Хөндүүр ихтэй Хөдөлмөрийн хууль

Бидний өдөр тутмын ажил амьдралтай холбоотой хамгийн чухал эрх зүйн акт яах аргагүй Хөдөлмөрийн хууль. Харамсалтай нь, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөдөлмөрийн хууль шилжилтийн үед тохирсон, зах зээлийн нийгэмд үйлчлэхэд хүндрэлтэй, албан бус хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн харилцааг зохицуулж чаддаггүй.

Дээр нь хамрах хүрээ нь хязгаарлагдмал, хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойшхи харилцааг л зохицуулдгаараа ихээхэн учир дутагдалтай. Энэ хуулийг 1999 онд баталснаас хойш нэг ч удаа шинэчлээгүй.

Хөдөлмөрлөх боломжийг хясан боогдуулах нийгэм

Тэгвэл энэ хуультай зэрэг мэндэлсэн хүүхдүүд одоо 20 хүрсэн хонгор зүстэй залуус болж. Тэд хөдөлмөр эрхлэх бүрэн чадвартай учраас ажил хийж, аав, ээждээ тусалъя, эхнэр хүүхдээ тэжээе, сургалтынхаа төлбөрийг олъё гэж зүтгэлээ. Сургуулиа хараахан төгсөж амжаагүй учир мэргэжлийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалин авч, цагтаа тардаг ажилд орж чадсангүй.

Баар, караокед зөөгч, хамгаалагч, барилга дээр туслах мэтийн ажил хийсэн ч цалинг нь бүтэн байтугай цагт нь ч өгсөнгүй. Бараа, материалын алдагдалд орж, торгуулийн мөнгө нь авах цалингаасаа илүү гарсан тул арга буюу ажлаасаа гарлаа. Хууль шүүхийн байгууллагаар явъя гэсэн ч гэрээ байгуулаагүйгээс энэ нь хөдөлмөрийн харилцаа биш болж таарав. Ингээд ажил хийснээрээ өөрөө хохироод үлдлээ.

Сургуулиа төгсөөд ажилд оръё гэтэл гурван жилийн ажлын туршлагатай, хэд хэдэн хэлний мэдлэгтэй, барьцааны хөрөнгө тавих зэрэг өндөр шалгууртай тулгарлаа. Төрийн байгууллагад ажиллая гэтэл эхний жилийнх нь цалингийнхэмжээтэй хахууль өгөх хэрэгтэй болов. Арга буюу аав ээж нь туслах, туслахгүй бол амьдралд ойр шалгууртай өөр ажилд орох сонголт үлдэж. Хувиараа мужаан, малчин, туслах, эсвэл улирлын чанартай ажилд орсон ч хөдөлмөрийн гэрээгүй, нийгмийн даатгалаа төлж чадаагүй учраас дахиад л хохиров. Ийм л байна манай улсад. Ийм л гажсан хөдөлмөрийн харилцаатай улс манайх.

Манай улсын нийт аж ахуйн нэгж байгууллагын 56 хувь нь хөдөлмөрийн гэрээ байгуулдаг гэхээр үлдсэнд нь ажилладаг хүмүүс тэр хэрээр хохирч байна гэсэн үг.

Учир шалтгаан нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль зөвхөн хөдөлмөрийн гэрээ байгуулсан хүмүүст, төрийн албан хаагчдад, том аж ахуйн нэгжүүдэд л зориулагдсантай холбоотой.

Хувиараа, гэрээрээ, ажлын хажуугаар зэрэг зах зээлийн нийгэмд аяндаа бий болсон хөдөлмөрийн харилцааны олон төрөлд одоогийн хууль үйлчилж чадахгүй байгаад учир байгаа юм. 

Гурван чуулганаар хойшилсон хэлэлцүүлэг

Энэ гажуудлыг үе үеийн парламентынхан засч, залруулах гэж зүтгэсэн ч төдийлөн урагшлуулж чадаагүй. Энэ удаа ч гэсэн үр дүнд хүрэх эсэх нь эргэлзээтэй байна. Өнгөрсөн оны гуравдугаар сард Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжээд байгаа. Гэхдээ хэлэлцүүлэг нь бас л удаашралтай. Гурван чуулган дамжуулан хэлэлцүүлгийг нь хойшлуулсан ч дахин нягтална гэсэн үндэслэлээр өнгөрсөн долоо хоногт бас л хойш нь тавилаа.

