хамтарсан багийн хувьд тогтвортой төсөв, боловсон хүчин байдаггүй нь хүүхэд хамгааллын ажил удаашрах нэг шалтгаан болдог байна. Үүний зэрэгцээ эцэг эхчүүдийн хариуцлагагүй байдал, архинд донтолт гэх мэт шалтгаанаас болж бага насны хүүхдүүд бэртэх, бүр эндэх байдал байсаар байна.

Төр засгаас хүүхэд хамгааллын чиглэлээр анхаарал хандуулах ёстой ч  эцэг эх нь энэ үүргээ умартаж энэ нь эргээд хүүхэд эндэх, бэртэх нэг шалтгаан болж байгаа нь харамсалтай. Жишээлбэл Зөвхөн он гарсаар 1-р сарын 4-ны өдөр нэг ойтой хүүхэд 40 см өндөртэй гэрийнхээ усны саванд унаж харамсалтайгаар амиа алдсан. Үүний зэрэгцээ Дорнод аймагт 2 настай хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь ганцааранг нь орхисны улмаас хөл, гараа хөлдөөсөн. Үүнээс хэд хоногийн зайтай Хүн амын орон сууцны тооллого хийж байсан ажилтнууд гэртээ харгалзах хүнгүй 2 хоног байсан 2,7 настай хүүхдүүдтэй таарч, хүүхэд хамгааллын ажилтнуудад хандсан байна. Түүнчлэн зөвхөн СБД-ийн цагдаагийн хэлтэс өнгөрсөн онд хараа хяналтгүй хүүхэдтэй холбоотой ажиллагаа 4 удаа явуулж, 12-15 насны хараа хяналтгүй 66 хүүхдийг олж, хүүхэд хамгааллын хамтарсан багт хүлээлгэн өгсөн.

Эцэг эхчүүдийн хариуцлагагүй байдал нь бага насны хүүхэд бэртэх, амиа алдах шалтгааны болж байна  

Сүхбаатар дүүрийн цагдаагийн 2-р хэлтсийн 11-р хороо хариуцсан цагдаа Г.Баяраа “Сүхбаатар дүүрэгт хүүхдийн дэргэд архидан согтуурч бага насны хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байгаа тохиолдол их гардаг. Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эцэг, эхчүүд өөрсдөө биеэ авч явах чадваргүйн улмаас хүүхдүүд нь осол, эндэгдэлд өртөх нөхцөл байдал бүрддэг” гэв.

2008 онд хийсэн судалгаагаар 2000 хүнд ногдох архи согтууруулах ундаа борлуулж байгаа цэгийн тоо 1 байсан. Харин одоо 5-6 болж нэмэгдсэн. Ийм цэгүүд олширч, үүнийгээ дагаад архидалт тухайн газруудад нэмэгдсэн нь хүүхэд үл хайхрах, бие махбодын, бэлгийн хүчирхийлэлд өртөх томоохон шалтгаан болж байна.  Архи согтууруулах ундаа борлуулах цэг олонтой, гэр хорооллын бүсэд хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой дуудлага их . Ийм байдалтай хороонд өдөрт хамгийн багадаа 1, заримдаа 3 дуудлага ирдэг бол зарим дүүрэгт сардаа 1-2 дуудлага л ирдэг байна. Тиймээс хамтарсан багийн ачаалал харилцан адилгүй болж, энэ нь эргээд хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой хэргийг шийдэхэд хүндрэл учруулж байна.

ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн Л.Бадамцэцэг “Хүүхдийн эрсдэлийн орчны үнэлгээг хийгээд явахад эцэг эхтэй холбоотой хэд хэдэн зүйлс ажиглагдсан. Үүнд сургууль нь эцэг эхтэй нь холбоотойгоор ялангуяа бага насны хүүхдүүдийг гараас гарт хүлээлгэж өгөх байдал маш дутмаг байгаа. Захын дүүргийн сургуулиуд эцэг эхчүүд ажлаасаа болоод хүүхдүүдээ сургуулийнх нь хашаа руу нь оруулж дөхүүлээд орхидог. Хичээлийн цаг болоогүй бол хүүхдүүд хүйтний улиралд сургуулийн орчинд томчуудын хараа хяналтгүйгээр даартлаа тоглох гээд олон сөрөг үр дагаврууд бий болдог”

