Б.Оюумаа: Сонгуулийн санал тоолох машин нэмж авна

ЕАБХАБ сонгуулиар ажиглагчаар оролцох эсэхийг шийдэх судалгааны баг Монголд ажиллана

УИХ ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаатай ярилцлаа.

-Иргэд УИХ-ын сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн гэсэн гомдлыг Цэцэд хүргүүлсэн. Гол нь авлига, албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн хүнийг нэр дэвшүүлэхгүй байх нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэж үзэж байгаа. Хэрвээ Цэц энэ заалтыг хүчингүй болгочихвол сонгууль зохион байгуулахад асуудал үүсэх үү. Бусад хууль, тогтоомжтой зөрчилдөх болов уу?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сонгуулийн хуульд сонгууль болохоос нэг жилийн өмнө өөрчлөлт оруулахыг хориглоно гэж заасан. Гэхдээ Үндсэн хууль хэрэгжих хугацаа хараахан болоогүй байна. Харин Үндсэн хуульд нийцүүлж, сонгуулийн хуулиудад өөрчлөлт оруулсан. Тэгэхээр энэ заалтыг хэрхэх вэ гэдэг асуудал үүснэ. Өөрөөр хэлбэл, Цэц заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргалаа гэхэд УИХ сонгуулийн хуулиа нэг жилийн дотор өөрчилж болохгүй зохицуулалт хуульд байгаа учраас хэрхэх вэ гэдэг асуудал үүснэ.

-Сонгууль зохион байгуулах бэлтгэл ажил хэдэн хувьтай байна вэ.Тухайлбал, энэ сард ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Хуульд батлахаар заасан журам, баримт бичгийн төслүүд дээр ажиллаж байна. Одоо хуульд заасан цаг хугацаатай ажлуудын хуваарийг батлуулах гэж байна. Эндээс ямар ажил хэдэнд хийх вэ гэдэг нь тодорхой гарах юм. Мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага Монголд ажиглагчийн баг ажиллуулах уу, үгүй юү, ажиглавал ямар байдлаар ажиглах вэ гэдгийг шийдвэрлэх судалгааныхаа багийг явуулж байгаа. Судалгааны баг энэ сарын 11-14-ний хооронд манай улсад ажиллана. Энэ хугацаанд бид шаардлагатай бүхий л мэдээллээр хангаж ажиллана.

-Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах тоног төхөөрөмж, санал авах машин нэмж авах шаардлагатай гэж байсан. Энэ удаагийн сонгуулиар санал авах машин нэмж авах уу?

-Өнгөрсөн сонгуулиар нэг сая 920 мянган сонгогч байсан. Харин 2020 оны нэгдүгээр сарын байдлаар хоёр сая 100 мянга орчим сонгогчтой болсон байна. Хуулиар нэг хэсэгт ногдох сонгогчийн тоог тогтоосон байгаа. Тиймээс хэсгийн тоо нэмэгдэж, сонгогчийн санал авах, тоолох машин ч нэмж авах шаардлага үүссэн. 3000 сонгогчтой хэсэгт хоёр машин тавихаас өөр аргагүй. Нэг машин ашиглаж байтал гэмтэл гарвал хэрхэх вэ гэдэг үүднээс олон сонгогчтой хэсэгт хоёр машин тавьдаг юм.  Ингээд тооцоод үзвэл мэдээж машин дутагдалтай болно. Бид анх авсан 2500 машинтайгаа л байгаа. Дараагийн, шинэчилсэн загварын машинууд гарчихсан. Тиймээс үүнийг судалж, цөөн тооны машин нэмж авахаар захиалгаа өгч байгаа байх.

-Захиалсан машин хэзээ ирэх вэ?

-Сонгуулиас өмнө ирнэ. Мөн серверийн хөргүүр гэх мэт тоног төхөөрөмжийг шинээр авах шаардлага бий.