Мэдээж хүн бүрийн өдөр тутмын ажил, насан туршийн хөдөлмөрийн харилцааны байдал ямар байхыг хуульчилж байгаа учраас нарийн нямбай хандахгүй бол төсөөлснөөс ч их сөрөг үр дагавар бий болж мэднэ. Энэ хэрээр хуулийн төсөлтэй холбоотой маргаан, талуудын эрх ашгаа хамгаалсан өнцөг, арга бүр нь хэл ам дагуулж магадгүй. Энэ үүднээс эл хуулийн төслийг хэлэлцэхгүй өдийг хүргэсэн биз.

Харин хуулийг шинэчиллээ ч хөндүүрийг нь эдгээж, гажуудлыг нь засч чадах уу гэдэг хамгийн чухал.

Албаныхны хэлж байгаагаар бидний дээр дурдсан гэрээрээ, хувиараа албан бус хөдөлмөр эрхлэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан гэнэ. Ингэхдээ хөлсний ажил хийж л байгаа бол энэ нь хөдөлмөрийн харилцаа гэдгийг тодотгосон байна.

Ажилтан, ажил олгогч хоёрын эрх үүргийг тэгш байлгаж, аль нэг тал руу нь хэлбийлгэхгүй гэдгийг ч тэд онцоллоо. Мөн хүүхдийн хөдөлмөр эрхлэх насыг эцэг, эхийн зөвшөөрөлтэйгөөр 15, хөнгөн ажил бол 13 байхаар хуульд тусгасан байна. Хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулах, туршилтын, дагалдан, хүний оронд ажиллах бол
түр хугацаатай гэрээ байгуулах зэргээр ажлын байрыг албажуулж, хөдөлмөрийг үнэлэх шинэ зохицуулалтууд нэмэгджээ.

Гэхдээ энэ хуулийн төсөлд тал бүрийн буюу Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны саналуудыг тусгаж, ажилтан, ажил олгогчийн тэгш эрхийг хангасан гэх ч шүүмжлэлтэй хандах асуудлууд байгааг эх сурвалжууд дурдаж буй.

Тэднээс илүүтэй бизнес эрхлэгчид ажилтны эрх ашгийг сайн хамгаалсан ч улсад татвар төлж, эдийн засгийн хөшүүрэг болж буй ажил олгогч, аж ахуйн нэгжүүдэд халгаатай хууль болох нь гэж шүүмжилж байгаа харагдсан.

Ганцхан жишээ дурдахад, ажилтнуудыг ажлаас гарсан тохиолдолд ажил олгогч нь тэтгэмж өгөх зохицуулалт байна. Бүдэг бадаг л гэхгүй бол ийм зохицуулалт одоогийн хуульд ч бий. Бизнес эрхлэгчид үүнийг ажилд орсон ч сонирхолгүй болохоороо ажлаас гарч тэтгэмж авдаг тогтолцоотой болох эрсдэлтэй гэж үзэж байгаа аж. Тэдний хэлснээр энд тэнд ажил сольж, тэтгэмж харж амьдардаг хэсэг бүлэг үүсэхийг үгүйсгэхгүй ч шалтгаангүйгээр ажилчдаа халдаг, ажилтнаа хавчиж өөрийнх нь хүсэлтээр ажлаас гаргах тохиолдлыг цөөлөх сайн талтай. Хүн өөрөө хөдөлмөрөө сонгож, түүнийхээ үр шимээр тэтгэмж авахад юу нь буруудах билээ.

Ямартай ч энэ мэт асуудлыг хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр шийдвэрлэж болох талаар албаны эх сурвалжууд хэлж байгаа. Хуулийг хэрхэн шинэчилж, хэн хэний эрх үүргийг нэмж хассан нь удахгүй мэдэгдэх биз ээ.

