Оросын Засгийн газар ээлж сэлгэв

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр парламентад уламжалт илтгэл тавих үеэрээ Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах тодорхой саналуудаа танилцуулжээ. Тухайлбал, парламентын бүрэн эрхийг нэмэгдүүлж, хууль тогтоогчид гүйцэтгэх засаглалийн тэргүүнийг нэрлэх, томилох эрхтэй болох юм. "Энэ нь парламент болон парламентад суудалтай намуудын үүрэг, Засгийн газрын гишүүдийн бүрэн эрх, хараат бус байдлыг нэмэгдүүлэх болно" гэж Путин хэлэв.

Энэ саналтай холбогдуулан Д.Медведев тэргүүтэй ОХУ-ын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгаагаа мэдэгдлээ. "Засгийн газар төрийн тэргүүнд шаардлагатай шийдвэр гаргах бүх боломжийг олгох ёстой. Тиймээс Үндсэн хуулийн 117-р заалтын дагуу ОХУ-ын сайд нарын танхим бүрэн бүрэлдэхүүнээр огцрох өргөдөл өгч байна” гэж Д.Медведев Ерөнхийлөгч В.Путинтэй хийсэн уулзалт дээр мэдэгджээ.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг бүх нийтийн санал асуулгаар шийдэхийг Ерөнхийлөгч В.Путин санал болгосон ч тодорхой хугацаа заагаагүй байна. ОХУ нь хүчтэй Ерөнхийлөгчийн засаглалаа хэвээр хадгалах ч парламентын эрх үүргийг нэмэгдүүлнэ гэж онцолжээ. Мөн Ерөнхийлөгч болохыг хүссэн хэн бүхэнд тавих шалгуурыг чангатгахыг хүсч байгаагаа илэрхийлэв. Тухайлбал Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь сүүлийн 25 жилийн турш Орост амьдран суусан байх шаардлагатай.

 Д.Медведевийг залгамжлуулахаар Оросын Үндэсний татварын албаны дарга Михаил Мишустиныг шинэ Ерөнхий сайдаар нэрлэлээ. Татвар болоод үл хөдлөх хөрөнгө, газрын албанд технологийн шинэчлэл хийгдсэн гэж үнэлэгдэг М.Мишустин энэ жил 53 настай, бизнес эрхлэгчээс төрийн албанд шилжсэн нэгэн. Михаил Мишустин өчигдөр үдэш Төрийн Дум дахь намуудын төлөөлөлтэй уулзсан бөгөөд өнөөдөр  парламентад санал хураалт явагдана.

Харин Д.Медведевийн хувьд Аюулгүй байдлын зөвлөлийн шинэ орлогч даргаар томилогдоно гэж ажиглагчид үзэж байна. Барууны орнуудын хоригт орсны зэрэгцээ Ойрхи Дорнодын асуудалд голлон тоглогч хэвээр байх Оросын хүсэл эрмэлзлийг хангахад цэрэг, стратегийн асуудлыг голчлон хариуцах уг албан тушаал ихээхэн нөлөөтэй аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)