Трамп ба бусад

Дэлхийн хамгийн том эдийн засаг, 328 сая хүн амтай АНУ-д сонгуулийн жил үргэлжилж байна. Ирэх арваннэгдүгээр сарын 3-ны мягмар гаригт нэгдсэн улсын дараагийн Ерөнхийлөгчийг сонгоно.

Бүгд найрамдах намын Доналд Трамп улиран сонгогдох уу, эсвэл Ардчилсан намын нэр дэвшигч үү.

Трамп энэ сонгуульд өрсөлдөнө гэдгээ аль эрт 2017 онд мэдэгдчихсэн. Харин Ардчилсан намын хувьд жил гаруйн өмнө хорь гаруй горилогчтой эхэлсэн марафонд 11 нэр дэвшигч үлджээ. Асар том улсын улс төрд танигдаж, үндэсний хэмжээнд сонгогчдын дэмжлэгийг татаж, хандив цуглуулна гэдэг тун амаргүй. Ирэх зун болох Ардчилсан намын их хурал хүртэл арван хүний нэр дахиад хасагдана. Америкийн улс төрд Трамп ба бусдын хооронд ширүүн тэмцэл өрнөж байна. Сонгуулийн жил учраас улстөрчдийн амнаас унаж буй үг ч ширүүн болжээ. АНУ-ын Сенат Доналд Трампыг гэм буруугүй гэдэг шийдвэр гаргасны дараа Цагаан ордны Тэргүүн олон нийтэд мэдэгдэл хийв. Гурван жил гаруйн турш миний болон Засгийн газрын эсрэг шулмын ан үргэлжилж байна. Бид бохир, авлигач, худалч, ховч этгээдүүдийн дайралтыг бут цохисон гэж Трамп хэлжээ.

Бусад

2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Хиллари Клинтон дуулиантайгаар ялагдсаны дараа Америкийн улс төр, Ардчилсан нам дахь Клинтоны гэр бүлийн ноёрхол дуусгавар боллоо гэж бичиж байв. Үнэндээ сонгуульд давхар цохилт хүлээсэн Ардчилсан намд хүчтэй лидер үгүйлэгдэв. Гэвч сонгуулиас хойших дөрвөн жилд намын удирдлагын түвшинд Доналд Трампыг ялж чадахаар хүчтэй улстөрч тодорсонгүй. Ямар сайндаа намын идэвхтэн, дэмжигчдийн дунд явуулсан санал асуулгад оролцогчдын нэлээд хэсэг нь сунгаанд оролцож буй нэр дэвшигчдэд сэтгэл дундуур гэдгээ илэрхийлж байхав дээ. Индиана мужийн Саутбэнд хотын дарга асан 38 настай Пит Буттижажийг Америкийн хэвлэлүүдийн тоймч нар поп дуучин Бритни Спийрсээс ч залуу учир их улс төрд туршлага дутна гэж дүгнэснээс үзэхэд хэвлэлүүд ч Ардчилсан намын өрсөлдөөнд сэтгэл дундуур байгаа бололтой. Ардчилсан намыг ээлжлэн хошуучилсан Берни Сандерс, Элизабет Уоррен нар зүүний үзлийг сурталчилж, тэрбумтнуудтай дайтах тухай ярьж яваа бол дэд ерөнхийлөгч асан Жой Байден Украины асуудалд хавчуулагдаж, нэр хүнд нь уначихлаа. Өнгөрсөн зун 30 гаруй хувиар хошуучилж явсан хашир улстөрчийн хувьд энэ нь бараг сэхэх аргагүй уналт гэмээр. Дээр нь Трамптай өрсөлдөх магадлалтай улстөрчдийн нас сүүдэр 80 дөхөж явна.

Энэ долоо хоногт Айова мужид Ардчилсан нам болон Бүгд найрамдах намын дэмжигч гишүүдийн уулзалт, нэр дэвшигчийг тодруулах санал хураалт болов. Доналд Трамп намынхаа гишүүдийн 97.2 хувийн дэмжлэгийг авчээ.

Дөрвөн жилийн өмнө зөв харж инээн, буруу харж уйлан Трампыг дэмжсэн Бүгд найрамдах намын удирдлагууд ч түүний ар талд бат зогсжээ. Трампыг Конгрессын нэгдсэн чуулганд үг хэлэх үеэр Бүгд найрамдах намын гишүүд дахиад дөрвөн жил, дахиад дөрвөн жил гэж хашхирч байна лээ. Трамп яах аргагүй ялжээ.

Харин Ардчилсан намын сунгаа бөөн будлианаар эхлэв. 1700 гаруй хэсэгт зохион байгуулсан санал хураалтын үр дүнг гар утасны аппликэйшн ашиглаж, төв рүүгээ мэдээлдэг юм санж. Гэтэл өнөөх нь эвдрээд саналын хуудсыг тулгаж нягтлах гэж хэдэн өдөр болов.

