"Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэцийн гишүүн хянан шалгаж байгаа"

УИХ-ын 2020 оны сонгуулийн тоглоомын дүрмийг хуулиар тогтоохдоо авлига, албан тушаалын хэргээр ял эдэлсэн хүнийг нэр дэвшүүлэхгүй байхаар болсон. Энэ заалтыг нэг талаар төрийн албан хаагчидтай дүйцүүлж оруулсан ч нөгөө талаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуульд өрсөлдүүлэхгүй байх башир арга гэж үзэж буй. Тиймээс МАХН иргэдээр төлөөлүүлэн Үндсэн хуулийн Цэцэд хандаж, УИХ-ын сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн тухай гомдол, мэдээлэл гаргасан юм.

Тодруулбал, иргэн А.Кадырбек, Л.Мөнхсайхан, Т.Баярхүү нар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.8-д “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно” гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн адил утгатай гомдлыг Цэцэд арав гаруй хоногийн зайтай хүргүүлжээ. Мөн гавьяат хуульч Ц.Шаравдорж сонгуулийн хуулийн зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн тул хүчингүй болгуулахаар Цэцэд мэдээлэл хүргүүлсэн байдаг. Тэрбээр гадаадад ажил хөдөлмөр эрхэлж, боловсрол эзэмшиж буй иргэдийн сонгуульд санал өгөх эрхийг хязгаарласан нь Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзжээ.

Мөн “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлд­сэн нь шүүхээр тог­тоогд­сон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн заалт оруулсан нь  Үндсэн хуулиар олгогдсон иргэний сонгох, сон­гог­дох эрхийг зөрчөөд зогсохгүй, Цэцийн 2008 оны тавдугаар сарын 14-ний дүгнэлттэй зөрчилдсөн гэсэн байна. Тиймээс гадаадад сурч, амьдарч буй иргэдийн эрхийг хангахын зэрэгцээ ял эдэлсэн хүнийг насаар нь яллаж, хүний эрх зөрчсөн заалтыг хүчингүй болгохыг хүссэн байна.

Харин Үндсэн хуулийн цэц 2008 онд үүнтэй адил гомдлыг хянан хэлэлцэж, нэр дэвшигчид ялгүй байх шаардлага тавьсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байдаг. Тодруулбал, дүгнэлтэд “Хууль тогтоогч УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчид тавих шаардлагад ялгүй байх гэсэн заалтыг оруулс­наараа ялгүйд тооцох гэсэн ойлголтоос агуулгын хувьд өөрчлөгдөж Эрүү­гийн хуулийн тусгай ан­гид заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийн улс төрийн эрх буюу УИХ-ын гишүү­нээр сонгогдох эрхийг ял шийтгүүлсний дараа бүх насаар нь хязгаарлаж байгаагаараа Үндсэн хуу­лийн зөрчлийн шинжийг  агуулсан” гэсэн байна.

Тэгвэл Цэц энэ энэ удаа ямар шийдвэр гаргах нь ихээхэн сонирхол татаж буй. Хуулийн дагуу эхлээд Цэцийн гишүүн иргэдийн гомдол мэдээлэлд маргаан үүсгэх эсэхийг 14 хоногийн дотор шийдвэрлэх хуультай. Маргааны талаар бусад албан байгууллага, албан тушаалтнаас тайлбар авч, нэмэлт ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай тохиолдолд Цэцийн дарга маргаан үүсгэх эсэхийг шийдвэрлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгах боломжтой юм.

Харин иргэд одоогоос 20 хоногийн өмнө буюу өнгөрсөн сарын 14-нд Цэцэд хандаж, гомдол мэдээлэл хүргүүлсэн. Тиймээс иргэдийн гомдол мэдээлэлд маргаан үүсгэсэн эсэхийг Цэцийнхнээс тодруулахад “Цэцийн гишүүн маргаан үүсгэх эсэх асуудлыг хянан шалгаж байгаа” гэв.

Түүнчлэн Цэц шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, олон нийтийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон Засгийн газрын тогтоолын дагуу гуравдугаар сарын 2 хүртэл хуралдахгүй юм байна. Тиймээс сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шийдвэрлэх Цэцийн шийдэл хэсэгтээ гарахгүй бололтой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Бүх шатны шүүх шүүн таслах ажиллагаа явуулж байхад ҮХЦ ажлаа хиймээр байна.

    0 0 Хариу бичих