Ливийн сөргөлдөгч талуудын хэлэлцээрт ОХУ чухал үүрэг гүйцэтгэсэн гэв

ОХУ-ын Гадаад хэргийн сайдын үүргийг түр гүйцэтгэгч Сергей Лавров хэлэхдээ, Ливийн сөргөлдөгч талуудыг уулзуулах тал дээр Орос улс ихээхэн хүчин чармайлт гаргасан гэж мэдэгдэв.

Түүний хэлснээр дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагчид анхандаа Ливийн үндэсний армийн ерөнхий командлагч  Халиф Хафтар, Триполи дэх Үндэсний эв нэгдлийн засгийн газрын удирдагч Файез Сараж нарыг  урих төлөвлөгөөгүй байжээ.

"Мөн Оросын санаачлагаар Ливийн хөрш орнуудын албаны хүмүүсээр оролцогчдын тоог нэмэгдүүлсэн. Орос улс эхнээсээ энэ уулзалтын бэлтгэлд оролцсон” гэв.

Берлинд болсон дээд хэмжээний уулзалт таван цаг орчим үргэлжилсний эцэст Ливийн хямралыг даван туулах санал зөвлөмж гаргах тохиролцоо хийж чадсан байна.Үүний зэрэгцээ улс төрийн үйл ажиллагаа болон эдийн засгийн асуудлыг шийдэх тухай бүлгийг баримт бичигт оруулжээ.

Ливи дэх сөргөлдөөнийг зохицуулах уулзалтад АНУ-ын  Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Францын төрийн тэргүүн Эммануэль Макрон, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, мөн түүнчлэн Итали, Хятад, АНЭ, Египет, Алжир, Европын Холбоо, Африкийн холбооны төлөөлөгч нар оролцжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)