-Санал авах тоолох машины программыг танай байгууллагын инженерүүд хийдэг гэсэн. Харин гишүүдийн зүгээс машины программд нөлөөлөх боломжтой гэж хэлж байна лээ. Үүнд танайхаас ямар хяналт тавьдаг вэ?

-2012 оноос хойш ихэнх сонгуулийн үед манай инженерүүд програмаа боловсруулсан. Мэдээж нийлүүлж буй компаниас заавар зөвлөгөө авдаг. Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар, тагнуул, цагдаагийн байгууллагаас төлөөлөл оролцсон ажлын хэсгийнхэн санал авах, тоолохтөхөөрөмжийг тухайн сонгуульд ашиглаж болох эсэхийг шалган туршиж, төхөөрөмж тус бүрт сертификат олгодог юм. Ажлын хэсгийнхний шалган баталгаажуулсан машинуудыг улс төрийн нам, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон шалгалтын баг дахин шалгана. Ингэхдээ машинуудыг санамсаргүй байдлаар сонгож, шалгадаг.  Мөн нийт хэсгийн 50 хүртэлх хувьд гар тооллого хийж байгаа. Техникийн болон хяналтын тооллогоор зөрүү гарсан тохиолдол гараагүй.

-Анх санал авах, тоолох машиныг ашиглаж сонгууль явуулахад хяналтын тооллогоор зөрүү гарсан гэдэг шүү дээ?

-Хамгийн анхны хяналтын тооллогоор сонгуулийн хороод маань өмнөх шигээ нэр дэвшигчийн нэрийн урд байрлах тоог дугуйлаагүй л бол хүчинтэй саналд оруулж тооцохгүй гэж хуучин шигээ эндүүрснээс ганц нэг зөрүү гарсан. Гэхдээ тухайн үед нь саналын хуудасны зурган файлтай тулгаж үзэхэд ойлголтын зөрүүнээс л болсон байсан. Харин машины хувьд улаан талбарт тэмдэглэгээ хийсэн л бол тухайн нэр дэвшигчид санал өгснөөр тоолсон.  Ийм л ганц нэгхэн зөрүү гарсан тохиолдол бий. Үүнийг маш амархан хянах боломжтой. Манай машин олон баримт үлдээдгээрээ их давуу талтай юм. Саналын хуудас цаасаар болон зурган файлаар хадгалагдана. Санал хураалт дуусмагц зурган файлыг хуулж ажиглагч нарт хувилж өгнө. Серверт дүнг ирүүлнэ, сүлжээнд холбогдохоосоо өмнө дүнг хэвлэж өгдөг. Эдгээр баримтын дүн хоорондоо мөргөх ёстой. Хоорондоо зөрсөн тохиолдол огт гараагүй.

-Одоо хяналтын тооллого хийх үү?

-Хэсгийн 50 хүртэл хувьд хяналтын тооллого хийнэ.

-Хяналтын тооллого хийх хэсгийг өмнө нь мэдэгдчихдэг учраас асуудал гарахгүй нь ойлгомжтой гэсэн хардлага байдаг л даа?

-22.00 цагт санал авах байр бүгд хаагдана. Үүний дараа тухай хэсэг хяналтын тооллого хийх эсэх мэдээллийг утсаараа авна. 22.00 цагтай зэрэгцээд сум, дүүргийн сонгуулийн хороон дээр намуудын ажиглагч нар очиж, хяналтын тооллого хийх хэсгээ сугалдаг юм. Тиймээс хэсгийн хороод хяналтын тооллого хийх эсэхээ өмнө нь мэдэх боломжгүй.

-Энэ жил сонгуулийн зардлыг хэдэн төгрөгөөр тооцож байгаа вэ?

-СЕХ сонгуулийг 23.8 тэрбум төгрөгөөр зохион байгуулна гэж тооцсоноос улсын төсөвт  20.5 тэрбум төгрөг суулгасан. Үндсэндээ төлөвлөснөөс 3.3 тэрбум төгрөг танагдсан гэсэн үг.

