М.Уянсүх: Амьдарна гэдэг үхэх хүртлээ тэвчиж чадахын нэр

Урин дулаан цагийг эрхгүй санагалзуулах хачин жигтэй, ид шидийн ч гэмээр ийм зурвасхан өдрүүдэд хэн нэгэнтэй халуун дулаан яриа дэлгэмээр санагдах нь элбэг. Ийм л хүсэлдээ хөтлөгдөж Улаанбаатар хотоос Дархан хотын зүг гарсан минь надад “Аварга мод”-ыг бодитоор харах боломж олгов. Зохиолч М.Уянсүхтэй уулзахаар зорьж явахад өвөрт “Аварга мод” романы хуудсууд дээр харандаагаар тэмдэглэсэн хэдхэн энгийн асуулт л байлаа. Уг нь бол тэр хүнтэй ийм энгийн асуулт бариад уулзаж болохгүй. Гэсэн хэдий ч өөр зүйл бодогдсонгүй учир бүдүүн зүрх гаргаж, уулзахаар цаг товлов. Ямартай ч олон сарын турш сэтгэлдээ тээсэн тэр өдөр ирж, хүндэлж явдаг зохиолчтойгоо уулзсан учраас та бүхний өмнө ийм нэгэн ярилцлага дэлгэж байна. 


-Зохиолоо яагаад “Аварга мод” гэж нэрлэх болсон юм бэ?

-Зохиолд модны тухай гардаг ч яг ингэж нэрлэнэ гэж анхнаасаа бодоогүй л дээ. Миний суудаг ажлын өрөөний цонхоор их сүрлэг том, бас сайхан улиас мод харагддаг юм. Тэр модыг би өдөр бүр харж зогсох дуртай. Хэдэн хэрээ мөчир дээр нь үргэлж ирж сууна. Зохиолоо бичиж дуусах дөхөж байтал гэнэтхэн л нэг өдөр “Аварга мод” гэх нэр өгөгдчихсөн. Би өөрөө ч өгөөгүй. Цаанаасаа өгөгдсөн нэр юм. Зохиолын эхний дэвтэр “Тэргэл сар ба хөх хулгана”нэртэй, 200-аад хуудас бүхий бие даасан роман 2018 онд бэлэн болчихсон байсан юм. Дэд дэвтрийг нь тусдаа зохиол байдлаар нутгийнхаа домог зүй дээр суурилж бичиж эхлээд байсан. Гэтэл нутаг явж ирсний дараа хоёр тусдаа зохиол маань хоорондоо холбогдож болох юм шиг санагдаж,тэгээд нэгтгэсэн юм.

-Та хүүрнэл зохиолуудаа цаг хугацааны хувьд тогтмол бичиж, уншигчдад хүргэдэг. Үүнд юу нөлөөлдөг юм бэ?

-Би 1991 онд үед их сургуулиа төгсөх жилийн зун Орос руу олон улсын зохиолчдын уулзалтад явахын өмнө энгийн, байдаг л гэж бодсон богино өгүүллэг, шүлэг зэргээ гар бичмэлээр нь ялган, бас бус юмстай хамт модон авдарт хийж үлдээснийгэхнэр маань Ховд руу дайж явуулсан нь замдаа алга болчихсон. Тэр үеийн бичсэн шүлэг, өгүүллэг, бичиг баримт, гэрэл зургийн цомог гээд бүгд тэгж байхгүй болсон юм. Би 1985-1991 онд оюутан байж, 1991-2002 он хүртэл Увс, Ховд аймгуудаар амьдарсан хүн. Тэр хугацаанд богино өгүүллэг, яруу найргийн тус бүр нэг, нэг ном л хэвлүүлсэн байдаг. 2002 онд Зохиолчдын эвлэлээс зарласан анхны номын уралдаанд шүлгийн ном маань шалгарч, өгүүллэгийн түүврийг нь төрсөн ах маань хэвлүүлж өгсөн. Алга болсон гар бичмэлүүдээс арай өөр сэтгэлгээтэй гэж үзэн өөртөө авч үлдсэн байсан цөөхөн хэдэн өгүүллэг 2002 онд “Жаргах нарны туяа” нэртэй анхны өгүүллэгийн түүвэр болсон юм.Ажил, архи, ар гэрийн аахар шаахар зовлон дүүрэн 10 гаруй жилийн хугацаанд хийсэн зүйл минь ердөө л тэр хоёр ном. 10 гаруй жил шүү дээ... Түүний дараа “Аварга мод”роман дээр гардаг шиг өмссөн хувцастайгаа аав, ээж дээрээ ирсэн. Намайг ирдэг намар аав маань өнгөрсөн. Ээжтэйгээ бид хоёрхэдэн үхэртэй үлдэж, би үхэрчин боллоо. Тухайн үед завтай үедээ бодож хэвтэж байгаад босож бичихээс өөр ажил байсангүй. Би 2002-2009 он хүртэл ямар нэгэн эрхэлсэн ажилгүй байлаа. Урт хугацаа. Энэ хугацаанд л бичих арга барилаа олж авсан гэж боддог. Хүн ганцаараа байгаад, гүн бодоод ирэхээр асар их төвлөрөл үүсдэг. Тэр төвлөрөлийг нэг бариад авчихад л цаашаа өөрөө хөтлөөд явчихдаг юм билээ. Тэр эрчмээрээ л тасралтгүй бичиж байна. Надад байгаа хамгийн том давуу тал бол бичиж байхад хажууд саад болох зүйл байдаггүй.

