Ж.Бат-Эрдэнэ: Эрх тэгш сонголтыг бий болгох үүднээс аймгуудыг хоёр мандаттай болгох нь зөв

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-УИХ-ын сонгуулийн тухай хуулиар ирэх сарын 1-нээс өмнө тойрог, мандатын хуваарилалтыг тогтооно. Эрх баригчдын зүгээс нийслэлийн мандатын тоог бууруулж, нэг мандаттай аймгуудад шилжүүлэхээр төлөвлөсөн байна лээ. Харин сөрөг хүчний хувьд нийслэлийн мандатаас хасвал улс төрийн арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн. Та нийслэлийн мандатаас хасахыг дэмжиж байгаа юу?

-Намын бүлгийн хурлаар нэг мандаттай аймгуудыг хоёр мандаттай болгохоор ярьсан. Өмнө нь Говь-Алтай, Сүхбаатар, Дундговь, Булган аймаг тус бүр хоёр мандаттай байсан. Харин 2016 оны сонгуулиар эдгээр аймгийг нэг мандаттай болгосон. Одоо буцаагаад хоёр мандаттай болгох бодлого баримталж байгаа. Ер нь сонгуулийн хуулийн гол логик нь эрх тэгш сонголтыг бий болгох. Энэ үүднээс хүн амын тоотой нь уялдуулан аймгуудыг хоёр мандаттай болгох нь зөв. Жишээлбэл, Булган аймгийн хувьд 62 мянган хүн амтай. Бусад аймгуудтай харьцуулахад хоёр мандаттай байх бүрэн бололцоотой.

-Нийслэлдээ хүн амын 50 хувь нь оршин суудаг гэхээр хотын мандатын тоог бууруулах нь буруу юм биш үү?

-Газар нутгийн хэмжээ, байршил, хүн амын сийрэгжилттэй холбон ойлгох хэрэгтэй. Орон нутагт байгаа хүмүүс сонгуулиа өгөх боломж бололцоо нь ямар байдаг билээ. Тухайн орон нутагт нэр дэвшиж байгаа хүнийхээ мэдээллийг хол газраас очиж авах, саналаа өгч чадахгүй байх зэргээр орон нутгийн хүмүүсийн эрх орхигдох нөхцөл илүү байдаг. Харин нийслэлчүүд хэвлэл мэдээлэлд ойр болоод бүх зүйл нэг дор төвлөрсөн болохоор  мэдээлэл авах, саналаа өгөх нь орон нутгийн хүмүүсээс илүү байгаа юм. Тиймээс энэ хүмүүсийг төлөөллөө сонгох боломж нь илүү гэж харах нь зөв.

-Хүн амын тооноос хамаарвал нийслэлийн мандатыг тоог хасах шаардлагагүй байх. Харин  МАН-ын хувьд орон нутагт илүү санал авах магадлалтай учраас ийм хуваарилалт хийх нь гэсэн хардлага байна. Олон мандаттай аймгуудаас шилжүүлэх боломж бий шүү дээ?

-Өмнө нь хэлсэн хүн амын сийрэгжилт, газар нутгийн хэмжээнээс хамааран тойрог, мандат хуваарилах шаардлагатай.

-МАН ирэх сонгуульд нэр дэвшигчдээсээ нэг ч төгрөгийн хандив авахгүй гэсэн. Энэ нь нэр дэвшигчдэд мөнгөний шалгуур тавихгүй сайн талтай ч авлигыг ихэсгэх эрсдэлтэй гэсэн шүүмжлэл байна?

-Намын санхүүжилт тодорхой хэмжээнд байх ёстой. Ингэж байж бид сонгуульд оролцоно. Намын хэмжээнд бодлогоо хэрхэн тодорхойлно. Үүнийг л дагана. Мөн хуульд заасны дагуу санхүүжилтээ босгож л таарах байх. Хуульд зааснаар иргэд, аж ахуйн нэгжээс тодорхой хэмжээний хандив авах эрх нь нээлттэй. Энэ замаар л санхүүжилтээ босгох байх.