164 хороонд 164 нийгмийн ажилтан хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг

Нийслэлийн хэмжээнд 164 хороонд тус бүр нэг нийгмийн ажилтан хамтарсан багт ажиллаж байна.  Мөн хүүхэд хамгааллын хамтарсан багийг хороо, дүүргийн засаг дарга ахалж, цагдаагийн хэсгийн байцаагч, өрхийн эмч, сургуулийн нийгмийн ажилтан, цэцэрлэгийн арга зүйч нар хамтран ажилладаг. Тэдэнд тусгайлан төсөв шаардлагатай байдаг ч тухайн аймаг, дүүргийн иргэдийн хурлаас шийдвэр гарган, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд зарцуулах төсвөөс санхүүжилт олгох ёстой. Гэвч цөөн хэдэн аймаг, дүүргээс бусад газарт хамтарсан багт санхүүжилт олгох нь цөөн байна. Өдөрт  3 кейс орж ирж байгаа тохиолдолд хохирсон хүүхдээс гадна гэр бүлийн гишүүдтэй нэг бүрчлэн уулзах гэх мэт ачаалал их байдгаас болж хамтарсан багт ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд тогтвортой ажилладаггүй байна. Хамтарсан баг эрсдэлтэй гэр бүлтэй уулзах ажиллахад санхүүжилт, хүний нөөцийн асуудал тулгамдаж байгаа бол эцэг эхчүүдийн хувьд хайхрамгүй байдлаас болж хүүхэд нь гэмтэх, хүчирхийлэлд өртөх гэх мэт асуудлууд үүсч байна.

Хөөрхөн зүрх ТББ-ын төслийн зохицуулагч Г.Болормаа “Дуудлага олонтой хорооны нийгмийн ажилтны хувьд хамтарсан багийн хурлыг хамгийн олон удаа хийдэг. Гэтэл хамтарсан баг бол байгууллага биш. Олон байгууллагын асуудал хариуцсан албан тушаалтнууд нэгдэн хамтарсан багт ажилладаг. Нөхцөл байдлын үнэлгээгээ хийн дараагийн шатны үйлчилгээг үзүүлэхийн тулд тэр олон мэргэжилтнүүдийг нэг дор хурдан хугацаанд цуглуулах хэрэгтэй. Гэтэл өөр өөрийн гэсэн харьяалагдах байгууллагатай учраас тэдэнд цаг зав нь нийцэхгүй хүүхдийн кэйсийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэхэд цаг хугацааны хувьд хойшлогдох асуудал гардаг. Мөн ямар нэгэн шийдвэр гаргахад заавал нэг даргын гарын үсэг хэрэг болдог учраас хүүхэд хамгааллын үйлчилгээг хуульд заасан хугацаандаа үзүүлж чадахгүй байгаа гээд олон бэрхшээл бий” гэлээ.

ГССҮТ-д өдөрт 400 орчим хүн ирдгийн 35-40 хувь нь ахуйн гэмтэлтэй бага насны хүүхэд  

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор ГССҮТ-д ирж байгаа бага насны хүүхдийн тоо нэмэгдсэн байна. Өдөрт 350-400 хүн ирдэг. Үүний 35-40 орчим хувийг бага насны хүүхэд эзэлдэг байна. Энэ бол эцэг эхчүүдийн хүүхдэдээ тавих хараа хяналт сул байгааг харж болох тоо. Тиймээс ажил нь жигдрээгүй байгаа хамтарсан багийг хүлээх биш эцэг эхчүүдээс хариуцлага шаардах хэрэгтэй байна. Хэдий болтол төрүүлсэн үрээ анхаарал болгоомжгүй зан, архины хамаарлаас болж алдсаар байх вэ. Ухамсарлахгүй бол хуулийн хариуцлагаа ч болов чангатгах хэрэгтэй байна. тэгж байж дахин бяцхан амь эрсдэхээс сэргийлэх бол хийх л хэрэгтэй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Muu ajillaj bqa bolood huuhduud asùudald urtuj bqa

    0 0 Хариу бичих