С.Эрдэнэ: Д.Эрдэнэбат гишүүн өөр өдөр казино тоглосон байж болно шүү дээ

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын ээлжит сонгуулиар орон нутагт 52, нийслэлд 24 мандаттай байхаар хуульчиллаа. Сөрөг хүчний хувьд нийслэлийн мандатын тоог бууруулбал, улс төрийн шат дараалсан арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн. Одоо ямар арга хэмжээ авах вэ. Та энэ асуудлаас болж С.Бямбацогт гишүүнтэй ширүүхэн маргалдсан байх аа?

-Нийслэлийн 28 мандатыг дөрвөөр цөөлж, орон нутагт нэмэх шийдвэрийг олонхоороо хүч түрэн гаргасан л даа. Нийслэлд хүн амын 50 хувь нь амьдарч байна. Стратегийн ач холбогдлоор нь авч үзвэл нийслэл яалт ч үгүй олон мандаттай байх ёстой. Гэтэл угаас цөөн байсан хотын мандатыг бууруулсан нь буруу. Ер нь мэдээлэлд ойр, асуудлыг бодитоор харж чаддаг нийслэлчүүдээс эрх баригчид их жийрхэж байгаа юм байна. Хоёрдугаарт, орон нутгийн сонгогчдыг их дорд үзлээ. Тэднийг мэдээлэлгүй, аливаа зүйлээр хуурч, тархийг нь угаахад амар гэдэг байдлаар харж байх шиг байна. Одоо орон нутгийн сонгогчид нийслэлчүүдээс огт дутахааргүй болсон. Өргөн хүрээний мэдлэг, мэдээлэлтэй болсон. Тиймээс би тэднийг андуураад байгааг нь зориуд анхааруулсан юм.  Хаана ч байсан ард түмэн дүнгээ тавина. Үүнээс болж С.Бямбацогт гишүүнтэй маргасан. Угаасаа ард түмэн тэдэнд дүнгээ тавьж, арга хэмжээ авна.

-УИХ-ын ээлжит сонгууль болоход дөрвөн сарын хугацаа үлдлээ. Улс төрийн намууд нэр дэвшигчдээ далд байдлаар тодруулж байгаа гэсэн. Танай намын нэр дэвшигчид тодорхой болж байна уу?

-Дөрвөн жилд нэг удаа болдог УИХ-ын сонгуульд бүхий л улс төрийн бүх нам өөрсдийн хэмжээнд бэлтгэлээ хангаж оролцдог. Ардчилсан нам ч гэсэн сонгуульд оролцох бэлтгэлээ ханган ажиллаж байна. Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд АН үндсэндээ дотоод шинэчлэл рүү анхаарч ажилласан. Үзэл баримтлал, үндсэн дүрэм, бүтэц зохион байгуулалтаа шинэчиллээ. Бүлэг фракцын талцал хуваагдлыг байхгүй болголоо. Нэгдмэл үзэл баримтал, үндсэн дүрэм, нэг намтай байх нөхцөлийг хангаж чадлаа гэж үзэж байгаа. Одоо сонгуульд оролцоход хамгийн гол зүйл нь нийгэм эдийн засаг, улс төрийн чиглэлээр гарах намын мөрийн хөтөлбөр байна. Мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлгийг улс орон даяар амжилттай хийж байгаа. Улс даяар шинэ коронавирусийн халдвараас сэргийлж, зарим үйл ажиллагаанд хориг тавьсан. Үүнээс шалтгаалан нөхцөл байдалдаа тохируулан цахимаар хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Нэр дэвшигчдийн хувьд бүгд бэлтгэл хангаж байгаа. Намын Үндэсний бодлогын хороонд 410 гишүүн бий. Мөн Үндсэн дүрэм, Дотоод сонгуулийн хорооны гишүүд нэмэгдээд нэр дэвших эрх хадгалж буй 440-өөд хүн бий.

-Нэр дэвшигчдээс 100 сая төгрөгийн дэнчин авах шийдвэр гаргасан. Дэнчингийн 30 хувиа өгсөн хэчнээн хүн байгаа вэ?

