Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмч, багш нар "хамгийн ээлгүй"

Кейс 1...Эмнэлэгт очоод үзүүлэхээс авахуулаад хагалгаанд орох ч юмуу, энгийн үйлчилгээ авахад чинь ерөөсөө заавал гар хараад байдаг. “Яасан юм, зүгээр байна, яах гээд байгаа юм” гээд бичиг бичээд гаргаад хаячихна. Эмчилгээ, бичиг заалтыг нь үзүүлсэн үзлэгт орохоор “чи үнэтэй эм авч чадах уу? Антибиотик авах уу?” гээд антибиотик бичнэ. Үнэтэй эм авч чадах уу? гэдэг асууултыг байнга асуудаг. Ингэж асууж байгаа нь ялгаварлан гадуурхалт. Тэр эмч ингэж асууна гэдэг аягүй бүдүүлэг байхгүй юу. Хүний эрхийг гажуудуулсан доромжлол. Хямдхан эм бичих үү?, үнэтэй эм бичих үү? гэж асууж байгаа юм шиг. Сонсголгүй хүнд эмчийн үзлэг хийхдээ үзэхгүйгээр шууд гаднаас нь хараад тэгээд дур мэдэн эмийн жор бичиж өгдөг. (Сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй иргэдтэй хийсэн Фокус бүлгийн ярилцлагаас)

Кейс 2... Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн хувьд хүүхдээ харахын тулд эцэг эхчүүдийн нэг нь ажил хийхгүй хүүхдээ асрах шаардлагатай болдог. Тэгэхээр тэр гэр бүлийн орлого шууд буурдаг хэрнээ хүүхдийнхээ эм тариа, эмчилгээ сувилгаанд зарцуулах зардал харин нэмэгдчихдэг. Тэгэхээр тухайн гэр бүлд хүүхдэд төрөөс өгч буй халамжийн мөнгө, хөнгөлөлт ямар чухал гэдгийг харуулж байна. Гэхдээ энэ халамж нь тийм их мөнгө биш шүү дээ. Хүүхдийнхээ эм тариаг ч авч хүрэхгүй. Харин тэр мөнгийг авахын тулд хорооны эмч нар, халамжийн мэргэжилтнүүдтэй харилцдаг. Миний хувьд лав эмчийн зөвлөлийн хурлаар орох гээд материалаа өгсөн чинь хурал болох болоогүй, хойшилсон гээд удаад байхаар нь эмчдээ цайны мөнгө өгч байсан. Уг нь миний хүүхдийн нөхцөл байдлыг харвал хурдан шийдээд өгчихмөөр л байгаа юм. (Ганцаарчилсан ярилцлагаас. Тусгай хэрэгцээт хүүхэдтэй ээж, 27 настай)

Авлигатай тэмцэх газар “Нийгэм улс төрийн боловсрол” ТББ-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авлигын талаарх ойлголт, хандлагыг тодорхойлох судалгаа”-г зохион байгуулжээ. Улаанбаатар хотод 18 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй нийт 35580 гаруй иргэд амьдардаг гэсэн Үндэсний статистикийн хорооны 2019 оны статистик байна.

Судалгаанд оролцогчдын 75.1% нь эрүүл мэндийн салбар, 70.7% нь боловсролын салбарт авлига “маш их, нилээд хэмжээнд, тодорхой хэмжээнд” байдаг хэмээн хариулсан байна. Үүнээс харвал Эрүүл мэнд, боловсролын салбар нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “хамгийн ээлгүй” салбар гэж хэлж болохоор байна. Харин гуравдугаарт, нийгмийн халамж, үйлчилгээний салбар, дөрөвдүгээрт, цагдаа, шүүх гэж дүгнэгджээ.