-Өнгөрсөн зун би Хархираа, Түргэний уулсад очоод ирсэн. Таны нутгийн уулс үнэхээр зүрх булаам юм билээ. Хамаг сэтгэл аваад үлдсэн дээ. Хотод ирчихээд хэдэн шөнө зүүдэлсэн шүү...

-Төрсөн нутаг гэдэг хүний анхдагч язгуур. Төрсөн нутаг, язгуураа таних нь зон олноо танина гэсэн үг. Одоо байгаа зон олон ч биш, өнгөрсөн хийгээд ирээдүйн түүхийг олж мэдэхийн нэр юм. Би аливаа зүйлийг яг зохиолд бичнэ гэж нарийн боддоггүй л дээ. Ажигласны үр дүнд надад төрсөн бодлууд байж л байдаг. Бичнэ гэж бодоогүй байсан зүйлээ гэнэтхэн бичмээр санагдаад эхэлдэг. Жишээ нь “Айшхи” гэдэг өгүүллэг байна. Нэр, үйл явдал, ер нь юу нь ч толгойд байгаагүй зүйлсээ гэнэт суугаад л хэдэн цагийн дараа биччихсэн. Юу ч юм эхлээд бичсэн. Ширээнийхээ ард суугаад өөрөөсөө одоо юу бичих юм бэ гэж асуудаг ч өөрийн мэдэлгүй л биччихсэн байдаг.

-Уул, ус гэдэг нээхийг хүссэн хүндээ өөрийгөө нээдэг, өгөхийг хүссэн хүндээ бүхнээ өгдөг юм шиг надад санагдсан. Танд таны уулс өгөх ёстой зүйлсээ өгсөн гэж боддог уу?

-Миний нутгийн уулс надад одоог хүртэл маш ихийг өгсөөр л байгаа. Би жил бүр амралтаа аваад шууд нутаг руугаа явдаг. Намайг нэг настай байхад л манайх Хархираагийн амралтад очсон гэдэг. Энэ тухай“Аварга мод” дээр ч өгүүлдэг. Намайг хүүхэд байхад манайх хавар таван сар гарангуут л Хархираагийн амралтад очиж намар болтол зусдаг байсан. Арван жилээ төгсөтлөө би цаст уулсын орой дээгүүр харайж явдаг байлаа. Уул, уснаас авч байсан тэр эрчим л өдий болтол намайг эрүүл саруул, хүч хийморьтой байлгаж байгаа байх.

-Таны зохиолуудад “манан” гэх ойлголт байдаг. Миний бодлоор тэрманан юуны ч тухай байж болох юм шиг санагдсан. Харин таны хувьд манангаар яг юуг илэрхийлэхийг зорьдог хэрэг вэ?

-Орчлонгийн үүслийн цаана нэг нууц байгаад байна л даа. Бидний хүрч чадахгүй нууц. Зарим нь түүнийг бурхан, дээд мэдрэхүй зэргээр нэрлэчихдэг. Түүнийг хүн бүхэн янз бүрээр лтодорхойлно. Миний хувьд тэр нууцыг нэвтэлж чадахгүй хаагаад байгаа зүйл бол манан. Надад саад болоод байгаа юм бол манан. Тэр манан байгаагүй бол би нууцыг олоод харчих л байсан. Гэхдээ олоод харчихвал бас бүх юм утгагүй болчих байх л даа. /Инээв/

-Тэгвэл хүн бүрийн амьдралд манан байдаг юм биш үү?

