“Манай орон бусад улс орнуудаас гурав дахин их дулаарсан”

УИХ-ын чуулганы хуралдаанаар Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Энэхүү хуулийн төсөлд усны асуудал эрхэлсэн агентлагтай болох зохицуулалтыг тусгасан байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлснийг тоймлон хүргэе.

О.Батнасан: Байгаль орчин болон усны нөхцөл байдлын үнэлгээг говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлтэй харьцуулан тогтооно гэсэн зарчим баримталдаг. “Оюутолгой” гэх мэт компаниуд бусад компаниудтай адилхан төлбөрөөр ус ашигладаг уу. Хөнгөлөлт үзүүлдэг үү?

БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар: “Оюутолгой” компанийн хувьд гурван удаа усны хайгуул хийж, 918 литр/секундээр баталгаажуулсан. Өнөөдрийн байдлаар ашигт малтмал олборлон баяжуулахад нэг шоо метр усыг 959 төгрөгөөр төлдөг. Оюутолгойн гэрээг 2009 онд байгуулахдаа Усны тухай хуульд дөрвөн заалт нэмж оруулж байсан. Тухайлбал, тухайн аж ахуйн нэгж байгууллага өөрийн хөрөнгөөр газрын доорх усны ордыг илрүүлсэн бол ашиглах давуу эрх үүснэ. Ашиглах хугацаа нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаатай ижил байна. Ус ашиглах эрхийг бусдад давхар олгохгүй гэсэн зүйл заалтуудыг оруулсан. Саяхан УИХ-аас гаргасан тогтоолын дагуу “Оюутолгой” компанид усны нөөцийг дахин үнэлэх, усны аудит хийх чиглэл өгсөн.

Б.Баттөмөр: Усны агентлаг байгуулахыг дэмжиж байна. Усны агентлагийг 2012 онд ямар үндэслэлээр татан буулгасан бэ. Хоёрдугаарт, гадаргын усыг нөөцөлж, ашиглах чиглэлээр ямар бодлого баримталж байгаа вэ. Гуравдугаарт, “Хэрлэн говь”, “Орхон говь” гэсэн төслүүд юу болсон бэ. Мөн ойн агентлаг байгуулахгүй юм уу?

БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар: Дэлхийн цаг уурын байгууллагын гаргасан судалгаагаар сүүлийн 100 жилийн хугацаанд дэлхийн цаг агаар 0.7-0.9 градусаар дулаарсан байна. Гэтэл манай орны хувьд цаг агаар 2.1-2.26 градусаар дулаарсан гэсэн судалгаа гарсан. Үүнээс манай орон дэлхий дахинаас гурав дахин их дулаарсан нь харагдаж байна. ЦУОШГ-ын судалгаагаар 2050 он гэхэд ууршилтын хэмжээ 39-65 мм-ээр нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс цаашдаа бид дэлхийн дулааралд дасан зохицох, даван туулахын тулд усны нөөц нэмэгдүүлэх, хамгаалах ажил чухал. Ус үндэсний хөтөлбөрт тусгасны дагуу жилдээ 180 орчим булаг шандыг тохижуулж, 10-аад хов цөөрөм байгуулж байна. Өнгөрсөн жил 2.3 сая шоо метр усны багтаамжтай есөн усан сан байгуулсан. “Хэрлэн говь”, “Орхон говь” гэсэн голуудын төслийг нэгтгэж “Хөх морь” төслийн судалгаа хийсэн. Өнөөгийн байдлаар Монгол орны 12 томоохон голын 33 байршилд усны нөөцийг нэмэгдүүлэх боломжит судалгаа хийсэн. Энэ жилийн хувьд яамны зүгээс хоёр тэрбум төгрөгөөр Орхон голд ТЭЗҮ хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Ж.Бат-Эрдэнэ: Үе үеийн Засгийн газарт төрийн албыг цомхон, чадавхтай болго гэдэг шаардлагыг тавьдаг. Бид эргээд өөрсдөөсөө асуух шаардлага гарч байна. Үнэхээр хэрэгтэй агентлагуудыг татан буулгаснаар тухайн яамны гар хөлийг тайрч байгаагаас ялгаа байхгүй. Ус бол маш том асуудал. Орон нутагт сав газрууд л ажлаа авч явж байна. Цомхтгол нэрийн доор төрийн бодлогыг авч явах газруудыг завхрал руу оруулж байна. Тиймээс Усны агентлагийг сэргээн байгуулах нь зөв. Харин ямар хяналт тавихыг шат шатаар нь эргэж харах шаардлага байна.

Х.Нямбаатар: 1970-аад онд ЗХУ-ын эрдэмтэд Улаанбаатар хотын усны нөөцийг судалж тогтоосон. Сүүлд Жайка олон улсын байгууллагаас судалгаа явуулахад өмнөх судалгаатай адил нөөцтэй гэж гарсан гэсэн. Улаанбаатар хотод хүн амын ихэнх нь амьдарч байна. Цаашид гэр хорооллыг барилгажуулбал усны нөөц хүрэлцээтэй юү?

БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар: Улаанбаатар хотод долоон эх үүсвэр бий. Мянганы сорилтын сангийн судалгаагаар хотын хүн ам эрчимтэй өсөн нэмэгдэхэд 2028-2030 онд батлагдсан нөөцийн хэмжээ, эрэлт хэрэгцээ хоёр тэнцэхээр байна. Цаашдаа гэр хорооллыг барилгажуулснаар усны хэрэгцээ нэмэгдэнэ. Тэгэхээр Мянганы сорилтын сангийн хүрээнд хотын баруун эх үүсвэрт жилдээ 50 сая шоо метр ус ашиглах хоёр эх үүсвэр нээхээр Усны нөөцийн зөвлөл хэлэлцэн баталгаажуулсан.

О.Баасанхүү: Усыг хайрлаж, хамгаалах хэрэгтэй. Гэхдээ усны асуудал хариуцсан байгууллага нь нэг компани болоод дараа сав газар болсон. Ямар ч тооцоо судалгаагүй ажиллаад байна. Сайхан бодлого байдаг. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд агентлаг, газар байгуулдаг. Хүнд суртал л бий болно. Нарийн бодлоготой байх хэрэгтэй. Төрийн захиргааны нүсэр бүтэц л бий болгох гээд байна. Бодлогын хувьд өөрчлөлтгүй хууль оруулж ирлээ.

Б.Саранчимэг: Усыг хамгаалах, ашиглах асуудалд нэгдсэн бодлогоо хэрэгжүүлэх газар нь усны агентлаг байх юм. Тиймээс энэ хуулийн төслийг дэмжиж байна.

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулсан юм. Үүний дараа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443

    0 0 Хариу бичих
  2. 3 дахин дулаараад байх даа яахав

    0 0 Хариу бичих