Судалгааны явцад гарсан кейсүүдээс харахад авлигад өртөх, ялгаварлан гадуурхах, үл ойшоох, эрх, эрх чөлөөг нь зөрчих, чирэгдүүлэх, дарамтлах гэх мэт шударга бус асуудлууд тогтмол тулгардаг болох нь харагдаж байна гэж судаачид үзжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд авлигад өртөж байгаагаа зарим нь мэддэггүй, тэрчлэн авлигын талаар ойлголт, мэдээлэл муутайг нь ашиглаж авлига авч байсан тохиолдлууд гарсаар байна.

Авлигаас болж хөгжлийн бэрхшээлтэй иргэд илүү хохирдог гэж үзэж буй иргэдийн тоо 40.8 хувиас 67% болж өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлээс болж ялгаварлан гадуурхагдах асуудлаа авлигаар шийдвэрлэдэг гэж 49.2% нь хариулж, үүнийг шийдвэрлэхэд иргэд өөрсдөө хариуцлагатай байх ёстой хэмээн 78.2% нь үзжээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд авлигын асуудалтай холбогдсон ч хаана, хэрхэн хандахаа мэддэггүй, мэдээллийн нууцлал хангагддаг эсэхэд итгэлгүй байдгаас авлигыг мэдээлдэггүй байна. Зарим тохиолдолд авлигын асуудалд холбогдсон бол өөрөө нотолж чаддаггүй, баримт нотолгоотой байсан ч цагдаа, шүүхийн байгууллагад очиход эрх зүйн мэдлэггүйгээс хүндрэл үүсдэг, эргээд өөрөө асуудалд ордог тул авлигыг мэдээлэх сонирхолгүй болох нь харагдлаа гэж тэд дүгнэжээ.

Авлигаас болж хөгжлийн бэрхшээлтэй иргэд илүү хохирдог гэж үзэж буй иргэдийн тоо 40.8 хувиас 67% болж өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлээс болж ялгаварлан гадуурхагдах асуудлаа авлигаар шийдвэрлэдэг гэж 49.2% нь хариулж, үүнийг шийдвэрлэхэд иргэд өөрсдөө хариуцлагатай байх ёстой хэмээн 78.2% нь үзжээ. Эндээс харахад авлигаас болж хөгжлийн бэрхшээлтэй иргэд илүү хохирдог (26.2 хувиар нэмэгдсэн) бөгөөд тэдний бараг тэн хагас (49.2) нь өөрсдөд учирдаг ялгаварлан гадуурхалтаа авлигаар шийдвэрлэдэг тул үүний эсрэг иргэдийн хариуцлага, ухамсар, оролцоо нэмэгдэх ёстой гэсэн байр суурь улам (78.2 % буюу өмнөх оныхоос 11.4 хувиар) нэмэгдсээр байна.

Авлигатай холбоотой хувийн туршлагыг тодруулах зорилгоор дээрх асуултыг тавихад бэрхшээлтэй асуудлаа шийдвэрлэхийн тулд ямар ч тохиолдолд хахууль өгөхгүй байж чадна гэж 55.5% саналаа өгсөн нь өмнөх жилийн судалгаанд оролцогчдын байр сууриас ихээхэн ялгаатай буюу ямар ч тохиолдолд хээл хахууль өгөхгүй байж чадна гэсэн хариулт өгч байсан 84.7 хувьтай харьцуулахад буурсан төлөвтэй байгаа нь манай улсын хувьд хахууль өгөхийг тулгах эрсдэлт нөхцөл улам бүр нэмэгдэж буйг харуулсан аж. Улмаар уг асуултын хариултын дараагийн хувилбар болох асуудлаа шийдэхийн тулд хахууль өгөхийг илүүд үзнэ гэсэн хариу өмнөх оны судалгаанаас 27.4 хувиар (42.7%) нэмэгдсэн явдал авлигын нөхцөл байдал жилээс жилд хүндэрч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд ч энэ нь мэдэгдэхүйц дарамт болж байгааг нотолж байна.

Судалгаанд оролцогчдоос сүүлийн 12 сарын хугацаанд хахууль өгсөн гэж хариулсан иргэд эмч нарт 51.4%, багш нарт 12.9% нь хээл хахууль өгсөн гэж хариулсан байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)