Чөлөөт бүсийг нөлөөт бүс болгоё

Чөлөөт бүс гэдэг нь аливаа улс өөрийн орны газар зүйн байршил, түүхий эдийн нөөц боломжид тулгуурлан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, урамшууллын систем бүхий, зөвхөн тухайн газар нутагт үйлчлэх тусгай бүсийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, Тусгай дэглэм бүхий нутаг дэвсгэрийн хэсгийг хэлнэ.

Энэ бол чөлөөт бүсийг цөөн үгээр илэрхийлсэн томъёолол. Утга агуулга, үүх түүхийн хувьд бол чөлөөт бүс гэдэг нэн эртний ойлголт аж. Дэлхий дахинд анхны худалдааны чөлөөт бүсийн ойлголт нэвтэрсэн, тэр нь амжилтад хүрсэн жишээ бол одоогоос 2000 гаруй жилийн тэртээх үйл явдал ажээ. Одоогийн Турк улсын нутаг дэвсгэрт оршиж байсан “Эфесус” боомтыг худалдааны чөлөөт бүсийн эхлэл гэж үзэж болох юм байна. Учир нь худалдаачдыг найрсгаар угтаж авдаг байсан нь тус бүс нутгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байжээ. Тиймээс ч дэлхий дахинд далайн боомтуудыг чөлөөт боомт болгон ашиглах, тэндээс олох орлогоороо бүс нутгаа хөгжүүлэх туршлага уламжлагдан ирсэн байна. Та бидний сайн мэдэх Азийн эдийн засгийн нэг төв болсон Хонгконг, Сингапур зэрэг хот улс бий болох үндсэн хөрс нь ч чөлөөт бүс байв.

Чөлөөт бүсийг гол төлөв зах хязгаар нутаг дэвсгэрт байгуулж, төрийн зүгээс онцгой анхаарч бий болгосон дэд бүтцийг түшиглэн хөгжүүлж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 70-80 хувийг гадагш гаргадаг жишиг олон улсад бий. Энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, шинэ технологи, ноу хауг нэвтрүүлэх, татварын хөнгөлөлт, хямд ажиллах хүчээр хангах бодлого байсаар ирсэн юм.

Монголчууд ч бусдын нэгэн адилаар чөлөөт бүс байгуулж, эдийн засгаа тэтгэх зорилтыг 25 жилийн өмнөөс тавьсан. Шинэ дугуй зохиох шаардлагагүй гэдэг шиг дэлхий дахинд туршчихсан, тэр нь эдийн засагт нь асар том эерэг нөлөө үзүүлсэн учраас л энэ замыг сонгосон хэрэг.

Харамсалтай нь, зарим талаар цаасан дээр буулгасан чөлөөт бүсүүд газар дээр босох гэж багагүй хугацаа алдсан нь бий. Гэлээ гээд чөлөөт бүсийнхэн чөлөөтэй амсхийсэн гэсэн үг бас биш ээ. Чөлөөгүй ажилласан он жилүүдийг нь хойно өгүүлэх учраас энд дэлгэрэнгүй нуршихаа азная. Харин Монголын чөлөөт бүсүүд ямархуу замналаар явж ирснийг энд товч танилцуулах нь зөв байх.

П.Жасрайн Засгийн газрын үед буюу 1995 онд “Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлал” батлагдсан байдаг. Энэ бол төрөөс гаргасан анхны бодлого, эхний зорилт. Үүний дагуу Монгол орны гурван хязгаарт чөлөөт бус байгуулах шийдвэр гаргасан. Эдгээр чөлөөт бүс бүхэнд ажлын алба байгуулж, олон улсад жишиг болон тогтсон эдийн засгийн энэхүү тогтоцыг эх орондоо нутагшуулах гэж зүтгэж явна. Түүх сөхвөл, чөлөөт бүсийн ажлын албад 2008 оныг хүртэл Үйлдвэр, худалдааны яаманд, 2008-2012 онд Тэргүүн шадар сайдын, 2012-2019 онд Эдийн засгийн хөгжлийн яам, Ерөнхий сайд, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлж иржээ. Нэг ёсондоо удирдлагын хувьд үе үеийн Засгийн газрууд өөр, өөр байр суурь барьж ирсэн байна. Гэхдээ гол үзэл баримтлалаасаа хазайсан уу гэвэл үгүй ажээ.