 -Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд хуулиар үүрэг гүйцэтгэж оролцдог байгууллагуудын зардлыг тухайн байгууллага өөрсдийн төсөвт тусгах заалт орсон. УИХ-ын сонгуулиар адилхан зохицуулалт үйлчлэх үү?

-Өмнө нь бүх байгууллагын төсөв СЕХ-ны сонгуулийн төсөвт орж батлагддаг байсан. Энэ жилээс эхлэн тухайн байгууллага тус бүр өөрсдийн зардлаа төлөвлөж, төсөвтөө суулгадаг болж байна.

Санал авах өдрөөс хоёр сарын өмнө намууд сонгуульд оролцох хүсэлт гаргана

-Хуулийн хугацаагаараа намууд хэзээ сонгуульд оролцох хүсэлтээ өгөх вэ. Мөн нэр дэвшигчдийг хэзээ тодруулах бол?

-Нам, эвсэл санал авах өдрөөс 60-аас доошгүй өмнө СЕХ-нд сонгуульд оролцох хүсэлтээ  ирүүлэх хуультай. Хоёр сарын өмнө буюу дөрөвдүгээр сарын 20-24-ний үеэр нам, эвслүүд хүсэлтээ өгнө. Ирүүлсэн баримт, материалыг нь СЕХ нягтлан шалгаж, сонгуульд оролцуулах эсэх асуудлыг тав хоногийн дотор шийдвэрлэнэ. Үүнээс хойш нам, эвсэл нэр дэвшүүлэх, бие даагчид гарын үсэг цуглуулах ажлаа эхлүүлэх юм. Үндсэндээ тавдугаар сар гаргаад долоо хоногийн дотор нэр дэвшүүлэх ажил эхэлнэ. Харин намууд нэр дэвшүүлэх хурлаа хийснээс хойш тав хоногийн дотор баримт бичгээ СЕХ-нд ирүүлнэ. Манайх мэдээллийг нягтлан шалгаж, тухайн нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Ингээд санал авах өдрөөс 22 хоногийн өмнө шаардлага хангасан нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулах юм. Нэр дэвшигчид үнэмлэх авсны дараа шууд сурталчилгаа хийх эрхтэй.

Сонгуулийн хуульд зохион байгуулагч байгууллагуудын саналыг тусгаснаараа дэвшилттэй алхам болсон

-Өмнө нь гурван шатны сонгуулийг нэг хуулиар зохион байгуулахад нэлээд алдаа дутагдал илэрснийг сонгууль зохион байгуулагчид хэлдэг. Харин энэ удаа тусдаа хууль хэрэглэхээр боллоо. Одоо өмнөх шиг алдаа, дутагдал гарахгүй гэж ойлгож болох уу?

-Сонгуулийн тухай хуулийг Ерөнхийлөгчийн, УИХ-ын, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль гэж гурав салгасан. Энэ бол өмнө нь байсан хувилбар. 2015 онд Сонгуулийн тухай хууль гэж нэгдсэн хууль гарахаас өмнө тусдаа хуультай байсан. Энэ удаа хуулийн төслүүдийг боловсруулах дэд ажлын хэсэгт сонгуулийн үйл ажиллагаанд үүрэг хүлээж оролцдог төрийн байгууллагуудын төлөөллийг оруулсан. Ялангуяа сонгуулийн зохион байгуулалттай холбоотой заалтуудад төрийн байгууллагуудын төлөөллийн саналыг авснаараа дэвшилттэй алхам болсон. Бидний зүгээс зохион байгуулалттай холбоотой тулгардаг бэрхшээлийг шийдвэрлэх зохицуулалтуудыг нэлээд сайн тусгасан гэж ойлгож байгаа. Тухайлбал, УБЕГ, ХХЗХ, ЦЕГ, ҮАГ зэрэг байгууллага, оролцож, шаардлагатай зохицуулалтуудыг тусгасан.

