ЯЛАЛТ-75: Монголчууд Улаан армид хэрхэн туслав

Монгол улс нь Гитлерийн Германтай тэмцэхэд Зөвлөлтөд туслахаа илэрхийлсэн анхны орон болсон юм. Монголын сайн дурынхан Улаан армийн бүрэлдэхүүнд байлдаж, Монголын тусламжийн барааны хэмжээ нь Америкийн ленд-лизийн хэмжээтэй эн зэрэгцэхүйц байлаа гэж russian7.ru сайтын материалд өгүүлжээ.

Анхны холбоотнууд

Гитлерийн Германтай тэмцэхэд ЗХУ-ын анхны холбоотон нь Их Британи эсвэл АНУ биш Тува, Монгол хоёр байв.

1941 оны зургадугаар сарын 22-нд МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Улсын бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болон ЗХУ-д бүхий л хүчин чадлаараа туслахаар шийдсэн байна.  Монголын ард түмэн ч тэр шийдвэрийг дэмжиж улс орон даяар нь хурал цуглаан болжээ. Монголчууд Аугаа эх орны дайныг өөрийнх шигээ хүлээн авсан ба тэдний нийтийн ялалтад оруулсан  хувь нэмэр нь үнэлэхийн аргагүй их юм.

Таван агтны нэг нь Монголынх

Монгол морьд арчилгаа багатай, тэсвэр  хатуужилтай. Тэд дайны фронтуудад солигдошгүй нөөц байлаа. Агт морьдын нөөц нэг үгээр тоо толгойгоор Монголоос гадна АНУ тэр үед дээгүүр орж байжээ. Америкийн хувийн өмчтөнүүдээс худалдан авах хөрөнгө Зөвлөлтөд хүрэлцээгүй биелэшгүй зүйл байлаа. Ингээд л Монгол нь Улаан армийн агт морьдын гол нийлүүлэгч болжээ.

Өнөөдөр дайны тухай ярихдаа агтны тухай бага дурсах болсон. Тэгвэл морьд Улаан армийн гол зүтгүүр хүчин байлаа.

Дайны эхний жилд Зөвлөлт морьдынхоо бараг тал хувийг алдсан байлаа.1941 оны  зургадугаар сард Улаан армийн мэдэлд 17.5 сая морь байснаа есдүгээр сар гэхэд унага даага оруулаад ч есхөн сая адуу үлдсэн байлаа.

Монголоос агт морьд  нийлүүлэх  ажиллагаа  дайны эхнээс эхэлсэн бөгөөд 1942 оны гуравдугаар сараас системтэй бэлтгэл ажил болжээ. Ийнхүү 500 мянган монгол морь Аугаа  эх орны дайны фронтод тулалджээ. Генерал Исса Плиев: «…арчилгаа нэг их шаардахгүй монгол морьд Зөвлөлтийн танктай зэрэгцээд Берлин хүрсэн юм” хэмээн бичсэн байдаг.

Хожим гаргасан тооцоогоор Улаан армийн таван адууны нэг нь монгол морь байв.  Монголчууд зөвхөн агт морьдоор биш Улаан армид техникээр тусалжээ.1942 оны нэгдүгээр сарын 16-нд танкийн цуваа байгуулахаар хөрөнгө цуглуулж эхэлсэн байна.

Монголчууд банкинд байгаа бүгдээ л тушаасан билээ. Монголоос Зөвлөлтийн Гадаад худалдааны банкинд 2.5 сая төгрөг, 100 мянган ам.доллар, 300 кг алт тушаасан байна. Энэ хөрөнгөөр 32 ширхэг Т-34, 21 ширхэг Т-70 танкуудыг авчээ.

Бүтээн бий болгосон танкийн цувааг “Хувьсгалт Монгол” гэж нэрлэсэн ба эхний хэсгээс нь Улаан Армийн анги нэгтгэлд дамжуулан гардуулахаар 1943 оны нэгдүгээр сарын 12-нд маршал Чойбалсан өөрөө очсон түүхтэй. Монгол танк бүр нь  "Большой хурал" (Их хурал), "От Совета министров МНР" (БНМАУ-ын Засгийн газраас), "От ЦК МНРП"  (МАХН-ын ТХ-ноос), "Сухэ-Батор" (Сүхбаатар), "Маршал Чойбалсан", "Хатан баатар Магсаржав", "Монголын чекист", "Монгол ард", "От интеллигенции МНР" (БНМАУ-ын сэхээтнүүдээс), "От советских граждан в МНР" (БНМАУ-д суугаа Зөвлөлтийн иргэдээс), "От Малого Хурала" (Улсын бага хурлаас) гэх мэтийн нэртэй байлаа. Мөн түүнчлэн нисэх хүчний дутагдлаа нөхөхөд нь Монгол Улаан армид тусласан юм. “Монгол ард” эскадриль байгуулах зорилгоор Монголд мөнгө цуглуулж эхэлжээ. 1943 оны долдугаар сар гэхэд хоёр сая төгрөг цугларсан байлаа.

