Гэмт хэрэг буурчээ

Өнгөрсөн онд улсын хэмжэнэд 35124 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оноос 4696 хэргээр буюу 13 хувиар буурсан тоо юм.

Хэргийг ангилбал, нийт хэргийн дотор  гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 985 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 85 хэргээр буюу 7.9 хувиар буурчээ. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн 922 буюу 93.6 хувийг хөнгөн, 63 буюу 6.4 хувийг хүнд гэмт хэрэг эзэлж, 50.2 хувь нь Улаанбаатар хотод, 49.8 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт хэргийн 459 буюу 46.6 хувь нь согтуугаар, 89 буюу есөн хувь нь эмэгтэй хүн үйлдсэн байна.  

Дашрамд дурдахад, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т ”Тухайн орон нутгийн хүн амын тоо, эрүүгийн болон нийгмийн хэв журмын нөхцөл байдлыг харгалзан цагдаагийн байгууллагын бүтцэд цагдаагийн мэргэшсэн алба хаагчдаас бүрдсэн нэгжтэй байж болно” гэж заасны дагуу гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлын үр дүнг сайжруулж, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/301 дүгээр тушаалаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийг байгуулсан. Тус хэлтэс нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)