А.Амарболд: Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогын нэгдсэн дүн 7 сард гарна

Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллого энэ оны нэгдүгээр сарын 9-ний 00.00 цагт эхэлж, 15-ны 22.00 цагт дууслаа.

Уг тооллогын талаар Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн  газрын дарга А.Амарболдоос зарим зүйлсийг тодруулав. 

-Энэ удаагийн хүн ам, орон сууцны тооллогын явц ямар байв, хэдэн тоологч ажилласан бэ?

-Бид энэ удаа түүхэндээ анх удаа хосолмол тооллогыг хийлээ. Ингээд товтой зэрэгцүүлэн Хүн ам, өрхийн мэдээллийн санг түр зогсоож, Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллогын нэгдсэн сан бий болгоно.

Энэ удаагийн тооллогоор улсын хэмжээнд нийт хүн амын 10 хувийг энгийн санамсаргүй аргаар сонгон тоолох ажиллагаа явсан. Тооллогод 2982 тоологч, шалгагч, төр засгийн алба хаагчид гээд нийтдээ 6000 гаруй хүн ажиллалаа.

-Тооллогын нэгдсэн дүнг хэзээ эцэслэн гаргах вэ?

-Энгийн санамсаргүй түүврийн аргаар тоолсон тооллого амжилттай дууссан. Одоо аймгууд сумаасаа авсан мэдээллүүдээ шалгаж нэгтгэн Улаанбаатарт хоёрдугаар сарын 1-10-ны хооронд авч ирнэ. Авч ирсэн мэдээллүүдийг бид нэгтгэн кодолж шивнэ. Урьдчилсан байдлаар долоодугаар сар гэхэд гаргана гэсэн зорилттой ажиллаж байна. Монгол Улсын тооллогын мастер төлөвлөгөөний дагуу ажил хэвийн үргэлжилж байгаа.

-Тооллогын үед ямар хүндрэл бэрхшээл гарсан бол?

-Өнгөрсөн хугацаанд тооллогын үед Хэнтий, Багахангайд ажилласан хоёр хүн гараа хугалсан. Манай бүх тоологч нар эрсдэлийн даатгалтай байсан.

Мөн 4-8 насны гурван хүүхэд гэртээ хоол, хүнсгүй, томчуудын хараа хяналтгүй хоёр хоносон байсныг манай тоологч нар олж холбогдох байгууллагуудтай хамтран ажилласан.

Энэ удаагийн тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх, суурь мэдээллийг бий болгох ач холбогдолтой. 

Хүн амын тооллогыг 1918 онд анх явуулж эхэлсэн бол Хүн ам, орон сууцны тооллогыг хамгийн сүүлд 2010 онд хийсэн. Мөн  2015 онд Хүн ам, орон сууцны завсрын тооллого явуулж байв.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Tooluulj amjaahvi mash olon hvn baina shvvdee tedniig yahiin bol toologchid oo ih l muu toolloodoo dahin tooluul yasiin hatiutslagagvi toollogo bolloo

    0 0 Хариу бичих