“Хуралдай”, “Гэрэгэ” бондын үнэлгээ өсжээ

БНХАУ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад шинэ төрлийн “коронавирус”-ийн тохиолдлыг тогтмол мэдээлж эхэлснээс хойш унаад байсан Монгол Улсын Засгийн газрын бондуудын үнэлгээ эргээд сэргэсэн байна. “Хуралдай”, “Гэрэгэ” бондуудын аль аль нь эргэн сэргэжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд үнэлгээ нь өссөн байна.

Харин эргэн төлөх хугацаа нь хамгийн ойр “Мазаалай” бондын шаардах өгөөж нэгдүгээр сарын дунд үеэс хойш 13 хувиар өссөн байна. Хэдий тийм боловч жилийн дүнгээрээ шаардах өгөөж нь 28 хувиар буурчээ. Cүүлийн гурван жилд Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь аажмаар буурсан байна.

Сангийн яамны боловсруулсан өрийн удирдлагын стратегийг амжилттай хэрэгжүүлсэн тохиолдолд 2022 онд Засгийн газрын өрийг дотоодын нийт бүтээгдэхүүний 39.1 хувь руу буулгана гэж тооцоолж байгаа аж. Хэдий тийм боловч одоогоор 2021-2024 онд төлөх 2.9 тэрбум ам.долларын өрийг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байна. Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 39 хувь руу буулгах зорилт биелэх он буюу 2022 онд 1.37 тэрбум ам.долларын эргэн төлөлт хийх хуваарьтай байгаа юм.

Энэ онд шинэ төрлийн “коронавирус”-ийн улмаас Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний борлуулалт буурах төлөвтэй байгааг олон улсын судалгааны байгууллагууд анхааруулж байна. Мөн зэсийн үнэ сүүлийн нэг сар тасралтгүй унажээ. Экспортыг дагаад эдийн засгийн идэвх буурах эрсдэлтэй байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)