Монгол Улсад “Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлал”-д олон улсын стандартад нийцсэн орчин үеийн холбоо, эрчим хүч, зам тээвэр зэрэг үйлдвэрлэлийн болон нийгмийн дэд бүтэц шинээр бүрдүүлэх буюу сайжруулах. Чөлөөт бүсийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгж, байгууллага чөлөөтэй, итгэл үнэмшилтэй ажиллах таатай орчин бий болгох гэжээ. Энэ үүргийг гагцхүү төр л биелүүлэх учиртай. Хариулт нь маш энгийн. Дэлхийн бүх улсад “Чөлөөт бүсэд шаардлагатай бүхий л дэд бүтэц”- ийг төр бэлэн болгох үүрэг хүлээдэг. Харин шууд очоод бизнесээ хийж, ашгаа олох нь аж ахуйн нэгж, бизнесийнхний үүрэг. Чөлөөт бүсээ хөгжлийн хурдасгуур болгоё гэвэл төрийн зоримог шийдвэр, хэрэгжилт хэрэгтэй байгаа юм. Монгол Улсын хэмжээнд чөлөөт бүсийн талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна.

Олон улсын жишигт нийцсэн чөлөөт бүсүүдийг байнгын ажиллагаанд оруулбал Монгол Улсын нийгэм, эдийн засагт хурдасгуур болж, нааштай олон өөрчлөлт авчрах нь дамжиггүй. Иймдээ ч үе үеийн Засгийн газар анхаарлаа хандуулж ирсэн ч нэг мөр шийдэж чадалгүй өнөөг хүрээд байна. Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах нэр томъёоны асуудлыг хүртэл улстөржүүлж буй байдлаас үүдэж чөлөөт бүсийнхэн болон хөрөнгө оруулагчид хэн хэнээ харсан, хүлээлтийн “горимд” байгаа нь бидний өнөөгийн бодит байдал. Чөлөөт бүсийн үйл ажиллагааг яг одоо эрчимжүүлэх нь чухам яагаад хэрэгтэй вэ гэдгийг бид энэ дугаартаа тодруулахыг хичээлээ. Чөлөөт бүсийг нөлөөт бүс болгох “Бодит тохироо” ч бүрдээд байна гэж хэлж болох юм.

Алтан байршил-Цайны зам

Түмэн газрын цайны зам нь нийтдээ 13 мянган км үргэлжилдэг байжээ. Монголын нутгаар 4760 км аялж 500 гаруй км зам нь Дорноговь аймгийн нутгаар дамжин, улмаар Оросын нутгаар дайрч Төв Ази болон Европын улс орнуудад хүрдэг байжээ. Энэхүү цайны зам дагуу хожим нь Монголын төмөр зам тавихаар зураг төсөл хийж байсан бөгөөд тухайн газар орны нөхцөл байдлаас болж жингийн замаас 25-50 километрийн зөрүүтэй төмөр зам тавигдсан байна.

Хүн эцэг, эхээ сонгож төрдөггүй гэдэг шиг бид хөршөө сонгох боломжгүй. Гэхдээ монголчууд ОХУ, БНХАУ гэсэн хоёр том хөршийн дунд байрладаг нь бидний давуу тал юм.

Дэлхийн худалдааны байгууллагаас тодорхойлсноор дэлхийд хоёрт орох зах зээл БНХАУ-ын эдийн засагт бараагаа экспортлохоор хаа холын Америк болон Австрали тивээс зорин ирж байхад бид харин хөрш нь болон заяасан байдаг. Үүнийг л алтан байршил гэх байх. Торгоны зам хэмээх худалдааны замаас гадна Цайны зам манай улсыг дайрч өнгөрдөг байсан түүхтэй. Тухайн үеийн Цайны зам байршлын хувьд хэзээ ч ач холбогдлоо алдахгүй гэдгийг гурван улсын Төрийн тэргүүн батлаад байгаа. 2018 оны зургадугаар сарын 9-нд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдааны үеэр Гурван улсын Төрийн тэргүүн түүхт Цайны замын маршрутыг “Эдийн засгийн коридор” хэмээн зарлаж түүнийг дагасан бүтээн байгуулалт өрнүүлэхээр тохиролцоод буй.

Гурван талт эдийн засгийн коридор нь БНХАУ-ын Торгоны зам эдийн засгийн бүслүүр санаачилга, ОХУ- ын Транс-Евроазийн бүсийн хөгжил санаачилга, Монгол Улсын “Талын зам” хөтөлбөрийг уялдуулсан томоохон эдийн засгийн хамтын ажиллагааны санаачилга билээ. Энэхүү эдийн засгийн хамтын ажиллагааны газар зүйн гол зангилаа цэгт Замын-Үүд оршиж байгаа бол Алтанбулагийн чөлөөт бүс Европ руу холбох цэгт бий. Харин Цагааннуурын чөлөөт бүс нь баруун бүсийн аймгуудын малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг ОХУ, БНХАУ, Казахстан, цаашлаад булангийн орнуудад руу экспортод гаргах гол гарц юм.

