Байгууллагуудыг ажлын цагаа богиносгож, гэрээс ажиллах боломжоор хангахыг уриалав

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлаас коронавирусийн халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох газруудаас гарсан шийдвэрийг үндэслэн 0-12 насны хүүхэдтэй ажилтан, албан хаагчдыг гуравдугаар сарын 2-ныг хүртэл богиносгосон цагаар буюу 09:00-15:30 цагийн хооронд ажиллуулах шийдвэр гаргажээ. Үүнд тус холбооны Ерөнхий зөвлөлийн ажлын албаны ажилтнууд, харьяа газрууд, гишүүн байгууллагууд хамаарах юм байна.

Мөн Улсын Онцгой комиссоос хэсэгчлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан уг арга хэмжээг илүү өргөн хүрээнд зохион байгуулах, зарим алба, хэлтсийн ажилчдыг гэрээр ажиллах боломжоор хангах, ажлын уялдаа холбоог сайжруулах болон хөдөлмөрлөх эрхтэй холбоотой санал, гомдол хүлээн авах жижүүрийн шуурхай утас ажиллуулах шийдвэр гаргасан байна.

Иймд коронавирусийн нөлөөгөөр үүссэн нөхцөл байдалтай уялдуулан нийт албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг ч ийнхүү тодорхой зохицуулалт, арга хэмжээ авахыг уриалжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)