Одоогийн байдлаар УИХ-ын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэхээр болсон. Сонгуулийн хуульд ялангуяа орон нутгийн сонгуулийн үеэр гардаг гомдол маргаан, шийдвэрлэх, нөхөн болох дахин сонгуулийг товлон зарлах процесс зэргийг тодорхой тусгасан.

-Орон нутгийн сонгуульд нөхөн болон дахин сонгууль явуулахтай холбоотой маргаан нэлээд гардаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэхээр тусгасан бэ?

-Шүүх нөхөн болон дахин сонгууль явуулах шийдвэр гаргачихаад байхад сонгууль явуулахгүй байх тохиолдлууд байсан. Өмнө нь тухайн орон нутгийн хурлын Тэргүүлэгчдийн үзэмжээр шийдэгддэг байсан гэж болно. Үүнийг арилгах үүднээс орон нутгийн сонгуулийн хуульд дахин сонгуулийг хэн товлон зарлах вэ гэдгийг нарийвчлан тусгасан. Өмнөх хуулиар хэн товлон зарлах нь тодорхойгүй байсан юм. Одоо тухайн шатны сонгуулийн хороо зарлах эрхтэй. Хэрвээ сонгуулийн хороо нь татан буугдсан бол СЕХ шууд товлон зарлах зохицуулалт оруулсан. Тэгэхээр сонгууль зайлшгүй болох ёстой гэсэн зарчим хэрэгжинэ гэсэн үг.

Нэг хэсэгт 10-аас илүүгүй зурагт самбар байрлуулна

-Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаандаа шаардлагагүй олон хүн ажиллуулж, цалинжуулдаг нь санал худалдаж авах арга гэсэн хардлага байдаг. Харин сонгуулийн хуульд сурталчилгааны ажилтнуудын тоонд хязгаарлалт хийсэн гэсэн. Энэ талаар тодруулбал?

-Сурталчилгааны ажилтан, тээврийн хэрэгслийн тоог тодорхой зааж өгсөн. Мөн нэг хэсэгт ногдох зурагт хуудасны самбар, ухуулах хуудасны тоог хязгаартай болгосон. Ингэхгүй бол нэг нэр дэвшигч 1000, 2000 сонгуулийн ажилтны үнэмлэх авах хүсэлт ирүүлдэг. Хуульд хязгаарлалт байхгүй учраас манайх үнэмлэх гаргаж өгөхөөс өөр арга байгаагүй. Харин хаягийг нь харахад нэг гудамжны айлуудын дараалуулаад биччихсэн байж жишээтэй. Үүний ард сонгогчийн санал худалдаж авах хууль бус ажиллагаа явж байгаа юм биш гэсэн хардлага төрдөг.  Тиймээс тооны хязгаарлалтуудыг нэлээд сайн оруулж өгсөн.

-Нэг нэр дэвшигч сурталчилгааны хэчнээн ажилтантай байх вэ?

-Нэр дэвшигч бүр нэг менежер, аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо, аймгийн төвийн баг тус бүрт нэг шадар туслагчтай байна гэж заасан. Өмнөх хуулиар 500 сонгогчид нэг шадар туслах байх хуультай байсан. Мөн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нь улсын хэмжээнд 100 хүртэл, нийслэлд 20 хүртэл, аймаг, дүүрэгт 50 хүртэл, сум хороонд 20 хүртэл ажилтантай байна гэж заасан.

Мөн нэг хэсэг дээр дөрвөөс илүүгүй автомашины зөвшөөрөл авах хязгаарлалт тавьсан. Өмнө нь штабын ажилтнуудынхаа хоолны махыг зөөдөг автомашинд хүртэл зөвшөөрөл авъя гэдэг. Тиймээс энэ удаа жинхэнэ сурталчилгаандаа явж байгаа автомашиндаа зөвшөөрөл авна. Мөн зурагт самбар дэлгэц нэг хэсэгт 10-аас илүүгүй байх юм. Ингээд ажилтан, автомашин, зурагт самбарт тооны хязгаарлалт хийхээр сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээнд нөлөөлөх байх гэж бодож байна.

