“Чингис хаан” музейн үзэл баримтлалыг батлав

Засгийн газар өнгөрсөн онд “Чингис хаан” музей байгуулах тогтоол гаргасан билээ. Үүний дагуу өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус музейн үзэл баримтлалыг баталсан байна.

Монголын хаад язгууртны түүхийг танин мэдүүлэх музейг байгуулах нь үндэсний үзлийг сэргээж, эв нэгдлийг бэхжүүлэх, хүүхэд, залуусыг эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх, бүс нутаг, олон улсад түүхээ үнэн зөвөөр таниулах боломж, хөшүүрэг гэж үзэл баримтлалд онцолжээ. Түүнчлэн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар жуулчдын тоог нэмэгдүүлэх, олон улсын өндөр төвшний үзэсгэлэнгүүдийг Монгол Улсад зохион байгуулах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж.

“Чингис хаан” музей нь Монголын анхны төрт улс Хүннү эзэнт улсаас эхлэн монголчуудын төрт ёсны голомт ХХ зуунд дахин сэргэх хүртэлх цаг үеийн түүхийг  хамрах юм. Тодруулбал Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, Кидан, Хамаг Монгол, Их Монгол Улсын хаад язгууртныг гол мөхлөг болгон авахын зэрэгцээ Манж Чин улсын үед тэмцэж явсан эрэлхэг баатрууд, ХХ зууны эхэнд Монголын тусгаар тогтнолыг сэргээсэн Чингис хааны угсааны ноёд, язгууртны түүхийг харуулсан танхимуудтай байх гэнэ.

Уг музей нь ашгийн төлөө бус соёл, боловсрол, шинжлэх ухааны байгууллага байх бөгөөд үндсэн үйл ажиллагаа нь сан хөмрөгийн цуглуулга, үзүүллэг үйлчилгээ, Чингис хаан судлалд үндэслэнэ гэж музейн үзэл баримтлалд дурдсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Бурхан Халдуны орой дээрх бол Их хориг гэх мэт Монголын их хаадын булш байгаа нь тодорхой цэгүүдэд Япон, Герман гэх мэт шилдэг улсуудын археологчидтай хамтран малталт явуулах цаг нь болсон шүү. Нээх их дундад зууны сэтгэлгээгээр эцэг өвгөдийнхөө булшийг малтаж болохгүй гэх хуучны сэтгэлгээгээ хаях хэрэгтэй. 100 хүртэл жилийн өмнө нас барсан хүний ясыг өндөлзүүлэх бол дэмий. Харин 1600-аад оноос урагшаа бол асуудал өөр. Ингэж байж л, их хаадынхаа булшийг шинжлэх ухаанчаар малтан тэндээс л Их Монгол улсын бодит эд өлгийн зүйлсийг гарган ирж байж, араг ясаар нь 3D царайг нь гарган ирж лааны тосоор урлаж байж бид өөрснийгөө ямар явсныг мэдэх ганцхан гарц л бий. Ингэвэл ёстой дэлхийд байхгүй мундаг музэйтэй болох юм. Монгол улсын 800 жилийн дараахь сэргэн мандалт ингэж л эхэлнэ.

    0 0 Хариу бичих
  2. Японтой хамтран хамгийн орчин үеийн технологийг ашиглан байгуулаасай. Япон л туслана даа

    0 0 Хариу бичих