Наймдугаар сарын 18-нд Иосиф Сталин хувиасаа БНМАУ-ын удирдлагад эскадриль бий болгоход  тусламж үзүүлсэнд нь талархал илэрхийлэв.

“БНМАУ-ын Ерөнхий сайд маршал Чойбалсанд. Гитлерийн булаан эзлэгчидтэй баатарлаг тэмцэл явуулж байгаа Улаан  Армид зориулан “Монгольский арат” гэсэн байлдааны нисэх онгоцны эскадрилийг бий болгоход зориулан хоёр сая төгрөг цуглуулсанд нь Зөвлөлтийн засгийн газар болон хувиасаа Танд мөн түүнчлэн Монголын ард түмэнд үнэн сэтгэлийн талархал илэрхийлье. “Монгольский арат” байлдааны онгоцнуудын эскадрилийг бүтээх гэсэн Монголын ард түмний хүслийг биелүүлэх болно”.

Тусламжийн цуваа

Монголчууд Улаан армид хүнс, хувцас, ноосоор тусласан юм. 1941 оны  аравдугаар сард Монголоос тусламжийн анхны цувааг Улаан армид илгээжээ. Тэр цуваа нь 15 000 мянган өвлийн хувцасны цуглуулга, нийт 1.8 сая төгрөгний үнэтэй 3000 хувийн илгээлтээс бүрэлдсэн байлаа. Мөн Зөвлөлтийн Төрийн банкинд урсгал зардал зориулах 587 мянган төгрөгийг шилжүүлжээ.

Фронтод бэлэг хүргэлцсэн Цэгмэд 19 настайдаа улсын аварга саалчин болж одон тэмдгээр шагнагдаж байсан ч түүнийг “Фронт” нэр нь алдаршуулжээ.

Дайны эхний гурван жилд Монголоос тусламжийн найман цувааг фронтод илгээсэн байв. "Эскадрилья Монгольский арат" гэсэн нэрээр 1971 онд хэвлэгдсэн номонд 1942 оны арваннэгдүгээр сард фронтод илгээгдсэн нэг цуваанд юу багтсныг өгүүлжээ. Үүнд:  нэхий дээл — 30 115 ш.; эсгий гутал — 30 500 хос; нэхий бээлий — 31 257 хос; нэхий хантааз — 31 090 ш; цэргийн суран бүс — 33 300 ш; ноосон цамц — 2 290 ш; нэхий бүтээлэг — 2 011 ш; жимсний чанамал — 12 954 кг; зээрийн гулдмай мах — 26 758 ш; мах — 316 000 кг; хувь хүний илгээмж — 22 176 ш; хиам — 84 800 кг; цөцгий тос — 92 000 кг багтжээ.

Монголчуудын цуглуулсан тусламж нь нийлүүлэлтийн хэмжээгээр ленд-лизийн хавьд дөхөн очсон нь монголчууд ямар их сэтгэл гаргасныг гэрчилнэ. 1944 оны өвөл БНМАУ-д өлсгөлөн эхэлж байжээ.

Сайн дурынхан

Аугаа эх орны дайнд хичнээн тооны монгол сайн дурын цэргээр оролцсон нь яг тогтоогдоогүй. Оросын түүхчид зүүн фронтод 500 хүртэл Монголын сайн дурынхан  ( тэр үед цэргийн сургуульд сурч байгаад нөхцөл байдлаас үүдэн дайнд оролцогсод, мөн Сибирийн  хорих лагерьт байсан монголчууд) дайнд оролцсон гэдэг. Тэд морин цэрэг, саперын ангиудад алба хаажээ. Монголчууд сайн анчид байсан учир мэргэн буучаар тулалджээ.

Дайны жилүүдэд сургагдаж, хүчин чадал нь нэмэгдсэн Монголын арми  Квантуны армийн эсрэг  хүчтэй  хаалт хамгаалалт болж байлаа. Найрамдалт Монголын  зэвсэгт хүчний буянаар Зөвлөлт холбоот улс Алс Дорнодоос хэд хэдэн дивизыг Зүүн фронт руу илгээж чадсан юм.

Дэлхийн хоёрдугаар дайн Европт дууссаны дараа 1945 оны наймдугаар сард болсон чөлөөлөх дайнд арван монгол хүний нэг нь оролцжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Ямар тамтай юм бэ, хүнд юм өгчихөөд хойноос нь байнга сагсалзах муу зан шүү. Байнга л нэг ийм хөгийн бид яаж туслав гээд л орилолдох юм

    0 0 Хариу бичих
  2. 1 сая агт биш л дээ 500,000 агт морь бэлэглэх буюу худалдсан

    0 0 Хариу бичих