-Нэг хэсэг дээр дөрвөөс илүүгүй машин ажиллуулах, 10-аас доош зурагт самбар байрлуулах зэрэгт хэрхэн хяналт тавих вэ?

-Нэр дэвшигчид бие биедээ хяналт тавина, сонгогчид хяналт тавина гэх мэтээр. Зөвшөөрөл, үнэмлэхийг тоогоор нь хэвлэж хүргүүлнэ. Сонгуульд зааснаас өөр арга хэлбэрээр сурталчилгаа явуулсан байвал энэ нь нэр дэвшигчид тооцох хариуцлагын асуудал болно. Бусдыг гүтгэсэн доромжилсон агуулгатай мэдээлэл тараасан нь шүүхийн шийдвэрээр нотлогдчихвол нэр дэвшигчийг буцааж татах хүртэл арга хэмжээ авна. Тиймээс нэр дэвшигчид өөрсдөө хянамгай, хуулиа зөрчихгүй ажиллахад анхаарах байх.

-Сонгогчдын нэрийн жагсаалтыг намуудад нэг удаа цахимаар олгохоор болсон. Үүнд иргэдийн нууцлах шаардлагатай мэдээллүүд багтах юм билээ. Намуудад иргэдийн мэдээллийг өгөх зайлшгүй шаардлага бий юү?

-Сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө буюу зургадугаар сарын эхээр улс төрийн намуудад цахимаар олгоно. Харин үүнийг хувилж, олшруулахыг хориглоно гэж заасан. Хэрвээ өөр шалтгаанаар ашиглаж, хувилж тараавал хуулийн хариуцлагатай. Нэрийн жагсаалтад орж байгаа хувь хүний мэдээлэл нь өөрөө иргэний бүртгэлийн хуулиар хязгаарлагдмал мэдээлэлд ордог. Тиймээс СЕХ анхнаасаа нэрийн жагсаалт олгохыг больё гэсэн санал оруулсан. Харин намууд нэрийн жагсаалтад хүн давхардаж орж уу, үгүй юү гэдгийг хянах шаардлагатай учраас иргэдийн мэдээллийг өгч байгаа юм.  

-Хэрвээ хууль зөрчвөл ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ.

-Хуурамч хаягаас сурталчилгаа явуулбал хэрхэн шийдвэрлэх вэ?

-Сурталчилгааны арга хэлбэрийг нэлээд тодорхой зааж өгсөн. Өмнөх сонгуулиар цахим орчинд сурталчилгаа явуулахтай холбоотой нэлээд асуудал үүссэн. Энэ талаар хуульд тусгаагүй учраас хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг нь үнэндээ толгойн өвчин болсон. Ялангуяа олон нийтийн сүлжээгээр олныг төөрөгдүүлсэн мэдээлэл ихээр гарсан. Тиймээс бид төсөл боловсруулах явцдаа “Фэйсбүүк” компанийн Зүүн өмнөд Азийг хариуцсан төлөөлөлтэй хэд хэдэн удаа уулзалт хийсэн. “Фэйсбүүк” компани ч дэлхий улс орнуудын сонгуулийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах чиглэл барьж байгаа юм билээ. Энэ үүднээс Монголд сонгуулийн үеэр хамтарч ажиллая гэсэн санаачилга гаргасан. Манай байгууллага ч хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлсний үндсэн дээр манайд төлөөллөө ажиллуулахаар болсон.

 Нам, эвсэл, нэр дэвшигч тус бүр нэг цахим хуудастай байна. Заавал хаягаа бүртгүүлнэ. Хэрвээ бүртгэлгүй хаягаас сурталчилгаа хийвэл хууль бус сурталчилгаа гэж үзэн устгах, хязгаарлах арга хэмжээ авна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)