Хүүхдийн мөнгө, үдийн хоол, эхийн хуримтлал... Путины санал болгож буй шинэчлэлүүд

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны чуулганд жил тутмын илгээлтээ уншин танилцууллаа. Анх удаагаа оны эхэнд тавьсан илтгэлээ үндэсний чухал зорилтуудыг шийдэхэд цаг алдахгүйн тулд гэж Ерөнхийлөгч үгийнхээ эхэнд онцоллоо.

Хүн ам зүйн бодлогын талаар

Орос орон хүн ам зүйн хурцатмал үед орлоо гэж Путин мэдэгдэв. Түүний хэлснээр, 2024 он гэхэд төрөлтийн коэффициент нь өнөөгийн 1,5-аас 1,7 болох ёстой. Гэр бүлийг дэмжихийн тулд хүүхдүүдийг яслиар хангаж, бага сургуулийн халуун хоолыг үнэгүй болгож, гурваас долоон насны хүүхдүүдэд сар тутам тэтгэмж олгож байхаар болжээ. Тэтгэмжийг нэг хүний орлого нь амьжиргааны түвшнээс доогуур гэр бүлд олгох юм байна.

Мөн түүнчлэн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх нь Засгийн газар болоодТөв банкны чухал үүрэг  гэж Путин нэрлэв.

Эхийн хуримтлал болон гэр бүлийг дэмжих хөтөлбөр

Эхийн хуримтлал хөтөлбөрийг наад зах нь 2026 он хүртэл сунгахаар боллоо. Тэтгэмжийг одоо анхны хүүхэд нь төрсний дараа шууд олгохоор заажээ. Хоёр хүүхэдтэй гэр бүлд олгох тэтгэмжийг 616 617 рубль хүртэл нэмэгдүүлж байгаа бөгөөд цаашид жил тутам индексжүүлэх ажээ. Путин банкуудад хандан  залуу гэр бүлд хөнгөлөлттэй ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвхитэй оролцохыг уриалав.

Төрийн тэргүүн хүн амыг дэмжих энэ өндөр өртгийг гаргахдаа төсвийн тогтвортой байдлыг барьж байх үүргийг Засгийн газарт өглөө.

Боловсролын тухай

Сургуулиудад таатай нөхцөл бүрдүүлэх үүднээс нэмэлт байр гаргаж, түүнийг “Боловсрол” гэсэн үндэсний хөтөлбөрт оруулан өөрчлөхийг Ерөнхийлөгч Засгийн газраас шаардав.  “Энд уян хатан шийдвэрийг олох хэрэгтэй. Зөвхөн сургуулиудыг шинээр барих төдийгүй боловсролын бүх систем бусад дэд бүтцийг энэ зорилгоор үр дүнтэй ашиглах хэрэгтэй” гээд орчин үеийн технологийг татан оруулах ёстойг Путин хэлэв. 2020 оны есдүгээр сарын 1-нээс анги даасан багш нарын цалин дээр хамгийн багаар  гэхэд л 5000 рублийн нэмэгдэл өгөх саналыг Путин дэвшүүлэв.

Эрүүлийг хамгаалах салбар

Орост дундаж наслалт 73 болон 2000 оныхоос найман жилээр нэмэгдлээ гэж Ерөнхийлөгч мэдэгдэв. Энэ нь нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, нийтийн биеийн тамир спортын хөгжил, эрүүл мэндийн системийн мэдэгдэхүйц ололтын үр дүн хэмээн онцлов. Долоодугаар сарын 1-нээс бүс нутгийн эрүүлийг хамгаалахын анхан шатны шинэчлэлийг эхлүүлж, түүнийг хэрэгжүүлэхэд 550 тэрбум рубль гаргах болно. Мөн эрүүл мэндийн салбарын цалин хөлс, нэмэлт шагнал урамшууллыг бүх нутаг дэвсгэрт адилхан болгох ажээ.

Одоогоор албан ёсны зөвшөөрөлгүй  тусгай эм тариаг гадаадаас авах ажлыг шуурхай зохион байгуулахыг Путин Засгийн газраас шаардав.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт

 В.Путин шинэ Үндсэн хууль батлах шаардлагагүй гэхдээ түүнд оруулах багц засвараар иргэдийн дунд санал хураалт явуулах шаардлагатайг хэлэв.Ерөнхийлөгч санал болгож харин Засгийн газрын тэргүүн ,  түүний сайд нарыг Төрийн дум батлахаар болж байна. Үндсэн хуулинд тэтгэвэрийн индексжүүлэлт, цалингийн доод хэмжээг амьжиргааны түвшинтэй уялдуулах талаар тусгаж өгөхийг ч санал болголоо. Мөн Ерөнхийлөгчид нэр дэвшигч Орост 25 жилийн дотор амьдарсан байх, албан тушаалтнуудыг гадаадын иргэн болохыг хориглох заалтыг Үндсэн хуулинд тусгахыг Путин санал болгожээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)