-Хүн бүрт л манан бий. Илэрхийлж гаргасан нь л цөөхөн байх. Зарим нь манан гэж тодорхойлж байхад нэг хэсэг нь ер ойлгохгүй бухимдаад яваа байж ч магадгүй.

-Амьдралын дүр төрх бол яг одоо байгаа өөрийн чинь дүр төрх, нүүр царай гэж таны зохиол дээр гарсан байсан. Бид манангаас болоод л амьдралын жинхэнэ дүр төрхийг хардаггүй ч юм бил үү...

-Хүн бүрт амьдралын хийгээд өөрийнхөө бодит нүүр царайг харж чадахгүй байгаа тэр зүйл өөр, өөрөөр тусдаг байж болох юм. Харин миний хувьд түүнийг манан гэж тодорхойлсон байх.

-Та төрөлхийн гутранги хүн үү?

-Гутранги. Гаднаа бол мэдэгдэхгүй. Харин ч хүмүүс намайг их өөдрөг, бусадтай нийцтэй хүн гэдэг. Үнэндээ бол тийм биш. Би ер нь багаасаа л юманд амархан гутардаг хүүхэд байсан. Саад бэрхшээл мэдрүүлсэн зүйл тохиолдвол л гутарчихдаг. Гутарсан үедээ яавал энэ гутралаас салах вэ, яавал үлгэрт гардаг шиг жаргалтай амьдарч болох вэ гэж бодно. Тиймээс гутрах, үлгэрт гардаг амьдралыг мөрөөдөх, энэ хоёрын дундаас л өнөөдрийн би бүтсэн байх.

-Одоо та гутралтайгаа яаж нүүр тулж, давж гарч байна?

-Өдөр бүхэн л даван туулахын тулд бичиж байна. Гутрал, гутралаас салах гэсэн тэр зааг, тэр зайнд л би амьдарч явна. Гутралаа гаргаад биччихээр тодорхой хугацаанд чөлөөлөгдөөд, хэд хоног инээж ханиагаад явах тэнхээтэй болдог. Тэгж байтал өнөөх гутрал маань эргээд ирнэ. Дахиад л бичнэ. Ийм л хэмнэл дунд амьдарч явна даа. Хүн өөрийн байгаа байдлаа тэр чигээр нь хүлээж авах хэрэгтэй. Хүмүүс аливаа зүйлийг байгаагаар нь хүлээж авч чаддаггүйд л учир байгаа юм. Хүн бүхэн юмыг байгаагаар нь хүлээж авч чаддаг бол асуудлаас ангижрах замаа олно. Гутралаа нууж өөдрөг хүний дүр эсгэх мэтээр хүлээж авч чаддаггүй учраас л өөрийгөө олдоггүй юм шиг. Ер нь бол уран бүтээлч хүн гутранги байхаас өөр аргагүй. Анх үүсэхдээ ямар байсныг мэдэхгүй ч орчлон хорвоо чинь өөрөө төгс бус бүтээгдчихсэн, тэр дундаа хүний амьдралын үнэн бол зовлон гэдэг. Тэгэхээр магадгүй, хүний амьдралын анхдагч зүйл гутрал байж болох юм. Түүнийг мэдэж, таньсан нь арай өөр, уран бүтээлч сэтгэлгээтэй хүмүүс байдаг. Нэгэнт тэгж мэдэрчихээр гутрахаас өөр яахав...

-Таны хувьд амьдарч чадна, амьдарч байна гэдэг ойлголт яг юуг илэрхийлдэг юм бэ?

-Миний хувьд амьдарч байна гэдэг үхэх хүртлээ тэвчиж чадахын нэр юм. Хэр зэрэг тэвчээртэй байж чадна, тэр хэрээрээ амьдарна. Тэвчээргүй хүн их олон юмыг алддаг. Би Дарханд ирчихээд буцаж болохгүй гэдгээ л мэдсэн. Тэр бүгдийг тэвчих харин амар байгаагүй. Асар хэцүү байсан. Тэгэхэд надад ганцаараа байх эрх чөлөө илүү хэрэгтэй гэдгийг би мэдсэн тулдаа л тэвчиж чадсан. Хэрэв тэвчиж чадалгүй хуучин амьдрал руугаа буцчихсан бол шүлгийн нэг, өгүүллэгийн нэг, нийт хоёрхон нимгэн түүврээс өөр ном гарахгүй ч байсан байж мэдэх л юм даа.

