Хөл хорио тогтоосон ч томуугийн дэгдэлт буураагүй

Шинэ коронавиус болон томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотойгоор улсын хэмжээнд гуравдугаар сарын 2-н хүртэл боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоон соёл, урлаг, спортын арга хэмжээг хязгаарлаад байгаа.

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач эмч Ч.Уртнасантай уулзаж, хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд ханиад томууны дэгдэлт ямар байгааг тодрууллаа.

-Хөл хорио тогтоосноос хойш томуугийн өвчлөл буурсан уу?

-Буураагүй. Томуу, томуу төст өвчний тавдугаар долоо хоногийн мэдээгээр нийт амбулаторийн үзлэгийн 14 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Өмнөх оны мөн үе болон сүүлийн гурван жилийн дундажтай харьцуулахад бага зэрэг нэмэгдсэн хандлагатай байгаа. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор томуугийн шинж тэмдэг илрэнгүүт хүмүүсийн эмнэлэгт хандах хандлага өндөр байна. Өмнө нь насанд хүрэгчид шинж тэмдэг илрэнгүүт эмнэлэгт хандахгүйгээр гэрээр эмчлэх тохиолдлууд байсан. Мөн одоогийн байдлаар томуугийн А хүрээний H3N2, В хэв шинжийн вирусийн өвчлөл эрчимтэй явагдаж байна.

-Томуугийн өвчлөлд аль насныхан хамгийн их өртөж байгаа бол?

-Насны хувьд нийт өвчлөлийн 71 хувийг 0-15 хүртэлх насныхан эзэлж байна. Үүнээс 46 хувийг 0-4 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Нийт эмнэлэгт хэвтэгсдийн 30 хувийг амьсгалын замын хүнд халдвар буюу уушгины хатгалгаа, үрэвсэлтэй хүмүүс эзэлж байна.

-Эмнэлгүүдийн ачаалал, орны хүрэлцээ хэр байгаа вэ?

- Одоогоор орны ачаалал ихэссэн хэвээр байна. Нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн 82 хувийг амьсгалын замын цочмог халдвар эзэлж байна. 400 гаран ор нэмэлтээр дэлгэсэн байгаа. Нийт өвчлөлийн 78 хувийг бага насны хүүхдүүд эзэлж, өвчлөл өндөр хэвээр байна.

Коронавирусийн халдварыг насанд хүрэгчид ихэвчлэн хүрч байгаа талаар холбогдох албаныхан мэдээлсэн. Харин манайд улирлын томуугийн дэгдэлт явагдаж байгаа болохоор бага насны хүүхдүүд эрсдэлтэй бүлэг хэвээрээ байна. Тиймээс бид зарим эмнэлгүүдэд уламжлалт, мэдрэл, физик эмчилгээний тасгийг хүүхдийн оронд шилжүүлээд байна. Нэн шаардлагатай тохиолдолд насанд хүрэгчдийн орыг нэмэгдүүлэх боломжтой.

-Залуус томуугийн халдвар дамжуулан тээгчид гэж үздэг учраас энэ удаагийн хөл хорионд МСҮТ, их дээд сургуулийн оюутнуудыг оруулсан.  

-Хөл хорио тогтоож хязгаарлалт хийсэн нь сайн талтай.  Ингэснээр иргэд амны хаалт зүүж хэвшин бүх амьсгалын замын халдваруудаас өөрийгөө хамгаалж байна. Гараа маш сайн угааж байнга ариутгагч хэрэглэснээр халдварт өвчнөөс хамгаалах бүрэн боломжтой.

 Цагаан сараар аль болох бага насны хүүхдээ дагуулан айл хэсэхгүй байхыг уриалж байна.   Мөн энэ өвчлөлд ганц хүүхэд биш өндөр настнууд эрсдэлт бүлэг байдаг учраас тэдэнд залуус томуу, томуу төст өвчин халдаах магадлал өндөр. Эрсдэлээ бодоод энэ жил цагаан сараа ойрын хүрээнд тэмдэглэе гэж уриалах байна. Томуугийн тархалт, дэгдэлт өндөр хүндрэл их байгааг анхаарах хэрэгтэй. Дээр нь шинэ коронавирусийн халдвар орж ирэхийг үгүйсгэх аргагүй учраас эрсдэлээ бодон урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлээсэй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Амьд үхдэлийн халдвар гарсанч хөл хорио тогтоож халдварыг тархаахгүйгээр ариутгал хийвэл эмх замбараагүй байдал үүсгэхгүй

    0 0 Хариу бичих
  2. Онц байдал зарлаад хѳл хорио тогтоо

    0 0 Хариу бичих