Харин өнөөгийн нийгэмд үгүйлэгдсэн, ажилтнаа, ажил олгогчоо ч бодсон хууль л гаргаасай. Ур чадвараараа бус танил тал, яс үндсээрээ ялгаварлуулж, ажилд ордог, ялгаатай цалин хөлс авдаг байдлыг арилгаж, улсад татвараа төлж, эдийн засагт хувь нэмрээ оруулж, дүрэм, журмаа мөрдөн ажилладаг байгууллагыг хуулиараа дэмждэг болоосой. Цэвэрлэгч, үйлчлэгч, зөөгч, хамгаалагч, мужаан, малчин гээд хөлсөөр ажилладаг хүн бүрийг Хөдөлмөрийн хууль хамгаалдаг байгаасай.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

Ажилтны эрхийг нэлээд сайн хамгаалснаараа сайшаалтай. Харин ажил олгогчид тавигдаж буй энэ олон шаардлагыг хэн дааж, шинээр ажлын байр бий болгох вэ. Бизнес эрхлэгч гэдгийг мөлжигч гэж харсан юм уу. Энэ шаардлагыг хэн дааж, шинээр ажлын байр бий болгох вэ. Тэнцвэртэй хандсан ямар заалтууд байна вэ. Бид хүмүүсээ ажил амьдралтай болгох гэж байгаа. Гэтэл энэ хууль үүний эсрэг байна. Аж ахуйн нэгжүүд олон хүн ажиллуулахаас зайлсхийнэ. Уг нь олон хүн ажиллуулж байж улс хөгжинө. Цалингаасаа татвараа төлж, эдийн засагт хувь нэмрээ оруулна. Энэ талаас нь харсан хүн байхгүй байна. 1000 хүн ажиллуулахад л цалингийн зардал хамгийн багадаа нэг тэрбум болно шүү дээ. Хэзээ ч халааснаасаа цалин өгч үзээгүй хүмүүсийн боловсруулсан хууль байна. Татвар төлж, хүмүүсийг ажиллуулж үзээгүй хүмүүс боловсруулсан байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг

Хөдөлмөрийн хуулийг цаг үетэйгээ нийцүүлэн шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага бий болсон. Аж ахуйн нэгж, байгууллагын хүний нөөц, албан бус хөдөлмөр эрхлэлт, илүү цагаар ажиллах гэх мэт олон цоо шинэ харилцааг хуульд оруулах шаардлага үүссэн. Тиймээс хуулийг шинэчлэн найруулахаар болсон. Хөдөлмөр эрхлэлтийн маргаан хуулийн байгууллагаар бус хөдөлмөрийн гэрээгээрээ шийдэх боломжийг хуулийн төсөлд тусгаж байгаа. Үүнээс гадна Хөдөлмөрийн хуулийн зохицуулалтаар ажил олгогч болон ажилтны эрх үүргийг тэгш хамгаална. Аль нэг талынх нь эрх ашгийг давамгайлах, дордуулсан зүйл байхгүй. Одоогийн хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулсан л бол ажилтны эрх ашигтай холбоотой асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Гэтэл гэрээ байгуулахгүйгээр хөдөлмөр эрхлэх асуудал маш их байгаа учраас энэ асуудлыг хуульчилсан нь зохимжтой гэж үзсэн. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан л бол хөдөлмөрийн харилцааны хэв шинж үүссэн гэж ажилтны цалин хөлс, нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулах саналыг Засгийн газраас оруулсан. Ажил олгогчдын зүгээс энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа ч хэлэлцүүлгийг явцад ойлголцоод явах боломжтой гэдгээ илэрхийлсэн. Мөн хөдөлмөрийн эрхтэй холбоотой асуудлыг батагаажуулах шаардлага байгаа. Нийт аж ахуйн нэгж байгууллагын 56 орчим хувь нь нэг жилийн хугацаатай гэрээ байгуулдаг нь хөдөлмөрийн гэрээ байгуулалт маш хангалтгүй гэсэн үзүүлэлт.

Тиймээс дагалдан, хүний оронд түр ажиллах, туршилтын хугацаанд ажиллаж байгаа бол түр хөдөлмөрийн гэрээ байгуулах бөгөөд бусад нь хугацаагүй байх санал оруулж байгаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)