-Нэр дэвшигчиддээ мөнгө биш, харин ёс зүй, нэр хүндийн шалгуур тавина гэсэн. Тэгэхээр “60 тэрбум”, ЖДҮ-д холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэсэн үг үү?

-Ёс зүй болон тухайн нэр дэвшигчийн мэдлэг боловсрол бүхий л асуудлыг нэгдүгээрт тавина гэж намын дарга мэдэгдсэн. Тэгэхээр энэ бодлогоо барих байх.

-Танай намын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д ирүүлсэн. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Ямар асуудлаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал гаргасан нь тодорхойгүй байна. Тиймээс одоо зөв, буруу гэж хэлэхэд эрт байна. Бидэнд нарийн мэдээлэл алга.

-Усны агентлаг байгуулах агуулгатай хуулийн төслийг УИХ-аар баталлаа. Та хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт ажилласан. Усны агентлагийг хэзээ байгуулахаар тооцсон бэ?

-Засгийн газар энэ асуудлыг нарийн ярьж, шийдвэрлэх байх. Ямар ч гэсэн энэ жилдээ багтаан байгуулах боломжтой гэж ярьж байгаа. Одоогийн төсвөөр байгуулах боломжтой гэдгийг яамныхан хэлсэн.

-Хуульд усны менежментийг сайжруулах талаас нь дорвитой өөрчлөлт хийсэнгүй гэсэн шүүмжлэл байна. Энэ асуудлаар ямар тайлбар өгөх вэ?

-Өргөн барьсан хуулийн төслийн зөвхөн хөндсөн асуудлыг нь засаж, залруулах эрх бий. Тиймээс менежмент болоод бусад асуудлыг шууд засаж болохгүй. Өөрөөр хэлбэл, өргөн барьсан төсөлд агентлаг байгуулах талаар л тусгасан учраас агентлагийн дотоод үйл ажиллагаа, эрх зүй нь ямар байх вэ гэдгийг хуульд оруулсан.

Өмнө нь усны агентлаг байсныг татан буулгасан. Усыг зайлшгүй өндөр түвшинд анхаарах ёстой. Тиймээс агентлагийг дахин байгуулахаас өөр аргагүй. Агентлаг байгуулснаар усны менежмент тодорхой хэмжээнд сайжирна.

-Хуульд эргэж харах шаардлагатай асуудал цөөнгүй байгаа гэсэн. Үүнийг тодруулбал?

-Эргэж харах шаардлагатай асуудлууд бий. Олон асуудлыг дутуу орхисон байна лээ. Тухайлбал, усны агентлагийн гүйцэтгэх функц нь орон нутагт дутагдалтай. Энгийн жишээ гэхэд л аймаг, орон нутгийн хэмжээнд Засаг даргын үйл ажиллагаанд усны талаарх эрх, үүргүүд алга. Нэг аймгийн Байгаль орчин, хөдөө аж ахуйн газарт нэг мэргэжилтэн байх жишээтэй. Орон нутагт усны сав газар үйл ажиллагаа явуулна гэж ярьж байна. Энэ нь орон нутгийн хэмжээнд нэлээд учир дутагдалтай байгаа юм. Орон нутагт устай холбоотой үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй.

-Засгийн газраас гадна УИХ-ын гишүүд Усны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьсан гэсэн. Энэ хуулиар дээрх асуудлуудыг шийдвэрлэх боломжтой юу?

-Гишүүдийн өргөн барьсан төсөлд усны ашиглалттай холбоотой асуудлыг тусгасан. Тиймээс өргөн барьсан асуудлын хүрээнд л шийдвэрлэх боломжтой. Хоёр хуулийн төсөл хоорондоо давхацсан асуудал байхгүй болохоор нэгтгэх шаардлагагүй байсан.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Одоо ганцаараа биш 2лаа илэхнүү энэ балай юм бас байна. Манай аймаг 2 жил дараалан бүх үзүүлэлтээрээ сүүлд орж байна. Ичихгүй ирж сонгуульд өрсөлдөх байх даа чи

    0 0 Хариу бичих
  2. MAN-iin panzchid borlohgui baraagaa hotvoos alslagdsan gazart une hurgej borluulah taktik barimtalj baina aa

    0 0 Хариу бичих