Монгол Улс ийнхүү өөрийн газар нутгийн “алтан байршил”, зам харилцааны давуу тал дээрээ тулгуурлан ОХУ, Монгол Улс, БНХАУ гэсэн гурван улсын үндэстэн хоорондын соёл, уламжлалт зан заншлийг таниулах, аялал жуулчлал, худалдаа эдийн засгийг өргөжүүлэхэд нэн тохиромжтой.

Тухайлбал, Замын-Үүд боомтоор Монгол Улсын экспорт, импортын бараа бүтээгдэхүүн, зорчигч, тээврийн хэрэгслийн 60 гаруй хувь нь нэвтэрч байна. Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулснаар тус бүсэд ихээхэн хэмжээний эдийн засгийн эргэлтийг бий болгож, бүс нутгийн хөгжлийг хурдасгах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, экспортын бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гадаад зах зээлд гаргах, мөнгөний урсгалыг дотооддоо авч үлдэх боломж бүрдэж байгаа юм.

Элчин сайд асан, Шадар сайдын зөвлөх Л.Хангай

Дэлхийн хамгийн том газар нутагтай, байгалийн хамгийн их баялагтай ОХУ, хамгийн олон хүн амтай, эрчимтэй хөгжиж байгаа эдийн засаг бүхий БНХАУ- ын хооронд байрлах Монгол орон Цайны замын дагуух тээврийн дэд бүтэц, эдийн засгийн орон зайгаа хөгжүүлснээр эдийн засгийн асар их үр ашиг хүртэх бололцоотой.

“Мade in Mongolia”

Дэлхийн хаа ч явсан “Made in Chinа” гэсэн бараа, бүтээгдэхүүн байдгийг бөмбөрцөг даяараа мэднэ. Тэгвэл чөлөөт бүсээ хөгжүүлснээр бидэнд “Made in Mongolia” гэсэн шошго бүхий бүтээгдэхүүнээ олон улсад экспортлон дэлхийд түгээх боломж байна.

Монгол Улсад гуравдагч хөршүүд найр тавьсны үндсэн дээр гаалийн болон тарифын таатай орчин бүрдүүлчихээд байгаа юм. Европын холбоотой болон Японтой байгуулсан хэлэлцээрийн дагуу далайд гарцгүй Монгол Улсаас дэлхийн бусад оронтой чөлөөт худалдааны зохицуулалт хийх загвар орон болоод буй. Тухайлбал, 2007 оноос хойш мөрдөж буй GSP+ тогтолцооны дагуу 7200 гаруй бүтээгдэхүүнийг гаалийн татваргүй экспортлох боломжтой болсон. Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд, БНСУ-тай худалдааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлсэн, АНУ “Гурав дахь хөршийн бодлого”-ын хүрээнд Монголын зарим бараанд тодорхой хөнгөлөлт үзүүлэх талаар худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр өргөн барьсан нь ноос ноолууран бүтээгдэхүүнийг тус улсад татваргүй гаргах боломж бий болгохоор яригдаж байгаа билээ. Чөлөөт бүсэд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд тухайн улсын шошгыг хадах боломжтой. Ингэхийн тулд хоёр хөршийн технологи, хямд ажиллах хүчинд суурилан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг чөлөөт бүсдээ татваргүй оруулж, 40 хувийг нь хийчихэд л бид экспортоо нэмэгдүүлэх боломж байгаа юм.

Эдгээр гаалийн хөнгөлөлт, давуу талыг монголчууд ашиглан “Монголд үйлдвэрлэв” бараа, бүтээгдэхүүнийг дэлхийн улс орон бүрийн дэлгүүрт борлуулах боломж байна. Энэ боломжийг бүрдүүлэхэд чөлөөт бүс, тэр дундаа чөлөөт бүсэд үйлдвэрлэсэн нэмүү өртөг шингэсэн бараа, бүтээгдэхүүн чухал нөлөөтэй. Ингэж л чадвал жинхэнээсээ хамтдаа хөгжинө.

Эдийн засагч Ч.Отгочулуу

Эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэхээс гадна одоогийн байгаа тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Тухайлбал, шинэ нисэх буудлыг банк, санхүүгийн чиглэлээр чөлөөт бүс болгох хэрэгтэй юм.

Алдаж болохгүй нөхцөл байдал

АНУ, БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдааны дайн дэлхийн олон орон, түүний дотор монголчуудад шинэ боломжийг нээж өгч байна. Хэдийгээр дайнд ялагч байхгүй хэдий ч хоёр улс тус бүрийн бараа бүтээгдэхүүнд хориг тавиад байгаа нь биднийг ялалтын тавцанд хүргэж магадгүй юм. Дэлхийн томоохон хоёр улс харилцан хоорондоо хориг тавиад байгаа энэ үеийг бид ашиглаж чөлөөт бүсээ хөгжүүлж хөл дээр нь босгож авах хэрэгтэй байна.

