Д.Сумъяабазар: “Роснефть”-тэй хамтарсан компани байгуулна

“Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Шатахууны үнийг тогтворжуулахаар эрсдэлийн сан байгуулах шийдвэр Засгийн газрын хуралдаанаар гарсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Шатахууны үнийг тогтворжуулах арга хэрэгслийг Монгол Улсын хэмжээнд анх удаа хийж байгаа. Энэ нь дэлхийн зах зээл дээр А 92 шатахууны ханш 71 ам.доллараас дээш байвал гарсан зөрүүг импортлогч компаниуд өгнө. Тэрнээс доошоо байвал үнэ бууруулж авна. Товчхондоо бол одоогийн байгаа үнээс А 92 шатахууны ханш өсөхгүй гэж ойлгож болно. Нийтдээ 200 гаруй мянган тонн буюу Монгол Улсын А 92 шатахууны хагас жилийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний шатахууныг хямдралтай үнээр авна. Хэжингийг зургаа, зургаан сараар жилд хоёр хувааж хийнэ. Нэмж хэлэхэд, Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгаатай холбогдуулан “Роснефть”-тэй хамтарсан компани байгуулна.

-Евро 5 стандартыг Монголд нэвтрүүлэх ажил ямар шатандаа явж байна вэ?

-Евро 5 стандартын шатануухны талаарх хүсэлтийг “Роснефть” компанитай ярилцаад явж байгаа.  Харин “Роснефть” компаниас өөрийн улсынхаа хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна. Тиймээс Монгол Улсад тодорхой хязгаартайгаар олгоё гэдэг санал гаргасан. Удахгүй манай яамны ажлын хэсэг ОХУ-г зорино. 

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO гаргах ажлын явцын талаар мэдэлэл өгөхгүй юү?

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO гаргах ажил маш сайн явж байгаа. Сайдын зөвлөлийн хурлаар энэ асуудлыг өчигдөр ярилцаж, танилцсан. Энэ асуудалтай холбоотой нарийн мэдээллийг задалж болохгүй хуулийн заалттай. Дотоод мэдээлэл алдагдах эрсдэлтэй. Нүүрсний ханшийн хувьд энэ онд унахгүй, тогтвортой байх талаар мэдээллийг өгч байгаа.

-Иргэдэд 1072 хувьцааг хэзээ олгох вэ?

-Одоогоор 1072 хувьцааныхаа ханшийг тогтоох ажил үргэлжилж байна. Хувьцааг одоо 933 төгрөг гэж байгаа. Энэ бол тогтсон ханш биш. Маргааш Засгийн газрын хуралдааны дараа “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ хуралдана. Энэ үеэр асуудлыг хэлэлцэнэ.

-“Оюутолгой”-той холбоотой тогтоолын төслийг УИХ баталсан. Уг асуудал салбарын сайдын хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Оюутолгойн гэрээг сайжруулахад чиглэсэн УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Рио Тинто ч санал нэгдсэн. Тэгэхээр Рио Тинто компанитай хэлэлцээрийн ширээнд сууна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. шиидсэн , шшидвэрлэгдсэн зүйл байхгүй л байхын юмдол

    0 0 Хариу бичих
  2. хэжинг хийсэн үнээрээ л авна, өссөн ч буусан ч...

    0 0 Хариу бичих