Тусгай сангуудын тусыг тольдохуй

-Тусгай санд зарцуулах зардлын 88 хувийг гурван сан эзэлж байна-

Тусгай сангуудыг тойрсон “тусгай” хэргүүд сүүлийн хоёр жил дуулиан дагуулсан. Тодруулбал, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компанидаа тэрбум тэрбумаар нь зээл авсан 49 гишүүний мэдээлэл цацагдсан бол үргэлжлүүлэн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн зээлийн эзэд ч олон нийтэд ил болсон. Түүний дараагаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг дурдаж болно. Тус сангаас ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 27 аж ахуйн нэгжид давуу байдал олгож, тус бүрт нь 200 хүртэл сая, нийт дөрвөн тэрбум төгрөг шилжүүлсэн гэх хэрэгт холбогдох албан тушаалтнуудыг нь  шалгаж байгаа. Мөн 10 гаруй гишүүний нэр ч дурдагдаад буй.

Тиймээс энэ Засгийн газар бүхнийг “шинээр эхлэх” санаачилга гарган Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг цэгцэлж, оновчтой зохион байгуулан, санхүүжилт, зарцуулалтыг ил тод, хяналттай болгох, олон нийтийн оролцоог хангах замаар тусгай сангуудын эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хуулийг шинэчилсэн. Ингэхдээ хоёр санг нэгтгэж, долоон санг татан буулгаж, нэг сан шинээр нэмсэн. Өөрөөр хэлбэл, Мал хамгаалах сан, Тариалан эрхлэлтийг дэмжих санг нэгтгэн Хөдөө аж ахуйг дэмжих сан болгож, Кино урлагийг дэмжих санг шинээр нэмсэн юм. Харин Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол судлалыг дэмжих сан, Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Эрсдэлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан зэрэг 7 тусгай санг татан буулгасан. Ингэснээр 29 тусгай сантай байсан Монгол Улс өдгөө доорх 22 сантай болсон юм.

Монгол Улсын тусгай сангууд

  1. Нийгмийн даатгалын сан
  2. Нийгмийн халамжийн сан
  3. Эрүүл мэндийн даатгалын сан
  4. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
  5. Мэргэжлийн боловсрол сургалтыг дэмжих сан
  6. Хөдөө аж ахуйг дэмжих сан /ТЭДС, Мал хамгаалах сан нэгдэв/
  7. Боловсролын зээлийн сан
  8. Улсын автозамын сан
  9. Зэвсэгт хүчний хөгжлийн сан
  10. Засгийн газрын нөөц сан
  11. Шинжлэх ухаан, технологийн сан
  12. Кино урлагийг дэмжих сан /шинээр нэмэв/
  13. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
  14. Эрүүл мэндийг дэмжих сан
  15. Соёл урлагийг дэмжих сан
  16. Спортыг дэмжих сан
  17. Байгаль орчин, уур амьсгалын сан
  18. Гэмт хэргийн хохирогчдод нөхөн төлбөр олгох сан
  19. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан
  20. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан
  21. Ирээдүйн өв
  22. Төсвийн тогтворжуулалтын сан

Тэгвэл эдгээр сангуудын энэ оны санхүүжилт хийгээд, зарцуулалтын чиг ямар байгааг харъя. Товчхондоо, тусгай сангийн тус ямар байх вэ гэдгийг тольдъё. Энэ онд  Засгийн газрын тусгай сангуудаар дамжин нийт 4.3 их наяд төгрөгийн зардал санхүүжүүлэх юм байна. Үүний 88  хувь буюу 3.8 их наяд  төгрөг нь Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Эрүүл мэндийн даатгалын сангуудын зарлага, 12 хувь буюу 512.1 тэрбум төгрөг нь бусад тусгай сангийн зардалд хамаарч байна.

Халамжийн санд гэхэд энэ онд  нийт 756.6 тэрбум төгрөг тусгасан. Энэ нь 2019 оныхоос 62.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа юм. Нэмэгдсэн хөрөнгийн 21.1 тэрбум төгрөг нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохтой холбоотой, 17.5 тэрбум төгрөг нь халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэхэд, 13.8 тэрбум төгрөг нь “Цалинтай ээж” хөтөлбөрийн хэрэгжилтийг үргэлжлүүлэн хангахад, 12.7 тэрбум төгрөг нь Засгийн газрын 2019 оны 227 дугаар тогтоолоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотой гэнэ.