-Байгууллагын нууц учраас дэнчингийн урьдчилгаа өгсөн хүмүүсийн тоо, нэрийг одоогоор хэлэх боломжгүй. Ер нь, АН санхүүжилтийн эх үүсвэр, тайлан тодорхой байх уриалгыг гаргаж ийм шийдвэр гаргасан. Бид бохир мөнгө сонгуульд ашиглахгүй гэдэг байр суурь баримталж байгаа л хэлбэр. Өнөөдөр аль ч улс төрийн хүчин тодорхой хэмжээний зардал гаргана. Зардлаа тухайн нам нэр дэвшигчидтэйгээ хамтран хандив босгох замаар олно. Тиймээс өөртөө тодорхой хэмжээний хүрээлэл бий болгосон, мөнгөн болон бусад хандив тусламж босгох хэмжээний өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадсан улс төрч л хол явдаг. Аль ч улс оронд ийм жишиг бий. Ингэж чадахгүй хүн хол явахгүй. Тиймээс энэ шийдвэр нэг шалгуур гэсэн үг.

-Та намын удирдлагыг авсан цагаасаа лидергүй нам болно гэж хэлсэн. Харин ийм үед АН-д олон танигдсан лидер цөөн байгаа нь сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлөх юм биш үү?

-Олонд танигдсан, олон жил УИХ-д суусан хүмүүсийг лидер гэж харах нь маш том эндүүрэл. АН олон мянган лидертэй. Ялангуяа сүүлийн үед мэдлэг, боловсрол, чадвартай залуус олноороо манай намыг сонгосон. Тэнд ирээдүйн лидерүүд өсөж, намын үйл ажиллагаанд оролцож байна. Нийгэмд тодорхой үүрэг гүйцэтгэж олонд танигдсанаараа түрий барьж, үргэлж лидер байх гэж оролдох нь боломжгүй зүйл. Чадалтай залуу үе гарч ирнэ. Тэгэхээр лидер гэдэг нь харьцангуй ойлголт.

-АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд суудлаа 30 сая төгрөгөөр наймаалцахаар ярилцаж буй бичлэг ил болсон. Энэ асуудлаар та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Хувь хүн хоорондын харилцааны алдаа гарсан байна лээ. Бие биеэ янз бүрийн байдлаар үгүйсгэх, тухайн үед асуудлаа буруу ойлголцсоноос болж ийм асуудал үүссэн юм билээ. Олон зуун мянган гишүүнтэй нам дотор байтугай хүн хоорондын харилцаанд гардаг л зөрчил. Манай намд янз бүрийн суудал наймаалцах боломж үндсэн дүрмээрээ байхгүй. Нэг дарга дангаараа шийдвэрлээд хэн нэгийг албан тушаалд томилох эрх байхгүй шүү дээ. Бүх гишүүнээс санал авч, сонгодог дүрэмтэй. Нэг хүнийг шууд дарга болгоно гээд болчихдог асуудал биш.

-Намын гишүүд чинь сандал суудлаа ингэж наймаалцах нь асуудал биш үү?

-Энэ бол боломжгүй зүйл. Зориуд санаатайгаар дэвэргэж, олон нийтийн сүлжээнд тавьсан. АН-ын нэр хүндийг унагаж, харлуулах гэсэн оролдлого.

-УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат Австралийн Сидней хотод албан томилолтоор явж байхдаа казино тоглосон мэдээлэл хэд хоногийн өмнө цацагдсан. Тухайн үед та “Д.Эрдэнэбат гишүүн казино тоглоогүй. Ороод л гарсан” гэж мэдээлэл хийсэн. Тэгвэл Д.Эрдэнэбат гишүүний гурван цаг казино тоглосон баримт байгаа гэх мэдээлэл саяхан цацагдлаа. Та худал мэдээлэл өгсөн юм биш үү?

-Баримтаа гаргаад тавь л даа. Зураг гаргасан байна лээ. Өмссөн хувцаснаас нь эхлээд л өөр байна. Би худлаа яриад яах вэ дээ.