-Уран бүтээлч хүнд хамгийн түрүүн хэрэгтэй зүйл юу юм бэ? Эрх чөлөө, ганцаардал, мэдрэмж...

-Амьдралын тухай би бага балчир наснаасаа л эргэцүүлдэг байж. Хүнтэй ярихгүй, дотроо л эргэцүүлээд... Зохиолч болох санаа ч надад огт байгаагүй. Одоо ч гэсэн би өөрийгөө зохиолч гэж нэг их боддоггүй. Амьдарч байгаагийнх, бичээд үлдээчихье гэдэг бодол нь дийлдэг ч гэх үү. Хүмүүс амьдралын утга учрыг янз бүрээр илэрхийлдэг. Минийх бол бичих. Хүнд эрх чөлөө, ганцаардал...гээд аль нь ч хэрэгтэй байж болно. Гэхдээ яг зохиолч хүний хувьд өөрийнхөөрөө байж чадах орчин, тэр дундаа эрх чөлөө ямагт нэгдүгээрт гэж боддог. Эрх чөлөө л зохиолч хүнийг бүрэн чөлөөтэй, хүссэн хэмжээндээ бүтээлээ гаргахад нөлөөлдөг.

-Хүн цаг үеэсээ түрүүлж төрөх боломжтой гэдэгт та итгэдэг үү?

-Хүн ч жамаараа л төрдөг байх. Харин амьдарч байх хугацаандаа тухайн цаг үеэсээ давж сэтгэдэг ч юм уу, илүү их зүйлийг олж мэдээд,түүнийгээ хүчтэй илэрхийлэх тохиолдол цөөнгүй. Түүнийг нь хүмүүс хэт эмзэг хүлээж авсан нь ч бий. Жишээ нь, дэлхий нарыг тойрон эргэдэг гэдгийг нээж таниад, түүнийгээ хэлсэн хүнийг яалаа даа?

-Бүтээн туурвих, мэдрэмж, оюун санааныхаа хувьд та өөрийгөө хэдэн настай гэж боддог вэ? Таны зохиолууд бидний хувьд их л онож мэдрэгдээд байдаг нь юутай холбоотой юм бол...

-Ёстой хэлж мэдэхгүй. Тэр тухай бодож байгаагүй юм байна. Ойлгомжтой бичиж байгаагийн хувьд  гэвэл номоос салахгүй өссөн учраас л гэж хэлнэ. Арав төгсөх хүртлээ “Утга зохиол, урлаг” сонины дугааруудыг алгасалгүй уншдаг, шинэ номоор ч тасардаггүй хүүхэд байсан. Эгч маань аймгийн номын санч учир шинэ гарсан роман, зохиол юу л байна бүгдийг нь аваад ирнэ. Намайг уншиж дуусахаар аваад явчихна. Тэр үед ном ховор, үнэтэй ч байсан. Орой унтахдаа хүртэл уншихгүй ч хэдэн ном дэрнийхээ хажууд овоолоод тавьчихдаг. Нойр хүрээд унтах хүртлээ нөгөө хэдэн номоо эргүүлж хардаг. Гоё ном олоод авчихвалтэр шөнө манайх гэрэлтэй хонодог байлаа. Ээж гэрэл унтаарчихвал би хашгираад, эсвэл чанга дуулаад л янз бүрээр авирлана.Ээж ч эхлээд уурлаж байснаа сүүлдээ инээгээд гэрлээ асаана. Нөгөө номоо шөнөжингөө уншиж байгаад сургууль дээрээ очоод хамгийн арын суудал дээр суугаад л уншаад дуусгана. Дуусгахаас нааш хоол, нойр хамаагүй. Тэгж их уншсантай л холбоотой байх.Зохиолч хүн зохиол бичихэд хэр зэрэг уншсан, мэдсэн, боловсорсон нь нөлөөлдөг, тэр хэрээр өөрийн дотор байгаа зүйлээ гаргаж чаддаг байх. Шүлэг, яруу найраг ч гэсэн утга санаа, мөр бадгууд нь санаатай, санамсаргүй давтагдана гэдэг нь хангалттай уншаагүйтэй л холбоотой.