Сүүлд нийтэлсэн мэдээллээр бол Пит Буттижаж, Берни Сандерс нар 26, Элизабет Уоррен 18, Жой Байден 15, Эми Клобушар 12 хувийн санал авчээ. Жой Байден сунгааг тун тааруу эхэлсэн ч гэсэн тэмцлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн. Мэдээж ганц Айова мужийн санал хураалт өрсөлдөөний өнгийг тодорхойлохгүй л дээ. Өөрийгөө ижил хүйстэн гэдгийг олон нийтэд ил зарласан Пит Буттижажийг ВВС телевизийн тоймч АНУ-ын хамгийн залуу, ижил хүйстэн Ерөнхийлөгч болох боломжтой гэж тодорхойлсон байна лээ. Дараагийн сунгаа хоёрдугаар сарын 11-нд Нью Хэмпшэрт болно.

Трамп буруугүй

Есдүгээр сараас эхэлсэн импичмент хэмээх улс төрийн үйл явдал дуусгавар боллоо. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд хяналтаа тогтоосон Ардчилсан нам Ерөнхийлөгч Доналд Трампыг Украин улсад үзүүлэх 391 сая ам.долларын тусламжийг улс төрийн ашиг хонжоо олох зорилгоор ашигласан гэж сэжиглэн мөрдлөг явуулав. Улмаар арванхоёрдугаар сарын дундуур Төлөөлөгчдийн танхим Доналд Трампыг эрх мэдлээ урвуулан ашигласан, Конгрессын үйл ажиллагаанд саад учруулсан гэдэг хоёр үндэслэлээр буруутгаж, АНУ-ын Сенатын 100 гишүүн түүнийг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Америкчууд Ираны хувьсгалт Гвардын нөлөө бүхий генерал Касем Солейманийг устгаж, Иран хариуд нь Ирак дахь хоёр цэргийн бааз руу пуужин харваж, анхаарлыг өөр тийш чиглүүлснийг эс тооцвол Сенатын шүүх хурал анхаарал татахаар үйл явдал болсонгүй. Онолын хувьд Трампыг огцруулах боломжтой ч Бүгд найрамдах нам Сенатад 53 суудалтай учраас Цагаан ордны Тэргүүн ажилдаа үлдэх нь тодорхой байлаа. 67 гишүүний саналаар Трампыг огцруулах учраас Ардчилсан намын болон бие даагч сенаторууд нэгдсэн ч дахиад хорин санал хэрэгтэй байсан. Трамп импичмент, шүүх хурал нь ёстой утгагүй үйл явц гэж дүгнэсэн. Үнэндээ шүүх хуралд яллагч талаар оролцсон Ардчилсан нам 28000 хуудас тайлангаа танилцуулах гэж гурван өдөр зарцуулсан. Хуралдаан хэт сунжирсны улмаас уйдаж, залхсан сенаторууд гар утсаараа тоглоом тоглож, суудлаасаа босч чуулганы танхимд сэлгүүцсэн тухай хэвлэлүүд бичиж байлаа. Харин Трампын хуульч нар шүүх хуралдааны дэгийн дагуу олгосон 24 цагийнхаа тэн хагасыг ашиглан Ерөнхийлөгчийг гэм буруугүй болохыг батлах үндэслэлээ танилцуулжээ. Хэрвээ шүүх хуралдаанд АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтоныг гэрчээр дуудаж, шинэ нотлох баримт танилцуулахыг Бүгд найрамдах намын сенаторууд зөвшөөрсөн бол хурал дахиад сунжрахаар байлаа. Улмаар өнгөрсөн лхагва гаригт АНУ-ын Сенатын 100 гишүүн санал хураалтад оролцож, хоёр үндэслэлээр буруутгаад байсан Ерөнхийлөгч Доналд Трампыг гэм буруугүй гэж үзэв. Бүгд найрамдахчуудаас эсрэг санал өгсөн ганц сенатор нь Мормон шашинт Митт Ромни байлаа.

Ийнхүү Ерөнхийлөгч Доналд Трамп цагаадаж, Ардчилсан намын удирдлагууд түүнээс дахин өө хайхаас өөр аргагүй болов. Трамп үүнийг дундад зууны харанхуй бүдүүлэг үед гэм зэмгүй эмэгтэйчүүдийг чөтгөр шулам хэмээн сэрдэж, түүдэг галд шатаадаг байсантай зүйрлэсэн юм. Үнэндээ Америкийн улс төрийн тулаан үзүүштэй л дээ. Трамп Конгрессын нэгдсэн чуулганд нэг цаг гаруй үг хэлж, Засгийн газрынхаа амжилтыг олон нийтэд танилцуулав. Хуралдааны эхэнд Трамп Төлөөлөгчдийн танхимын дарга, Ардчилсан намын хамгийн том хүн болох Нэнси Пелоситой гар барихаас татгалзав. Пелоси хариуд нь Трампын илтгэлийн цаасан дээр буулгасан хуулбарыг урж харагдана лээ. Сонгууль хүртэлх есөн сарын хугацаанд үүнээс ч олон үзэгдлийг харах биз ээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)