Зах, худалдааны төвүүд хэрэглэхийг хориглосон нийлэг уутыг ашигласаар байна

Нэг удаагийн гялгар уут хэрэглэхийг хориглосон Засгийн газрын  тогтоолын хэрэгжилт хангалтгүй байна

Нэг удаагийн нийлэг гялгар уут хэрэглэхийг хориглосон засгийн газрын тогтоол гараад 10 сар болж байгаа ч хэрэгжилт хангалтгүй байна. Байгаль орчин болоод хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзэн 0.035 мм-ээс нимгэн уутыг хэрэглээнээс хасах шийдвэр  2019 оны 3 дугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн. Гэсэн хэдий ч орлох бүтээгдэхүүн байхгүй гэх шалтгаанаар хориглосон гялгар уутыг хэрэглэсээр байна.

Дэлхийн 60 гаруй орон нийлэг уутны хэрэглээг хязгаарласан хуультай. Манай улс ч мөн адил  олон улсын жишгээр нэг удаагийн нийлэг гялгар уутыг хэрэглээнээс хориглосон шийдвэр гаргасан ч биелэлт хангалтгүй байгаа юм. Захын нэг дэлгүүрт ороход л хориглосон гялгар уутны нийтлэг хэрэглээг харж болно. Манай сурвалжлах баг Баянзүрх захаар ороход нийлэг уутыг худалдаалдаг лангуутай байв. Түүнээсээ худалдаа эрхлэгчид нийлэг уут худалдаж авдаг гэж ярилаа.

Худалдаа эрхлэгчид нийлэг уутыг зарж байгаа болохоор авч хэрэглэж байна гэлээ. Мөн өнгөрсөн оны гуравдугаар сараас огт борлуулахгүй байхад иргэдэд худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүнийг нь ууталж өгөхөд хүндрэлтэй байсан талаар ч дурдлаа.

Засгийн газрын 189 дүгээр тогтоолын хэрэгжилт бодит байдал дээрээ нэг иймэрхүү. Бидний нэрлэж заншсанаар тасалдаг уут, сэнжтэй жижиг 10-ын уут, улаан, цэнхэр судалтай торыг хэрэглэхийг хориглосон.

Иргэдийн дийлэнх нь өөрөө уутгүй явах үед нийлэг уутанд хийгээд өгөхөөр нь авдаг гэх хариултыг өгсөн юм.

МХЕГ-аас 2019 онд 4 удаагийн тохиолдлоор 2.5 тонн орчим нэг удаагийн гялгар уут оруулж ирснийг лабораторийн шинжилгээгээр тогтоогоод хурааж, зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцжээ. Мөн шинэ жилийн үеэр хяналт шалгалт хийж худалдаа үйлчилгээний 80 гаруй аж ахуйн нэгжийн хэрэглэж байсан 500 кг нийлэг уутыг хураан авчээ.

НМХГ-ын улсын байцаагч Н.Одончимэг “Бид хэрэглээнээс нийлэг уут, хуванцар савыг хасья гэж байгаа. Эхний ээлжид дахин хэрэглэхгүй нэг удаа хэрэглээд хог болдог нийлэг уутыг хэрэглээнээс хасья гэдэг байдлаар энэ тогтоолыг гарсан гэж ойлгож байгаа. Цаашдаа 0.035 мм-ээс нимгэн нийлэг уутыг хорьж чадах юм бол түүний дараагийн шатны арга хэмжээг бодлого хариуцсан газруудаас авах байх гэж бодож байна” гэлээ.

Хууль тогтоол гараад ч хөрсөн дээр буудаггүйн нэг жишээ энэ. Нөгөө талдаа иргэд даавуун тор хэрэглэж хэвших шаардлагатайг албаныхан хэлж байна. Засгийн газрын байгаль экологио бодсон шийдвэр ийнхүү бүрэн хэрэгжихгүй 10 сар болж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)