Шинээр нэмэгдсэн Кино урлагийг дэмжих сантай холбоотой багахан мэдээлэл хүргэхэд, тус сан нь үндэсний  кино контент бүтээх, кино үйлдвэрлэл, дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, олон улсын кино наадам, үзэсгэлэнд Монгол киног оролцуулах,  төрийн захиалгаар уран сайхны болон баримтат кино, хүүхэд залуучуудад зориулсан кино бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг санхүүжүүлэх зориулалттай юм. Уг сан нь цаашид өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах аж. Энэ онд сангийн санхүүжилтийн эх үүсвэрт эхлэлийн хөрөнгө болгож 10 тэрбум төгрөг олгохоор тусгажээ. Тэгвэл дуулиан дагуулсан сангуудын нэг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн нийт зардлыг энэ онд өмнөх оноос 36.8 тэрбум төгрөгөөр өсгөж, 120.1 тэрбум төгрөгөөр тооцжээ.

 

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэй боловсон хүчин эрэлттэй байгаа тухай Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын судалгаа харуулсан. Тэр дундаа оёдолчин, гагнуурчдын эрэлт их байгаа юм. Тэр утгаараа Монгол Улсын Засгийн газраас мэргэжилтэй боловсон хүчнийг бэлдэх бодлогод анхаарч байгаа. Энэ хүрээнд Мэргэжлийн боловсролыг дэмжих сангийн зардлыг 39.3 тэрбум төгрөгөөр нэмж, 88.3 тэрбум төгрөгөөр тооцжээ. Үүнээс мэргэжлийн боловсролын сургалтын төвд суралцагчдад сар бүр олгох тэтгэлгийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж 200 мянган төгрөгт хүргэхээр тооцож нийт 40 мянган суралцагчдад 79.9 тэрбум төгрөг олгох нь. Мөн хувийн мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудын хувьсах зардалд 8.4 тэрбум төгрөг олгохоор тусгасан байна.

Ирэх онд Боловсролын зээлийн сангаас нийт 76.6 тэрбум төгрөгийн зээлийг гадаа, дотоодын суралцагчдад олгох юм байна. Үүнээс Оюутны хөгжлийн зээлд 33 тэрбум төгрөг, дэлхийн шилдэг 100 сургуульд суралцагчдын сургалтын төлбөрийн зээлд 14.5 тэрбум төгрөг, зарим суралцагчдад олгох сургалтын төлбөрийн тэтгэлэгт 12.6 тэрбум төгрөг олгохоор болжээ. Мөн Засгийн газрын гэрээгээр гадаадад суралцагчдад олгох зээлд 7.3 тэрбум төгрөг,  багш мэргэжлээр суралцаж буй оюутан, магистрантуудад олгох сургалтын төлбөрт 2.8  тэрбум төгрөг, бусад зээл, арга хэмжээний зардалд 2.9 тэрбум төгрөг тусгасан байна.

Санхуулахад, Боловсролын зээлийн сангаас зээл авсан 13 мянга гаруй хүний зээлийг чөлөөлөх шийдвэрийг Засгийн газар өнгөрсөн наймдугаар сард гаргсан билээ. Өөрөөр хэлбэл, гэрээний үүргээ биелүүлж, нийгмийн даатгалаа төлж байгаа иргэдийн зээлийг чөлөөлж, дипломыг олгохоор болсон. Эдгээр 13 мянга гаруй иргэний зээлийн дүн нийтдээ 16 тэрбум төгрөг. Дунджаар нэг хүн 500.000-1.000.000 гаруй төгрөгийн зээлтэй байсан тухай БСШУС-ын сайд хэлсэн байдаг.

Улсын авто замын сангийн төсвийг 2020 онд нийт 55 тэрбум төгрөгөөр тооцсон байна. Үүний 40 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 15  тэрбум төгрөгийг өөрийн үйл ажиллагааны орлогоос санхүүжүүлэхээр тусгажээ. Ингэснээр Улсын авто замын сангийн орлогын эх үүсвэрийг замын засвар, арчлалтад бүрэн зарцуулах нөхцөл бүрдэнэ гэж үзсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)