-Өөр өдөр тоглосон байх магадлалтай шүү дээ?

-Өөр өдөр тоглосон байж болно. Өмнө нь хэдэн жилийн өмнө ч тоглосон байж болно шүү дээ. Хүний л асуудал. Би худлаа яриад яах вэ дээ. Д.Тогтохсүрэн гишүүнтэй авахуулсан зураг, сүүлд гаргасан зургийг нь харьцуулаад харах биз. Мэдээлэл технологи өндөр хөгжсөн энэ үед ямар ч эвлүүлэг хийж чадна. Хэн ч андуурахаар эвлүүлгийг дураараа хийдэг болсон.

-Хэрвээ казино тоглосон нь батлагдвал ямар нэгэн арга хэмжээ авах дүрэм бий юү?

-Баримтаа гарга л даа. Ер нь, АН-ын нэр хүндийг унагаах гэж юу ч хамаагүй цацах юм.

-УИХ-ын 2019 оны намрын чуулган хаалаа. Сөрөг хүчний хувьд намрын чуулганы үйл ажиллагааг хэр үнэлж байна вэ?

-Намрын чуулганы үр дүн туйлын бага байлаа. Улс орны нийгэм, эдийн засагт тодорхой өөрчлөлт авчрах хэмжээний шийдвэр гарсангүй. Эрх баригчид 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, зорилтоо биелүүлэх ямар нэгэн бодит ажил хийгээгүй. Тоон үзүүлэлтээр жишээ хэлэхэд, дөрвөн жилийн хугацаанд жил бүр алдагдалтай төсөв баталлаа. Алдагдлын хэмжээ есөн их наяд төгрөг давчихлаа. 2016 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 40-60 хувиар өслөө. Иргэдийн амьдралд эерэгээр нөлөөлөх бодит өөрчлөлт гарсангүй. Орлого бодитоор нэмэгдсэнгүй. Эрх баригчид өндөр бүтээмжтэй ажиллалаа гэнэ. Ямар бүтээмж гаргасан юм бэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа улс оронд хэрэгтэй ямар өөрчлөлт оруулсан бэ. Ард түмний амьдралд мэдэгдэхүйц ямар өөрчлөлт гарав. Юуг сайн үр дүн гэж хэлээд байгаа юм бэ. Эдгээрийг бодвол ямар ч үр дүнтэй ажил хийгээгүй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. кк Шар байшингийн Эрдэнэ угийн л ийм байсан одоо ч хэвээрээ, Эвлүүлэг гэдэг байсан бол Өөр өдөр тоглосон гэнээ, ингэж Аргалахаас илүү яаж ч аргалах билээ дээ, Эд Цаг үеээ үнэхээр мэдэрдэггүй юу, эсвэл тийм Ухаан дутав уу, Сэтгэл дутав уу, яг ийм Аюулт өвчиний үеэр АН, СЭрдэнэ санаачилаад Ард иргэд дээ Амны хаалт буюу Маск тарааж Буян үйлдсэн бол Сонгууль дөхөж буй энэ үед том оноо авах байлаа, даана ч тэгсэнгүй, Сэтгэлгүй л байна даа, АН энэ Сонгуульд бас ахиад Ялагдсан,

    0 0 Хариу бичих
  2. Мэлхий минь танай намд 2016 онд ард түмэн дүнгээ тавьсан биз дээ, нусгай бацаан дөнгөж 50 гарч байж 70 шахсан царайтай новш минь

    0 0 Хариу бичих
  3. Зугээр л яридаг хумуус

    0 0 Хариу бичих
  4. Тэнэг хүн хуурч байгаа юм шиг тэнэг юм яриад л луйварчин шаарууд! Төр улсын мөнгө луйвардаж тасартлаа баяжсан эд нар улс ард түмнийхээ төлөө юуч хийхгүй гэдэг нь тодорхой Сонгож болохгүй хүмүүс шүү!!!

    1 0 Хариу бичих