Энэ үед дотроо толхилцолгүй, санаа нийлж, чөлөөт бүсээ босгож чадвал манайх нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдааны том төвийг бий болгож, гуравдагч хөршүүдэд экспортлох боломжийг алдаж болохгүй нөхцөл байдал үүслээ. Харин уг нөхцөл байдлыг эх орондоо ашигтайгаар хэрэгжүүлэх тал дээр манай улстөрчид, хөрөнгө оруулагчид хойрго хандаж байх шиг. Өнөөдөр дэлхийн 130 гаруй оронд 45 мянга орчим чөлөөт бүс үйл ажиллагаа явуулж байна. Нийтдээ 66 сая хүнийг ажлын байраар хангаж, 500 гаруй тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн эргэлт гүйцэтгэдэг гэсэн Дэлхийн банкны судалгаа бий. Чөлөөт бүс нь худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн хөгжлийг хурдасгах замаар эдийн засгийн өсөлтөд нөлөөлж ирсэн. Манай улс давхар татвараас чөлөөлөх хэлэлцээрийг 33, хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцан хамгаалах хоёр талт хэлэлцээрийг 39 улстай байгуулсан. Энэ нь хөрөнгө оруулагчдыг татах давуу тал болж байгаа.

Чөлөөт бүсээ чөдөрлөмгүй

Цаг үе өөрчлөгдөхийн хэрээр тухайн нөхцөл байдалд тохируулан аливаа хууль, журамд нэмэлт өөрчлөлт оруулдаг. Тиймээс хууль эрхзүйн хувьд сайжруулах алхам хийгдэж байгаа юм. Тухайлбал, Чөлөөт бүсийн тухай хуульд буй “Хил дамнасан чөлөөт бүс” гэсэн томьёолол нь Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд ойлгомжгүй байдал үүсгэх магадлалтай тул “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” гэсэн томьёолол болгон өөрчлөх хуулийн төслийг Засгийн газраас 2019 оны аравдугаар сарын 08-ны өдөр УИХ-д өргөн бариад байна.

Чөлөөт бүсийн тухай хуульд “Хил дамнасан чөлөөт бүс” гэж хил залгаа улсын хилийн боомтын газар нутагт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг хэлнэ“, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хил дамнасан чөлөөт бүс байгуулж болох бөгөөд уг чөлөөт бүсэд баримтлах бодлого, чиглэлийг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна” гэж тусгасан байдаг аж. Ийнхүү эдийн засгийн хамтын ажиллагааны бүс болгох тухай асуудал нь хоёр улсын Засгийн газар хооронд бүтэн жилийн хугацаанд олон удаагийн Ажлын хэсэг хуралдсаны эцэст гаргасан хэлцлийн үр дүн юм.

Далайд гарцгүй монголчууд бидний дэлхийд гарах гарц болох чөлөөт бүсийн хөгжил юу юунаас илүү чухал. Яг өнөөдрийн боломжийг бид алдах эрхгүй. Чөлөөт бүс нь улсын төсвөөр тэтгүүлдэг биш өөрөө өөрийгөө санхүүжүүлээд зогсохгүй төсөвт хөрөнгө оруулдаг газар байх ёстой. Ингэхийн тулд эхний боломжийг төр нь бүрдүүлдэг зарчим олон улсад бий. Төрийн зүгээс эрх зүйн орчинг бүрдүүлээд байгаа хэдий ч замд нь саад тохиолдсоор байгаа юм. Чөлөөт бүсийн ажилд богино бодлоор хандаж үр өгөөжийг тооцоолохгүйгээр попорч буй улстөрчид ч бий. Ажил хойшилж, алдаа гарвал поп мэдэгдэл хийсэн улстөрч л ганцаараа сонгуулийн оноо авахаар тооцоолж байгаа бол чөлөөт бүс урагшилвал үр шимийг нь монголчууд бүгдээрээ хүртэх билээ.

Алтанбулаг чөлөөт бүсэд гэхэд л Засгийн газрын 2014 оны 153 дугаар тогтоолоор тус чөлөөт бүс нь байнгын үйл ажиллагааны дэглэмд шилжсэн. Өнөөдрийг хүртэл 5 жилийн хугацаанд чөлөөт бүсэд оруулсан бараа бүтээгдэхүүн болоод зорчигчдын тоо 5 дахин өссөн нь чамлахааргүй үзүүлэлт юм.

Чөлөөт бүсэд хөрөнгө оруулагчид хүлээсээр л байна. Харин энэ бүтээн байгуулалтыг бүрэн утгаар нь эрчимжүүлэх шийдвэр хэзээ гарах вэ? Эхлээд бид дотоодоо ойлголцож байж, гадаадын хөрөнгө оруулагчидтай хэлцэх буй заа. Тэгж чадвал ажил урагшилж, асуудал шийдэгдэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)