-Одоо л уншиж сурч байна даа гэж мэдрэхэд өмнө уншдаг байсан маань юу ч биш санагддаг юм билээ...

-Унших гэдэг барагдахгүй л дээ. Сүүлдээ аливаа номыг гүйлгэж унших туршлага суучихдаг. Зарим номыг хэд эргүүлээд харахад л хэрэггүй гэдэг нь мэдэгддэг. Унших шаардлагатай ном бол нэг сөхөж үзээд, ганц өгүүлбэрээс л танигддаг. Манайхан ойлгосон, ойлгоогүй нь хамаагүй уншаад дуусчихаараа л болчихлоо гэж боддог. Уншина гэж тухайн номны амин сүнсийг нь олж харах юм. Ямар ч номд амин сүнс бий. Тэрийг мэдэрч чадаж байна уу, үгүй юу гэдэг л жинхэнэ уншихийн нэр. Би болж өгвөл аливаа номны амин сүнсийг л мэдрэхийг хичээдэг. Тэгж байж тухайн зохиолчийг мэдэрч чаддаг. Дараа хэдэн ч зохиолыг нь уншсан тэр сүнс байж л байдаг. Хэр зэрэг тэгж уншиж чадна, тэр хэмжээгээр чи өөрийнхөө доторхыг илэрхийлэх чадвартай болно. Хамгийн гол нь бусадтай давхцахгүйгээр. Унших, бичих хоёр яг тэнцүү хэмжээнд явж байгаад аажимдаа унших нь хаягдаж, бичих нь давамгайлаад ирдэг юм билээ.

-Та анх хүүрнэл зохиол бичиж эхэлж байсан үеийнхээ мэдрэмжээс хуваалцаач?

-“Гөрөөчний намар” өгүүллэгийг бичих гэж би найман жил болсон. Маш хэцүү байсан. Эхлэх гээд л чадахгүй. Бодож, бодож гурван өгүүлбэр тавиад л гацчихна. Бичиж чадахгүй болохоор шанална. Заримдаа бүр үхчихмээр санагдана. Анх уг нь роман бичих гэж байсан юм. Олон зохиол уншихаар бичсэн маань санаанд хүрэхгүй болчихдог. Үргэлж гологдоно. Тэгж голоод л бичиж байсан романаа шатаачихсан. 1992 онд. Гэхдээ шатаасан ч цөм нь тархинд үлдчихсэн байсан. Дараа нь “Гөрөөчний намар” өгүүллэгийг сар орчим гэртээ байхдаа гараар бичсэн. “Жаргах нарны туяа” анхны ном гарсаны дараа л бусад өгүүллэгүүд бичигдсэн. “Ин уулын домог”-оо Дарханд ирсэн хойноо 2009 онд ердөө арваадхан хоногт гараар бичсэн гээд бодохоор би бичиж сурах гэж л 1990-ээд оноос 2009 он хүртэл явсан болж таараад байгаа юм.

-Таны уншигчдаас “дэврүүн сэтгэмж бүхий гэнэхэн захидлууд” хааяа ирдэг гэсэн. Та сүүлд хэзээ захиа хүлээж авсан бэ?

-Хамгийн сүүлд 2018 онд ирсэн захидал одоо миний ажлын ширээний нүдэнд байж байна. Бас л дэврүүн сэтгэмж бүхий гэнэхэн захидал юм даа. Ягаан цаасан дээр гараар бичсэн, уншигчийн шүлэгтэй захидал...

-Ярилцсанд баярлалаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. onts baidald degdchiheed baihad yun amidral gdg edr vee

    0 0 Хариу бичих
    • онц байдалд дэгдчихээд бх үед өөр юм яриж сатааруулж, газар дээр буулгаж ирэх хэрэгтэй. Тэхгүй бол дэгдэж яваад энд тэнд төмөр шон, туйпуун хашаа мөргөж, вирус бус үхлээр харамсалтай төгсөж болно. Ном унш, чадахгүй бол уншсан дүр үзүүлж суувал цар тахал хүндэлж тойрч мэднэ хө

      0 0
    • Онц байдлын үед ч Хүн хүнээрээ байх ёстой. Үүнд агуу болон өчүүхэн нэгний ялгаа оршино

      0 0